-Нийслэл хотын албан татварын хуулийг энэ долоо хоногоос хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс NEWS агентлаг "ХОТЫН ТАТВАР"-ын асуудлыг энэ долоо хоногт онцолж байна.
Аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, ирэх долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн нийслэл хотын есөн дүүрэгт амралтын газар, зочид буудал, уушийн болон зоогийн газраар үйлчлүүлсэн, согтууруулах ундаа, тамхи худалдан авсан тохиолдолд иргэд 0.5-1 хувийн татвар төлдөг болох гэж байна.
Нийслэлийн татварыг НӨАТ-ын өмнөх үнээс тооцож, бараа үйлчилгээний үнэ дээр нэмж төлнө гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа мэдэгдэж байгаа.
Маргааш буюу мягмар гаригт хуралдах Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар нийслэл хотын албан татварын хэмжээ 0.5 хувь байх уу, эсвэл нэг хувь байх уу гэдгийг эцэслэн шийдэх юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс татварын хэмжээг нэг хувь байх санал гаргаад байна. Хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд сар бүрийн 10-ны дотор татвараа төлж, улиралд нэг удаа тайлангаа тавих юм. Хуулийн хүрээнд 8500 орчим аж ахуйн нэгж хамрагдаж, нийслэлийн төсөвт 13 тэрбум гаруй төгрөг төвлөрөхөөр байгаа ажээ.
ИЛҮҮ ХЭРЭГЦЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТВАР АВНА
УИХ-аар шинээр баталсан нийслэлийн Албан татварын хуулиар бараа худалдан борлуулалтын орлого, үйлчилгээ үзүүлсний орлогоос 0-1 хувийн татвар авахаар заажээ. Гэхдээ бараа борлуулсны татварыг авахдаа архи, тамхи гэсэн өдөр тутмын хэрэглээний бус илүү хэрэгцээнээс нэг хүртэлх хувийн татвар авах юм. Үйлчилгээн дээр тодруулахад ресторан, баар, амралтын газар, зочид буудлаас татвар авах нөхцөлтэй байгаа. Харин дэн буудал, цайны газар гэсэн өдөр тутмын үйлчилгээ үзүүлдэг газраас татвар авахгүй.
Нийслэлийн Албан татварын хуульд бараа худалдан борлуулалтын орлого, үйлчилгээ үзүүлсний орлогоос 0-1 хувийн татвар авахаар заасан байгаа.
Нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаагийн өгсөн мэдээллийг энд хүргэе. Тэрбээр хэлэхдээ "2003 оноос хойш хотын татварын асуудал яригдсан. Улаанбаатар хотын зүгээс 3-4 удаа хотыг татвартай болгох асуудлыг Засгийн газрын түвшинд оруулж, тавьж байлаа. Өмнө нь ямар нэгэн шалтгаан, тайлбартайгаар уг асуудал буцаагддаг байсан бол өнгөрсөн 2013 оноос хотын зүгээс тавьсан татвартай болох хуулийн төслийн хэлбэр, дүрст хэд хэдэн өөрчлөлт орж байж, өнгөрсөн зургадугаар сарын 19-нд батлагдлаа. Анх бид хуулийн төслийг боловсруулахдаа Улаанбаатар хотод явагдаж буй бүх худалдаа үйлчилгээний борлуулалтаас татвар авъя гэсэн саналтай байсан" гэлээ.
Хэрэв дээрх саналаар хотын албан татварын хууль батлагдсан бол жилд 200 орчим тэрбум төгрөгийг татвараас бүрдүүлэх боломж байсан гэж нийслэл үзжээ.
ХОТЫН АЛБАН ТАТВАРААС 13.2 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОНО
Нийтдээ 13.2 тэрбум төгрөгийн орлогыг нэг жилд хотын татвараас олох боломжтой гэсэн ерөнхий тооцооллыг нийслэлээс хийжээ.
Цаашид хуулинд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын тоо нэмэгдвэл дээрх мөнгөн дүн нэмэгдэх боломжтой. Хуулийн дагуу олсон орлогыг Хотын албан татварын тухай хуулийг дагаж УИХ-аас давхар батлагдсан тогтоолын дагуу Улаанбаатар хотод зохиогдох олон улсын үзэсгэлэн, яармаг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах юм байна. Товчхондоо бол хотын татвараас олсон тусгай мөнгийг Улаанбаатар хотын хөгжилд зориулахаар төлөвлөжээ. Мэдээж үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, зам талбай тохижуулах зэрэг ажлууд багтана.
АРХИ, ТАМХИНЫ ХУДАЛДААНААС 11 ОРЧИМ ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛНО
Одоогоор Улаанбаатар хотод 5600 орчим аж ахуй нэгж татвар төлөх үүрэг хүлээхээр байгаа. Тэдгээрээс архи, тамхины худалдаа борлуулалтаас 11 орчим тэрбум, зочид буудал, ресторан, баар эрхлэх үйлчилгээнээс хоёр тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж хууль хэрэгжүүлэх байгууллага тооцоолж байна.
Хотын албан татварын хууль хэрэгжүүлэхэд зориулж 400 орчим сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.
Үүний дийлэнх нь судалгааны ажилд зориулагдсан тухай нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа тайлбарлаж байна. Тэрбээр энэ талаар "Татварын хуулийг хэрэгжүүлж, нутагшуулах автомат программ боловсруулахад дээрх мөнгө зарцуулагдаж байгаа" гэдгийг онцлоод, "Улаанбаатар хот албан татвартай боллоо гэдэгт иргэд эсэргүүцэл илэрхийлэхгүй байх. Энэ бол ирээдүйгээ бодсон том шийдвэр гэж харах хэрэгтэй" гэсэн юм.
Д.УЛАМБАЯР