Монголын сагсчид Тайванийн шигшээд хожигдов

Хуучирсан мэдээ: 2011.06.12-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид Тайванийн шигшээд хожигдов

Зүүн Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор хилийн дээс алхсан Монголын сагсан бөмбөгчид өчигдөр тэмцээний эхний тоглолтоо хийж, ялагдлаа. FIBA-гийн дэлхийн чансаанд 83 дугаар байрт эрэмбэлэгдээд бууй Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг БНХАУ-ын Нанжин хотноо үргэлжилж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний В хэсэгт Тайвань болон Японы багтай сугалаа таараад буй. Тэмцээн энэ сарын 10-15-нд үргэлжлэх бөгөөд Монголын сагсчид эхний тоглолтоо өчигдөр Тайванийн багтай хийж, 85:71 (25-30, 18-16, 18-11, 24-14) харьцаатай хожигдсон байна. Баасан гаригт Японы шигшээг 75:74 харьцаатай буулган авсан Тайванийн баг ийнхүү хэсгээ тэргүүлэх нь тодорхой болж, есдүгээр сарын 15-25-нд Хятадын Үхан хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байна. Харин Монголын шигшээ баг өнөөдөр Японы багтай тоглоно. Хэдийгээр хүнд даваа боловч Японы багийг хожвол Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Сонирхуулахад, тэмцээний А хэсэгт Хятад, Өмнөд Солонгос болон Хонконгийн баг өрсөлдөж буй.

Баг тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, дасгалжуулагч Ж.Майбаяр нарын удирдлага дор оролцож байна. Харин багийн ахлагчаар ОУХМ Ш.Сэдбазар оролцож байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж