Дэгээдүүлсэн цагаач Исламын дайчин байсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.25-нд нийтлэгдсэн

Дэгээдүүлсэн цагаач Исламын дайчин байсан уу?

Кадр: видео YouTube

 

Сирийн курдууд Унгарын сэтгүүлч эмэгтэйн дэгээдэж унагаасан дүрвэгч залууг “Жабхат ан-Нусра” бүлгийн дайчин байсан гэж үзсэн тухай “Ekurd Daily” сонин мэдээлжээ.

 

Сирийн курдуудын улс төрийн тэргүүн байгууллагуудын нэг болох “Ардчилсан холбоо” нам (PYD) албан ёсны мэдэгдэлдээ, “Сэтгүүлч эмэгтэй Петра Ласлод дэгээдүүлж унасан дасгалжуулагч Усама Абдул Мохсен нь үнэн хэрэгтээ “Аль-Каида” бүлэглэлд багтдаг “Жабхан ан-Нусра” хөдөлгөөний дайчин байсан” гэжээ. Үүний баталгаа болгон Абдул Мохсены фэйсбүүк хуудасны зургийг тавьсан байв. Тэрбээр фэйсбүүктээ “Жабхан ан-Нусра” бүлгийн дайчин гэдгээ бичиж, курдуудтай дайтаж байсан тухайгаа бичсэн байжээ.

 

Түүнчлэн “Ардчилсан холбоо” намын мэдээлснээр, 2004 онд Абдул Мохсен Сирийн Эль-Камышлы хотод болсон хөлбөмбөгийн тэмцээний дараа гарсан үймээнийг дарахад оролцжээ. Энэ үймээний 50 курд амиа алдсан байдаг ажээ.

 

Харин Мохсеныг хамгаалагчид энэ мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд Сирийн дүрвэгч Усама Абдул Мохсеныг төвийг сахисан Сирийн чөлөөт армийн дайчин гэж мэдэгдэж байна.

 

Эргэн сануулахад, “Аль-Фатва” хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч асан Мохсентай холбоотой дуулиан есдүгээр сарын 8-нд олны анхааралд өртсөн. Унгар-Сербийн хил дээр ирсэн олон мянган дүрвэгсдийн дунд 52 настай Мохсен байсан юм. Түүнийг хилээр дайрч нэвтэрсэн хэсэг хүмүүсийн дунд гүйж явахад нь нэгэн зураглаач эмэгтэй дэгээдэн унагаснаар асуудал хүчээ авчээ.

 

Дүрвэгсэд тэр үед түр орогнох байранд хашигдахгүй гэж зугтаж байсан юм. Зураглаач бүсгүй хүүхдээ тэврэн гүйж явсан Мохсеныг дэгээдэн унагаж буй зураг дэлхий даяар тарж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.

 

Энэ үйл явдлын дараа зураглаач Ласло ажлаасаа халагдсан бол Усама Абдул Мосхеныг Испанийн хөлбөмбөгийн “Хетафе” клуб урьж, ажиллуулах болсон билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж