Б.Навчаа: “Помогите нам-3” усан онгоцонд өрнөнө

Хуучирсан мэдээ: 2011.06.11-нд нийтлэгдсэн

Б.Навчаа: “Помогите нам-3” усан онгоцонд өрнөнө

“Хэцүү анги”, “Гоёлын даашинз”, “Помогите нам 1, 2” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож, олны танил болсон жүжигчин Б.Навчаатай өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн “Рашаантын 18” киноны нээлтийн ёслолын үеэр уулзлаа. Тэрбээр уг кинонд гол дүр бүтээснээс гадна киноны туслах найруулагчаар ажиллажээ. Б.Навчаа “Рашаантын 18” киноны нээлтийн үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасныг дашрамд сонирхуулъя. Ингээд шинэхэн Соёлын тэргүүний ажилтан , жүжигчин Б.Навчаатай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө Соёлын тэргүүний ажилтан болсонд тань баяр хүргэе. Та “Рашаантын-18” дэлгэцийн шинэ бүтээлээ өлгийдөн авлаа. Киноны талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо?


-Баярлалаа. Энэ сайхан шагналыг хүртсэндээ сэтгэл өндөр байна. Монголын дэлгэцийн урлагт нэг шинэ уран бүтээл нэмэгдэж, миний уран бүтээлийн санд нэг том уран бүтээл нэмэгдсэнд маш их баяртай байна.

-Инээдмийн өнгө аястай хэрнээ нэгийг бодогдуулсан, хайр сэтгэл, хүний мөн чанарыг харуулсан сайхан бүтээл болжээ. Кино зураг авалт ямар хугацаанд үргэлжилсэн бэ. Өвөл киноны зургаа авсан болохоор “хав дарсан” юм шиг санагдлаа?

-Кино зураг авалт удаагүй ээ. 19 хоног л үргэлжилсэн. Киногоо мантажлаад гаргах дарааллаа хүлээгээд удсан хэрэг. Монголчууд маань кино их хийдэг болж. Тиймээс очер дараалал ихтэй байлаа. Аливаа юм чинь дэс дараагаараа, ном журмын дагуу өрнөдөг биз дээ. 

-Хамтран ажилласан багийнхаа тухайд?

-Баг хамт олны тухайд монголын ард түмэн сайн мэдэж байгаа байх аа. Монголын гавьяат жүжигчин Т.Баясгалан санхүүгийн хувьд ивээн тэтгэж, оролцсон. Өөрөө урлагийн хүн болохоор дэлгэцийн урлагт элэгтэй. Хөрөнгө мөнгөний асуудалгүй байхад санаа тавьж, кино бүтээхэд гол үүрэг гүйцэтгэн ажилласан Баясгаландаа маш их баярлаж байна. Харин киноны найруулагч, зураглаачаар Даваахай гээд залуу ажилласан. Бид хоёр 1999 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Анх “Танихгүй охины захидал” хэмээх киног хамтдаа бүтээснээс эхлээд уран бүтээлээрээ холбогдон “Помогите нам 1”, “Помогите нам 2” гээд, ээлжит хамтын бүтээл маань “Рашаантын 18” болж байна.

-Киноны гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Хэрвээ ажигласан бол МҮОНТ-ийн бүтээсэн “Хэцүү анги” киноны ихэнх дүрүүд энэ кинонд тоглосон байгаа. Би өөрөө “Хэцүү анги” киног найруулж байсан учраас ямар жүжигчид ямар “рам”-тай байгааг мэдэж байсан учраа жүжигчдийнхээ сонголтыг өөрөө хийсэн. Гол дүр дээр “Х-Түц” продакшны жүжигчин Батааг сонголоо. Кино зохиол маань дуунаас үүдэлтэй болохоор баян, ядуу гэдэг ч юм уу аялгуу намуухан хэмнэлтэй. Уг кино маань мелодрам уянгын цаана нулимстай. Тиймээс бүр гунигийн өнгө аястай болгочихгүйн тулд ямар өнгө аястай тоглох вэ, яах вэ гэдгээ нарийн бодолцож сонгосон. Тиймээс ч Батааг тохирох хүн гэж сонгосон хэрэг.  Инээдмийн кино боловч стен болгоны ард нулимс бий. 

-Киногоороо дамжуулан үзэгчдэд ямар мессеж хүргэхийг зорьсон бэ?

-Хайр дурлалын асуудалд хэмжээ хязгаар гэж байхгүй. Үнэхээр хайртай бол хөрөнгө мөнгө юу ч биш гэдгийг харуулахыг зорьсон.  

-Дараагийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу. “Помогите нам 3”-ыг хийх гэж байгаа гэсэн шүү дээ. Зураг авалт хэзээ эхлэх гэж байна?

-“Помогите нам 3” үзэгчдийн хүртээл болно. Энэ сарын 25-наас зураг авалтын ажилдаа орохоор төлөвлөөд байгаа. 

-“Помогите нам 1, 2” кинонд тоглож байсан үндсэн бүрэлдэхүүн киноны гуравдугаар ангид тоглох уу?

-Тэр бол нууц.

-Өмнөх ангиуд галт тэрэг, онгоцонд өрнөж байсан юм чинь энэ удаагийн зураг авалт усан онгоцонд болох байх. Хөвсгөлд зураг авалтаа хийх үү?

-Тэгнэ ээ, Хөвгөлийг зорино. -Танд уран бүтээлийн амжилт хүсье


Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж