“Акул”-ууд хамтарсан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

“Акул”-ууд хамтарсан тоглолт хийнэ

Монголын поп урлагийн нүүр царай болсон таван хамтлагийнхан нэгдэн тоглолт хийх гэж байна. Тухайлбал, “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” хамтлагийнхан хамтран “Мартагдашгүй” нэртэй тоглолт толилуулах гэж байна. Тоглолт аравдугаар сарын 9-нд болно.


“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн:

“Би энэ тоглолтыг мөрөөддөг байсан. Олон жилийн өмнөөс ийм тоглолт хийхээр ярьсаар ирсэн. Энэ маань биеллээ олох гэж байгаад баяртай байна. Хэдийгээр бид тус тусдаа хамтлагууд ч гэсэн энэ удаад нэгдэн, нягтарч гарын таван хуруу мэт болох ёстой. Ингэж байж үзэгчдийг байлдан дагуулсан, бут авсан тоглолт хийх учиртай” гэв.

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ:

-“Мэдээж үзэгч олныг байлдан дагуулсан, тэдний дурсамжийг сэдрээх сайхан хайрын дуунууд эгшиглэх болно. Бид ч өөрийн уран бүтээлээсээ сонгож, хайрын сайхан дуунаасаа дуулна” хэмээн ярьсан юм. Харин “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар “Тоглолтыг жүжигчилсэн хэлбэрээр найруулан тавина. Хамтлаг тус бүр шилдэг уран бүтээлээсээ хүргэнэ. Гэхдээ манай хамтлаг ямар дуу дуулах вэ гэдэг нь сюрприз хэвээр байсан дээр болов уу” гэв.


Хамтлагийнхны хувьд дууны сонголтын асуудал маш хүнд байгаа хэмээн онцолж байв. Энэ талаар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Нөгөө хамтлагуудынхаа дууны сонголтыг харахаар сүрдмээр сүрдмээр хит дуунууд байсан. Тийм болохоор манай хамтлагийнхан дууны сонголт дээр нэлээн эргэлзэж, бодож, хүнд сонголт хийхээс аргагүйд хүрсэн” гэв.

Ямартай ч одоогоор таван хамтлагийн залуус “Мартагдашгүй” тоглолтдоо бэлтгээд, тус тусын уран бүтээлдээ анхаарал хандуулж байгаа аж.

Тоглолт аравдугаар сарын 9-нд “UB Palace”-т болно. Тоглолтын тасалбар үнэ 40, 80 мянга гэсэн хоёр үнэлгээтэй байх ажээ.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж