“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Камертон” хамтлагийнхны хувьд “Мартагдашгүй” тоглолтын бэлтгэлдээ гарсан байх. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
– Монгол Улсад поп урлагийг хөгжүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулсан таван хамтлаг тоглолтоо хийх гэж байна. Анх уран бүтээлээ туурвисан цагаас өнөөдрийг хүртэл үзэгч, сонсогчидтойгоо хамт байгаа эдгээр хамтлаг нэгдэн тоглолтоо хийвэл үзэгчдэд сюрприз болох болов уу гэж бодсон. Анх тоглолтын зохион байгуулагчийн зүгээс “Бүх цаг үед эдгээр хамтлагтай хамт байсан үзэгч, сонсогчидтойгоо нэг үдшийг мартагдахгүйгээр өнгөрөөе. Тиймээс таван хамтлаг нэгдэн тоглолтоо хийе” гэх саналыг бидэнд тавьсан. Мэдээж бид нааштайгаар хүлээж авалгүй яах вэ. Тиймээс “Камертон”-чуудын хувьд энэ тоглолтонд оролцох гэж байгаадаа маш их баяртай байна.
-“Мартагдашгүй” тоглолтод оролцох нь “Камертон” хамтлагийнхны зүгээс үзэгчиддээ барьж буй том бэлэг байх. Үүнээс гадна хамтлагийнхан шинэ уран бүтээлээ үзэгчдэд хэзээ хүргэх гэж байна вэ. Багагүй хугацаанд хувийн бизнесээ хөөсний эцэст “Давхар цохилт” киноны дуугаар үзэгчидтэйгээ уулзсан. Үүнээс хойш дахиад нам жим болчихов уу даа?
-“Камертон” хамтлаг маань 20 жил болж байна. Тиймээс 20 жилийн ойн тоглолт хийх талаар мэдээж ярьж л байна. Мөн чимээгүй байсан хугацаандаа гурван ч дуу хийсэн.
-Хэзээ олон нийтэд цацах гэж байна вэ?
-Одоогоор мастер, миксийн шатандаа явж байна. Дараа нь клипжүүлнэ. Ингээд л сонсогчиддоо хүргэх бодолтой байна. Гэхдээ клип хийлгэх студиэ сонгоогүй. Студиэ тодорхой болгочихвол клипний зохиол гарна, тодорхой хугацаанд зураг авалтаа хийнэ. Багагүй хугацаа орох байх. Гэхдээ энэ ондоо багтаад “Камертон” хамтлаг шинэ уран бүтээлээ сонсогч, үзэгчиддээ хүргэх болов уу.
-“Камертон”-ы дөрвийн хувьд тус тусдаа бизнес эрхэлдэг болсон. Дуучин Д.Болдын хувьд продакшн байгуулан ажиллаж байгааг үзэгчид мэдэх байх. Харин нөгөө гурав нь ямар бизнес эрхлээд, юу хийгээд яваад байна вэ?
-Эбаг маань хүмүүс сайн мэдэх байх. Монгол Улсын гавьяат тариаланч болох нь холгүй яваа шүү дээ. Цаашид ч гэсэн энэ үйл хэргээрээ залуусыг манлайлан, амжилттай ажиллахыг Эбадаа энэ дашрамд хүсмээр байна. Харин миний хувьд телевизийн урлагт хүчин зүтгэж байна. Одоогоор “Эко” телевизэд ажиллаж байгаа. Дээрээс нь “Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгээ сэргээн “С1” телевизтэй хамтран хийж эхэлсэн. Энэ мэтчилэн цаашид ч ажил маань өргөжин тэлэх байх. Мээдээгийн хувьд юм юмыг л амжуулж яваа. Хааяа юу хийгээд яваад байгааг нь би өөрөө ч ойлгодоггүй. Нэг мэдэхэд “Universe best songs” наадмын шүүгч хийж байдаг. Эсвэл байшин бариад явж байна. Дараа нь төмөр зам бариад явж байвал гайхах юмгүй л байх.
-Цаашид “Камертон”-чуудын хувьд ийнхүү бизнесийнхээ хажуугаар л ганц нэг дуу хийгээд яваад байх уу. Уран бүтээлдээ албан ёсоор орохгүй юм уу?
-Ам нээвэл уушги нээ гэдэг байх аа. Бидний хувьд бодож, төлөвлөсөн зүйл бий л дээ. Өнөөдөр бид дан ганц урлагаараа, дуугаараа явбал амьдралаа тэжээж чадахгүй. Нэг нь дөрвөн хүүхэдтэй боллоо гэж бодъё. Гэтэл энэ дөрвөн хүүхдийг ганцхан уран бүтээлээр тэжээж чадахгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Жишээ нь цэцэрлэгийн нэг сар нь ямар үнэтэй билээ. Сургуулийн төлбөр, хувцас, эд зүйлсийг дуугаар хангаж, тэжээж чадах уу. Тиймээс тодорхой хугацаанд дөрвүүлээ өөр өөрийн гэсэн бизнесээ эрхэлье. Тэгээд хувь хувийн бизнес нь амжилттай болж, хөл дээрээ тогтсоны дараа эргээд уран бүтээлдээ тууштай оръё гэж ярилцсан.
-Тэгвэл одоо хөл дээрээ зогсож чадсан уу?
-Одоо бол хөл дээрээ зогссон гэж үзэж байна. Тиймээс “Камертон” хамтлагийн хувьд цаашид дуулаад, уран бүтээлээ гаргаад явахад асуудалгүй болсон. Ер нь аливаа юмийг эхлүүлнэ гэдэг хэцүү. Өөрөө дотор нь орж, цэвэрлэгчээс захирал хүртэл хийхгүй бол бизнес хөл дээрээ зогсдоггүй. Тиймээс тодорхой хугацаанд хувь хувийн бизнесээ эрхэллээ. Одоо уран бүтээлдээ тууштай ороход асуудалгүй болсон.
-“Камертон” хамтлагийн хувьд тодорхой, тодорхой хугацаанд содон, өөр өөр төрлөөр уран бүтээлээ хийж, цомгоо гаргадаг. Энэ удаад стиль жанраа хүртэл өөрчилж, үзэгчдийг алмайруулах юм биш биз?
-Цаг хугацаа хэдий өнгөрлөө ч гэсэн бидний стиль, имиж, өнгө төрх “Камертон” хамтлагаасаа гажихгүй. Шинэ содон уран бүтээл хийлээ гээд үсээ урт ургуулаад, альтернатив стильтэй болохгүй. “Камертон” хамтлагийн хувьд үхэн үхтлээ “Boy” стилиэ хадгалж явна гэж боддог. Хамгийн харамсалтай нь гишүүд маань гурав, хоёр, нэг болчихвий дээ. Түүнээс л айж явдаг. Хүн гэдэг мөнх биш шүү дээ. Ямар ч байсан сонсогчид, үзэгчид маань тэр болтол бидэнтэй хамт байх болов уу гэж найддаг.
-Тэгвэл “Камертон”-чууд 50 нас, магадгүй 60 насандаа хайрын дуугаа дуулж, “Boy” стилиэ хадгалсаар л байх уу?
-Хайр бол мөнхийн сэдэв. Тиймээс хайрыг дуулсаар байх болно. Цаашлаад үр хүүхэд, хань ижил, уул ус, байгаль дэлхийгээ хайрлая, залуусыг хөгжил дэвшил рүү уруу татна. Мөн шинээр гарч ирсэн хамтлагууддаа зөвлөх хийнэ. Бидний нас явсан ч гэсэн хийх ажил их байна. Одоогийн байдлаар “Бид4” хамтлагийнхандаа зөвлөх хийж байна. “Бид4” хамтлагийнхан маань цаашлаад дараа дараагийн хамтлагууддаа зөвлөх хийгээд, “Камертон”-ы үргэлжлэл оршсоор л байх болно.
-Тэр ерөөл бат оршиг ээ. Хоёулаа ярилцлагаа гэгээлэг сайхан яриагаар төгсгөе. Таны хувьд саяхан шинэ хүнээ өлгийдөн авсан. Баяр хүргэе?
-Баярлалаа. Миний эхнэр зургадугаар сарын 24-ний өдөр, “Камертон” хамтлагийн 20 жилийн ойн босгон дээр хүү төрүүлж өгсөн. Ийм билэгшээлтэй өдөр хүү төрүүлж өгсөн болохоор нэр сонгох гэж нэлээн юм болсон. “Камертон” хамтлагийн маань 20 жилийн ой дээр төрсөн учраас бид дөрөв нэрүүдээ будаанд хийж шигшсэн. Тэгсэн чинь хамтлагийн ахлагч Д.Болдын маань хийсэн нэр гарч ирсэн. Ингээд хүүдээ Гансүлд гэж нэр хайрласан. Ган-Эрдэнийн Гансүлд гэхээр их гоё сонсогдож байгаа биз дээ. Хүү маань одоо гурван сартай. Энэ дашрамд “Ньюс.мн” сайтаар дамжуулан “Хорвоод хосгүй хоёр сайхан нандин эрдэнийг надад хайрласан ханьдаа баярлалаа. Хайртай шүү” гэдгээ хэлмээр байна. Мөн “Камертон” хамтлагтай бүх цаг үед хамтдаа байсан үзэгч, сонсогчиддоо маш их баярлалаа. Та бүгдийнхээ итгэлийг алдахгүйгээр цаашид ч уран бүтээлээ толилуулсаар байх болно гэдгээ хэлмээр байна.
Б.ЗАЯА