Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүр болдог “Шийдлийн цаг” уулзалтын үеэр улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан тухай мэдээллийг Сангийн шинэхэн сайд Б.Болор танилцуулжээ. Сайд дарж хэлсэн үү, эсвэл статистикийнхан андуурав уу, энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн алдагдал 600 тэрбум биш бүр 734 тэрбумд хүрсэн гэх тоо бий. Энэ нь Монгол Улсын төсөв сар болгон 100 тэрбумын алдагдал үйлдвэрлэж байна аа гэсэн үг.
“Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсэн уриатай гарч ирсний хувьд Ч.Сайханбилэг эрдэс баялгаа эргэлтэд оруулахыг чухалчилсан уу гэвэл ТЭГСЭН. Үйлдвэрлэл хөгжөөгүй Монголын хувьд экспортын орлогын 80 хувийг бүрдүүлдэг эрдэс баялгаа зарж, мөнгөтэй болохоос өөр боломж үнэндээ байхгүй гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй юм. Манай улстөрчид сүүлийн үед махаа экспортод гаргаж, нэг тэрбум доллартай болно хэмээн сэрүүнээрээ зүүдлээд эхэлсэн байна билээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт мал аж ахуйн салбараас орж ирэхэд багагүй хугацаа шаардагдана. Хойд, урд хоёр хөршийн зүгээс Монголд ганцхан шаардлага тавьж байгаа. Тэр нь “Эрүүл малын мах авна аа” л гэсэн болзол. Иймээс экспортод махаа гаргахын тулд малаа эхлээд эрүүлжүүлэх хэрэгтэй. Энэ ажлыг хэрэгжүүлэх мөнгө Засгийн газарт даанч байхгүй. Байлаа гээд энэ бол нүүрсээ үнс болгоод зогсохгүй дээр нь малаа барна гэсэн үг. Мал барвал 160 мянган малчны амьдрал сүйрнэ шүү дээ.
УИХ-ын дэмжлэггүй, мөнгөгүй, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан гээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар тун хүнд нөхцөлд ажиллаж байна. Сү.Батболдын Засгийн үед дэлхийн зах зээл Монголд ивээлтэй байсан бол Н.Алтанхуягт “Чингис” бондын 1.5 тэрбум доллар байлаа. Үүн дээр "Самурай" бондын 300 сая долларыг нэмбэл, Шинэчлэлийн Засгийн газарт мөнгө, эрх мэдэл ч байсан. Харин Ч.Сайханбилэг сайдад одоо мөнгө ч алга, боломж алга. Бүр эрх мэдэл ч алга.
Түүний Засгийн газар УИХ-ынхаа барьцаанд орж, хаашаа ч хөдлөхийн аргагүй хүлэгджээ. Хэрэв энэ засаг эвгүй л гишгэх аваас танхимаараа огцрох эрсдэл хүлээж байж ч магад.
Баялгаа эргэлтэд оруулж, мөнгөтэй болно гэсэн итгэлтэйгээр Засгийн газраа байгуулж байсан Ч.Сайханбилэгийн эрч хэдийнэ суларсан байна. Одоо Шийдлийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.2 тэрбум ам.доллар оны сүүлээр орж ирээсэй гэж найдах үлдэж байх шиг.
Гэвч, сар болгон 100 саяар өсч байгаа төсвийн алдагдлаа Засгийн газар нөхөх шийд олох ёстой. Таналт бас дахин таналт. Төсвийн орлого тасарч, доллар олох бүх л боломж нь хумигдсан Засгийн газарт “Бүсээ чангалах” ганцхан арга л үлджээ. Урсгал зардлын хувьд тэвчиж болох бүхнээ танаж, гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг бүх зардлаа царцаах, төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах саналтай байгаагаа Ерөнхий сайд дуулгав.
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, засаг дарга нарын цалинг гурван сараар бууруулснаар тодорхой хэмжээний хэмнэлт гарах ч гэлээ ингэснээрээ эдийн засгийн хямралаас гараад явчихна гэсэн үг биш юм. Төсвөөс цалинжиж, чамгүй хангамж эдэлдэг хүмүүсийн цалинг бууруулах нь иргэдэд таалагдах л байх. Гэхдээ энэ бол эдийн засгаа хямралаас гаргах том бодлого яавч биш.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар тун хүнд нөхцөлд ажиллаж байна. Одоо энэ Засгийн газрын ажлыг хийлгэе, тэгэх үү? Бодлогыг нь захын гишүүн гацааж, “Огцруулах, чөлөөлөх” асуудлыг чуулган болгон дээр хөндөж байхад Шийдлийн Засгийн газар яаж чөлөөтэй ажиллаж чадах юм бэ?
“Тавантолгойг хөдөлгөнө” гэсэн үг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын амны уншлага болоод удаж байгаа юм. Гэвч, түүний бодлогыг захын гишүүн гацааж, “огцруулах, чөлөөлөх” асуудлыг чуулган болгон дээр хөндөж байхад Шийдлийн Засгийн газар яаж чөлөөтэй ажиллаж чадах юм бэ. Бүх бололцоог нь хаасан УИХ, намын Гүйцэтгэх зөвлөлийнхөө эсрэг зогсох хүч түүнд алга байгаа ийм нөхцөлд бол байдал үнэхээр хэцүү байна.
Эхний ээлжинд эрхтэн, дархтангуудын эдлэх хангамж, цалин хөлсийг бууруулна гэж байна. Дараагийн удаад иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ бол Засгийн газрын буруу биш юм. Эрх мэдлийг нь өгөхгүй байгаа УИХ-ын хийж буй ажил. Яагаад гэвэл УИХ өнөөдөр Засгийн газрын бүх ажилд хуруу болон хушуугаа дүрэх болсон Үүний шанг эдийн засгийн бүх төлөөсөөр төлж байна. Компаниуд дампуурч, иргэд орлогогүй болж, чанаргүй зээл өсөх хэлбэрээр.
Хэрэвзээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлснээрээ Тавантолгойн гэрээг өнгөрсөн хавар зурчихсан бол Монгол Улсад дор хаяж 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх ёстой байлаа. Чалькод төлөх өрөө төлөөд дээр нь мөнгө болох боломж байсан хэрэг. Том төслийг дагаад жижиг компаниуд орлоготой, жирийн иргэд бид ажилтай, цалинтайгаа үлдэх боломжтой байв. Даанч М.Энхсайхан сайдын дүгнэсэнчлэн Тавантолгойн араас бид юу ч хийгээд тусгүй болжээ. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд” нэмэргүй болсон гэсэн үг.
Ерөнхий сайд ямартай ч орлого олох эх үүсвэр юу байна, бүгдийг нь судлахыг сайд нартаа үүрэгджээ. Цалингаас гадна танах шаардлагатай зүйлс бол төрийн байгууллагуудын өөрөө өөртөө өгдөг урамшууллыг зогсоох явдал. Бас төрийн 160 мянган албан хаагчдад олгодог 13 дугаар сарын гэх “гоё” цалингаа больчих. Тэгээд улсын төсвөөс улс төржсөн хөрөнгө оруулалтаа танаж чадвал төсвийн алдагдлаа нэг их наяд арай ч хүргэлгүйгээр одоо байгаа тоон дээрээ тогтоох боломж бий. Мөн 160 мянган албан хаагчдаасаа цөөлөх хэрэгтэй. Болсон болоогүй зөвлөх туслах, мэргэжилтэн, дарга цэргийнхээ тоог бууруулах шаардлагатай. Улсын төсөв нь улайсан Засагт данхайсан бүтэц байх шаардлагатай юу. Гэвч, энэ бүхэн эдийн засгийг хямралаас гаргах урт хугацааны бодлого биш билээ.
Чухамдаа уул уурхайгаа хөгжүүлж, алт, зэс, нүүрсээ зарж хямралаас гаргах гэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бодлогыг унагасандаа баярлаж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд, энэ чинь эдийн засгаа хорлож байгаа л хэлбэр шүү дээ. Засгийн газрыг тал талаас нь ноолохоо больж, одоо ажлыг нь амар тайван хийлгэе л гэмээр байна.
Ж.НЯМСҮРЭН