Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь зөв, буруу

Хуучирсан мэдээ: 2015.09.24-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь зөв, буруу

Л.ОЮУН: ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭС ТАТВАР АВАХ НЬ ШУДАРГА ХУУЛЬ

/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор/


-Иргэдийн хадгаламжаас болон хадгаламжийн хүүгээс татвар авах  хоёр хоорондоо маш их ялгаатай. Иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс татвар авч болохгүй. Хадгаламж бол хувийн өмчийн нэг хэлбэр. Харин хадгаламжийн хүүгээс татвар авах нь хүн амын орлогын албан татварын нэг хэлбэр. Грек улс гаднаас авсан зээлээ төлж чадахгүй болсон үедээ банкинд байсан иргэдийнхээ хадгаламжаас 10 хувь шиг санаж байна авч байсан. Энэ бол татвар бас биш. Зүгээр ингэж ойлгож болно. Ийм л үед улс орондоо туслаж байна гэдэг утгаар авч болох талтай.

Гэхдээ иргэд саналаараа ийм үйлдэл хийж болно. Тиймээс хэзээ ч “хүч хэрэглэн” авч болохгүй. Хадгаламжийн хүүгээс мөнгө авч эхэлснээр банкны салбарт ямар нэгэн гажуудал гарч, дампуурах хүртэл эрсдэл үүсч магадгүй гэж зарим хүмүүс яриад байгаа.  Гажуудал болохгүй. Хадгаламжийн хүүний орлогоос татвар авах нь байдаг л зүйл. Манай оронд ийм хууль 90-ээд онд гарсан. Тодорхой хугацаагаар тус хуулийг хоёр ч удаа хойшлуулж ирсэн. Нөхцөл нь бүрдээгүй гэдгээр тайлбарлаж байсан. Нөхцөл гэдэг нь хадгаламжийн хүүний орлогоос татвар авбал хадгаламж буурна гэж үзсэн тал бий.

Гэхдээ хууль тогтоох УИХ-ын гишүүд хууль баталдаг. Банкинд тэдний хадгаламж их хэмжээтэй байдаг учраас хадгаламжийн хүүний орлогоос тэд их хэмжээний татвар төлчих гээд байсан учир энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байсан гэж би боддог. Банкинд байгаа хадгаламжийн төвлөрөл нь цөөхөн хадгалуулагчдад төвлөрдөг гэдгээр нэг юм хэлээд байдаг. Олон оронд, өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авдаг ийм хууль байдаг. Ийм хуулиар бага хэмжээний хадгаламжтай хүмүүс хүүгээр бага орлого олно.

Түүнээс багахан татвар төлнө. Их хадгаламжтай бол хүүний татвар ихийг төлнө. Шударга хууль. Их хэмжээний орлого олж байгаа бол тэр орлого олох боломжийг бүрдүүлсний төлөө их татвар төлөх нь шударга шүү дээ.

 


Б.ЛХАГВАСҮРЭН: ХАДГАЛАМЖИЙН ОРЛОГООС ТАТВАР АВСНААР БАНКНААС МӨНГӨ ЗУГТАХ, ЗЭЭЛ ДУТАХ ЭРСДЭЛТЭЙ

/Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, эдийн засагч/


-Хадгаламжийн хүүгээс татвар авах нь шинэ зүйл. 2010 онд Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж, батлахад хадгаламжийн хүүгээс орлогын татвар авах асуудал яригдсан. Хадгаламжийн хүүгээс татвар авч, түүнийгээ орлого гэж үзнэ. Тиймээс хүн амын орлогын 10 хувийн татвар хасагдах ёстой гэж үзсэн. Гэхдээ 2008 оны хямралтай холбоотойгоор хадгаламжийн хүүгээс татвар авах хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан юм. Энэ хугацаа нь өнгөрсөн онд дууссан.

Өнгөрсөн жил Төсвийн тухай хуулиар хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй, харин 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хүүгийн орлогоос татвар авч байсан. Харин  2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар хууль хэрэгжих гэж байна. Эдийн засаг  хүндрэлтэй, хадгаламжийн хэмжээ бодитоор өсч чадахгүй байгаа энэ үед хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь бас нэг дарамт л болно. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямралтай үед дарамт нэмэгдэж, иргэд банкнаас мөнгөө татаж, банкны зээлийн эх үүсвэр буурна. Эдийн засагт зээл гарахгүй байвал аж ахуй нэгжүүд томорч, тэлж чадахгүй. Ийм сөрөг талууд бий. Гэхдээ Татварын хууль, Хүн амын орлогын албан татварыг төвлөрүүлэх ёстой учраас хэрэгжүүлэхээс өөр яахав. Талх хийгээд орлого олж байна уу, мал хариулж олсон орлого байна уу, эсвэл хуримтлуулсан мөнгөний хүүгээс орлого олж байна уу гэдгийг үл харгалзан тэгш татвар авах ёстой гэдэг зарчим үйлчилж байгаа юм.

Сайн тал нь бүгд ижил татвар төлнө гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь цаг хугацааны хувьд зөв шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй.  Иргэдийн хадгаламжийн орлогоос татвар авна гэхээр банкнаас мөнгө зугтах аюул давхар гарч ирэх эрсдэлтэй.   Дээрээс нь хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах үйл ажиллагаа ямар байдлаар хэрэгжих нь ойлгомжгүй байгаа. Ер нь эдийн засагчийн байр сууринаас харахад, татварын байгууллага ажлаа хийж чадахгүй харагдаж байна. Татварын байцаагчид очиж татвараа авах ёстой байтал аж ахуй нэгж нь аваад, татварын байгууллага нь хүлээгээд суудаг боллоо. Хоёр байгууллага хамтарч ажиллахад, нэг нь нөгөөгөөсөө татварыг нь суутгаж авсангүй гэдгээр хэрэг үүсгэж, шүүхэд дуудагдаж байна. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжийн нягтлангууд татварын байцаагч болж хувирч байна шүү дээ.

Тэгэхээр хадгаламжийн орлогын хүүгээс татвар авах процесс нь банкуудыг “та нар хүүг нь төлсөн юм чинь орлогоо ав” гэж тулгах магадлал өндөр. Энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч, банкуудын хооронд маргаан үүснэ. Татварын ерөнхий газар хүүгийн орлогоос татвар хураан аваа гэвэл эргээд татвар, банк хоёрын хооронд нэлээд том маргаан үүснэ. Аль аль талдаа тодорхой маргаантай асуудал үүсэхээр харагдаж байгаа.


Н.ДАШЗЭВЭГ: ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭС ТАТВАР АВНА ГЭДЭГ ЭРСДЭЛТЭЙ ШИЙДВЭР

/“Монгол” дээр сургуулийн захирал, эдийн засагч/

-Би хувьдаа хадгаламжийн хүүнээс татвар авах нь арай эрт байна гэж үзэж байгаа. Ийм хямралтай үед татвар авах юм бол хүмүүс хадгаламжаа татчихна шүү дээ. Тэгээд ам.долларт шилжүүлчихнэ. Тэгэхээр эрсдэлтэй л зүйл байна. Хэрвээ авах дээрээ тулах юм бол бага хадгаламжнаас аваад хэрэггүй. Яагаад гэвэл, манай хүн амын ихэнх нь бага хадгаламжтай. Нийт хадгаламжийн 10 хүрэхгүй хувийг нийт иргэдийн хадгаламж эзэлж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ бол маш их эрсдэлтэй зүйл. Өндөр хадгаламжтай хүмүүс хадгаламжаа ам.доллар руу шилжүүлчихээд явчихна. Ийм зүйл болбол хэцүүдэнэ шүү дээ. 


СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

Одоо бүр хадгаламжтай ч байж болохгүй нь

Жил ирэх тусам иргэдийн амьдрал хүндэрсээр. Шийдвэр гаргагчдын гаргаж байгаа хууль, журам, дүрэм нь бүгд л дундаж амьдралтай, хөлөө олох гэж ядаж байгаа хүмүүсийн халаас руу дайрсан шинжтэй байна. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл зүтгэж байж олсон хэдээ нааш цааш нь болгож, арай гэж ядуусын эгнээнээс гарч, дундаж гэсэн ангиллын “хаалга”-ыг татах гэхээр л ямар нэг аргаар “цоожлоод” байх юм. Одоо бүр байтлаа ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс банкинд хадгаламжтай бүх хүний хадгаламжийн хүүгээс татвар авах юм гэнэ ээ. 

Өнгөрсөн жилүүдэд 100 сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсээс л татвар авна гэж яриад байсан юм, энэ шийдвэр гаргагчид. Гэтэл хэзээд нь ч хадгаламж төдий байх нь хамаагүй бүх хүний хүүгийн орлогоос татвар авахаар болчихсон юм, бүү мэд. Гэнэт л энэ асуудлыг яриад эхэллээ.  Ёстой нөгөө хулхин дээр нь цэцэг ургуулж байгаад онхуулдана гэдэг шиг л юм болж байна.

Өнөөдөр Монголын иргэд, тэр дундаа хувь, хувьсгалын байгууллагад ажиллаж, сарын цалингаараа амьдрах гэж ядаж яваа хүмүүсээс авч байгаа татвар багадаагүй. Хүн амын орлогын албан татварыг хэн төлдөг билээ, тэд л. Нийгмийн даатгалыг ч гэсэн тэд төлж байна. Элдэв торгууль энэ тэрийг ч гэсэн тэд л төлж байгаа. Гэтэл одоо хурааж хуримтлуулж байгаа хэдээс нь бас татвар авах юм гэнэ ээ.  Арай дэндэж байгаа юм биш үү. Яах вэ, нэг талаас нь хараад үзвэл зөв. Хэдэн талаас нь хардаг хүмүүсийн ярьдгаас жишээ аваад хэлэхэд шүү дээ. Өнөөдөр зах дээр наймаа хийж байгаа хүмүүс. Малчид гээд олон хүн хүн амын орлогын албан татвар төлөхгүй байгаа. Тэгсэн мөртлөө их, бага хэмжээгээр хадгаламжтай байдаг. Тэгвэл татварын системийг шударга болгож, бүх хүнийг тэгш хамруулах зорилгоор тэр хүмүүсийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авахад болохгүй юм байхгүй.

Нөгөө талаар, хагартлаа баяжсан, асар их хадгаламжтай, хүүгийнх нь орлогоор туйлж байгаа хүмүүсээс татвар авах нь ч зөв.  Гэтэл эрхэм эрхтэн, дархтанууд хадгаламжтай бүх хүнийг татвар авах журмандаа хамаатуулчихлаа.  Ажил хийж олсон хэдийнхээ 10 хувийг хүн амын орлогын албан татварт хураалгана. Дээрээс нь  яаж ийж байгаад илүүчилж хадгалуулсан хэдийнхээ хүүгийн  хувийг дахиад л улсад өгөх болж байна. Ийм ч юм байх гэж.  Энэ журманд хэн хамгийн их өртөх нь тодорхой. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа, орон сууцны урьдчилгаа ч болов цуглуулах гэж зүтгэж байгаа иргэд. Баячууд, УИХ-ын гишүүд өртөнө гэж бодож байна уу. Ёстой гонж байлгүй. 

Ихэнх нь татваргүй бүсэд сая саяар нь ам.доллар хадгалуулаад, мартаад л явж байгаа.  За яахав дээ, 20, 30 сая төгрөг банкинд хадгалуулж, түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаж яваа хэд нь арай ч түүнийгээ татаж онигоо болохгүй биз.  Эдийн засагчид бол банкны систем хямарна, иргэд төгрөгөө ам.долларын хадгаламжид шилжүүлнэ гэх мэтээр байр сууриа илэрхийлсэн. Дээр маш тодорхой ярьсан. Тэгэхээр энд тэр санаануудыг дахин давтаад байх шаардлагагүй. Мэдээж  эдийн засагчид, судлаачдын яриад байгаа эрсдэл мэдээж байгаа. Банкны систем бүхэлдээ хямарч ч болох.

Гэхдээ эрх баригчид яагаад ийм шийдвэр гаргах болов гэдэг л сонин байна. Одоо цаг нь биш гэж ярьж байгаа эдийн засагчдын зөв.  Монголчууд бид эдийн засагийн мэдлэг багатай хүмүүс. Тэр дундаа хуримтлалтай болж, амьдралд тохиолдох эрсдэлийг даван туулж, цаашлаад үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой гэдгийг одоо л ойлгож байгаа. Сүүлийн жилүүдэд л хүмүүс ихээр хадгаламж нээлгэж, олсон орлогоосоо багыг ч болов хадгалж эхэллээ.  Зөвхөн цөөн хэдэн баячуудын өндөр хүүтэй хадгалуулж байгаа мөнгөн дээр тогтдог банкны салбарт бага ч болов гэрэл асч эхэлсэн гэсэн үг.  Энэ байдлаараа хэдэн жил явбал хүн бүр хадгаламжтай болж, банкны салбар эрүүлжиж, хадгаламжийн хэт өндөр хүү багасч, дагаад зээлийн хүү буурах ч боломж байгаа.

Энэ талаар олон эдийн засагч ярьсан байна билээ. Яг ийм эхлэл үед нь улстөрчид иргэдийн хүсэл мөрөөдөл, хадгаламжтай болох гэсэн хүсэл рүү нь дайралт хийж байна. Хэн ч арай гэж олсон хэдэн төгрөгөө хууль ёсоор нэмэгдүүлэх гэж хичээж байгаагийнхаа төлөө татвар өгөхийг хүсэхгүй л байх. Гэхдээ хууль, журам гэдэг өөрчлөгдөшгүй зүйл биш. Эрхэм эрх баригчид энэ мэт ард түмний халаас руу дайрсан хуулиа өөрчилнө биз ээ.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж