Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн "Miss Mongolia" наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Ингээд 12 жилийн түүхтэй “Мисс Монголиа” тэмцээний он оны тэргүүн миссийг танилцуулж байна.
MISS MONGOLIA-2004
13 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан загвар өмсөгч, мисс Чадраабалын Содтуяа 17 настай байхдаа “Miss Mongolia-2004” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Фото мисс” өргөмжлөл хүртсэн юм.
MISS MONGOLIA-2005
“Miss mongolia”-2005 тэмцээний ялагч Б.Гантогоог Монголын хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. Солонгос улсад олон жил сурч, амьдарсан Б.Гантогоо хэмээх бүсгүй 2005 оны "Мисс Монголиа" тэмцээний тэргүүн шагналыг нилээн сүр дуулиантай гардсан. Тэрбээр ганцхан жилийн дотор олон улсын нэр хүндтэй хоёр ч тэмцээнээс шагнал гардсанаар олны хэл амнаас өөрийгөө холдуулж чадсан юм. Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээний дэд байр, Үндэсний шилдэг хувцас номинацийн эзэн, “Климинжаро” шагналт, “Miss International Japan-2005”-ын “Нөхөрсөг мисс” өргөмжлөл хүртсэн тэрбээр 2010 онд “Miss model of the world” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод гурван ч шагналын эзэн болсон. Тус тэмцээнээс “Энх тайван” шагналын эзэн болсон Б.Гантогоо дэлхийн шилдэг 10 моделийн нэгээр шалгарч, мөн л үндэсний шилдэг хувцастай монгол бүсгүйгээр тодорсон юм.
MISS MONGOLIA-2006
2006 оны Мисс Монголиа тэмцээний тэргүүн мисс Д.Болортуяа 2006 онд Япон улсад болсон “Miss International” тэмцээнд оролцсон. Түүнээс хойш сураг тасарч, нам гүмхэн амьдарч буй.
MISS MONGOLIA-2007
СУИС-ийн Кино драмын ангийн оюутан Б.Гэрэлчулуун 2007 оны “Мисс Монголиа”-гийн титмийн эзэн болсон. Тэрбээр “Miss International” тэмцээнд амжилттай оролцож, “Үндэсний шилдэг хувцастай мисс”-ийн шагналыг эх орондоо авч ирсэн.
MISS MONGOLIA-2008
2008 оны “Мисс Монголиа”-гийн титмийн эзнээр ямар бүсгүй тодорсныг мэдэх хүн цөөн байх. Тэр жил “21 дарь эх” шалгаруулж, шинэчилсэн байдлаар зохион байгуулсан. Энэ жилийн тэмцээнээс “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч О.Хулангоо хэмээх бүсгүй тэргүүн миссээр шалгарсан.
MISS MONGOLIA-2009
“Мисс Монголиа 2009” тэмцээний тэргүүн мисс Х.Бадамгэрэл “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллан, Монголын загварын ертөнцийн залуу халааг бэлтгэх үйлсэд шамдаж яваа. Түүнчлэн “Wonderful Fashion” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, олон улсын загварын шоунд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийд алдартай зарим тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулдаг аж.
MISS MONGOLIA-2010
“Хэцүү анги” киноны гол дүрийн даруухан ухаалаг охины дүрээр олонд танигдсан Бадамцэцэг 2010 оны Монголын миссээр шалгарч илүү олон хүнд танигдах болсон билээ. Тэрбээр “Хэцүү анги” киноны дараа “Валентины захидал” гэх мэт хэд хэдэн кинонд тоглож чамгүй сайн жүжигчин гэдгээ ч харуулаад амжсан юм.
MISS MONGOLIA-2011
Энэ тэмцээний тэргүүн мисс И.Төгсөө “Miss International” тэмцээнд оролцсон монгол бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөгөөд тэрбээр уг тэмцээний гуравдугаар байрын шагналыг эх орондоо авчирсан билээ. Түүнчлэн Тува улсад болсон “Төв Азийн мисс” тэмцээнээс “Үзэгчдийн таашаал хүртсэн мисс” өргөмжлөл хүртсэн юм.
MISS MONGOLIA-2012
Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 200 гаруй гоо бүсгүй оролцсоноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан Д.Долгион Монголын мисс болсон билээ. Тэрбээр Япон улсын Окинавад болсон “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцсон. Тэр өмнө нь “New Face” тэмцээнд түрүүлснээр загварын ертөнцөд хөл тавьж, улмаар “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж байжээ.
MISS MONGOLIA-2013
"Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч, Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон билээ. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдсөнөөс “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Ану амжилттай оролцож, 13 дугаар байрт шалгарсан юм. "Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Н.Ану нь “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа нэлээн амжилтуудыг гаргаад байгаа билээ.
MISS MONGOLIA-2014
"Miss Mongolia-2014" тэмцээний тэргүүн байранд Ю.Балжидмаа тодорсон. Тэрбээр 18-хан насандаа Монголын тэргүүн мисс өргөмжлөлийг хүртсэн билээ.
MISS MONGOLIA-2015
12 дахь жилдээ болж буй "Мисс Монголиа 2015" тэмцээн эдүгээ үргэлжилж, шилдгүүд тодорсон ч хараахан титмийн эзэн тодроогүй байна. Энэ жилийн тэргүүн мисс хэн байх бол…?
Эх сурвалж: www.mminfo.mn