Си Жиньпины үг хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Си Жиньпины үг хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэв

Фото: Imago Stock & People / Global Look

 

БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-д айлчилж байгаа долоо хоногийн айлчлалынхаа эхний өдөр Сиэтл хотын үл итгэсэн хандлагатай хүмүүсийн өмнө үг хэллээ. Тэрээр БНХАУ-ын эдийн засгийн бодлого, кибер халдлага, хүний эрх, аж үйлдвэрийн тагнуул зэрэгт нь ихээхэн дургүйцэх болсон Америкийн бизнесийнхнийг тайвшруулахаар оролдлоо.

 

Хятадын лидер, өөрийн орныг экспортоо ихэсгэхийн тулд валютаар оролдохгүй, хэзээ ч аж үйлдвэрийн тагнуул хийхгүй гэж хэлэв. Мөн тэрээр Хятад гадаад орнуудын үйлдвэрийг ялгаварлан гадуурхахгүй, зах зээлээ нээхийг хурдасгана, хүний эрхийн байдлыг сайжруулахад бүх хүчээ дайчлан ажиллана гэж хэлжээ.

 

Тэр үеэр Сиэтлийн төвд 100 орчим хүн цуглан айлчлалыг эсэргүүцсэн жагсаал хийсэн байна.

 

АНУ-ын Худалдааны сайд Хятадтай эдийн засгийн харилцаагаа тайлбарлахдаа, Америкийн засаг захиргаа, компаниуд хууль эрх зүйн болон нормативын тодорхой байдалгүй мөн оюуны өмчийн хамгаалалтын асуудал, киберийн ба технологийн бодлого зэргийн талд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

 

АНУ-ын бизнес, засгийн газрын мэдээлэлд кибер довтолгоон хийсний ард Хятад байсан гэх буруутгасан асуудалд хариулахдаа Хятад улс ч кибер довтолгоонд их өртсөн хэмээн Си Жиньпин мэдэгдлээ. “Хятадын засгийн газар тиймэрхүү маягийн мэдээллийн хулгайд ямар ч хэлбэрээр оролцохгүй, тийм зүйлийг хэзээ ч дэмжихгүй” гэж Си дарга хэлэв.

 

Хятадын лидер албан ёсны айлчлал хийж байгаа учраас кибер тагнуулын ажиллагааны улмаас эдийн засгийн хориг арга хэмжээг Хятадын эсрэг авахгүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

 

АНУ нь сүүлийн хэдэн жилийн дотор Америкийн компаниудын мэдээллийн санд нэвтрэн, оюуны өмчийг хулгайлж байна гэж Хятадыг буруутгаж ирсэн юм. Вашингтон өнгөрсөн онд цахим халдлага улам нэмэгдсэн гэж үзэж байгаа юм. 2014 оны тавдугаар сард Америкийн Хууль зүйн яам АНУ-д байрласан компаниудын арилжааны нууцыг хулгайлсан гэж Хятадын цэргийн таван албан тушаалтанд ял тулгасан.

 

АНУ-ын удирдлага цахим халдлагатай холбоотойгоор Хятадын эсрэг эдийн засгийн зарим хориг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байгаа бөгөөд ерөнхийлөгч Барак Обамагийн дөрөвдүгээр сард баталгаажуулсан шийдвэр нь Америкийн байгууламжуудын эсрэг кибер довтолгоон хийсэн хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах эрхийг засгийн газарт нь өгч байгаа юм.

 

АНУ-д хийж байгаа түүхэн айлчлалынхаа эхний улс төрийн үгэндээ БНХАУ-ын дарга өөрийн орны эдийн засгийн өсөлтийн хурдыг хамгаалж, Хятадын хөрөнгийн зах зээл тогтвортой байгааг хэлсэн юм.

 

“Хятадын эдийн засаг тогтвортой, 7 хувийн өсөлттэй, зөв чиглэлд явж байна. Манай эдийн засаг түр зуурийн уналтад ороод байгаа ч тэр нь өсөлтийн замын нэг хэсэг юм” хэмээн Сиэтлд хийсэн Америкийн дипломатууд, бизнесийн төлөөлөгч нарын уулзалтан дээр онцоллоо.

 

Уг уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссенжер, АНУ-ын Худалдааны сайд Пенни Прицкер, Microsoft, Ford, Apple, Starbucks, IBM зэрэг том компаниудын удирдлагууд оролцжээ.

 

Си Жиньпиний эдийн засгийн талаарх тайлбар нь олон улсын хөрөнгө оруулагч нарын сонирхлыг хамгийн их татаж байсан юм.

 

Хятадын хөрөнгийн зах зээл одоо тогтворгүй үеийнхээ дараах сэргэн тогтворжих үедээ орсныг хэлсэн Си даргын өөдрөг үг бизнесийн салбарынханд итгэл төрүүллээ.

 

Өнгөрсөн долоо хоногт IDEAglobal гэх судалгааны компани Азийн найдвартай эх сурвалжийн мэдээлэлдээ тулгуурлан энэ оны сүүлчээр юанийн ханшийг 15-20 хувиар буулгах тухай мэдээлсэн. Харин энэхүү мэдээлэлд Си дарга мөнгөний ханшийг унагах үндэслэл Хятадад байхгүй хэмээн хариуллаа.

 

Гэхдээ Хятадын лидерийн үгэнд үл итгэгчид ч байна. Тэд юанийн ханшийг унагах нь дотоодын өсөлтөд зайлшгүй шаардлагатай гэж байгаа билээ.

 

Үгээ хэлж байхдаа Си Жиньпин дотоодын нөөцийг амьжиргааны төвшинг дээшлүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээг хоёр дахин ихэсгэхэд төвлөрүүлнэ гэж тэмдэглэв. Өдгөө хүн амд ногдох ДНБ-ий хэмжээ нь АНУ-ын үзүүлэлтийн долооны нэгтэй тэнцэж байгаа юм. Нийт 70 сая хятад ядуурлын төвшнөөс дор амьдралтай байна.

 

Си Жиньпинийн айлчлалын маршрут

 

Есдүгээр сарын 22-нд тэрээр АНУ-д хийх айлчлалаа Сиэтл хотоос эхлэн Westin Seattle зочид буудалд болсон хүлээн авалт дээр улстөрчид, бизнесийн төлөөлөгч нарын өмнө үг хэлсэн.

 

Есдүгээр сарын 23-нд Полсоны хүрээлэнд болсон бага хуралд оролцлоо. Мөн тэрээр Америкийн мужуудын хятад гаралтай захирагчдын уулзалтад оролцжээ.

 

Эверетт хот дахь Boeing компанийн угсралтын үйлдвэрч зочиллоо.

 

Мөн айлчлалын үеэр Майкрософтын үндэслэгчтэй зоог барина. Си Фучжоуд ажиллаж байхад тус хоттой ах дүүгийн холбоо тогтоосон Такома хотын дунд сургуулиар орно. Айлчлалынхаа төгсгөлд Вашингтонд ерөнхийлөгч Обаматай хэлэлцээ хийсний дараа Нью-Йоркт зочлон НҮБ-ын чуулганд оролцох юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж