Монголын спортын сэтгүүлчид хилийн чанадад мэдлэг, ур чадвар, оюунаа тэлсээр байна. Тус холбооны гишүүн, спортын сэтгүүлч Б.Хосбаяр саяхан Швейцарийн Лозанн хотноо спортын менежментийн чиглэлээр мастерын зэрэг амжилттай хамгааллаа. Тус мэргэжлийн төгсөлтийн баярт ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах оролцож, спортын залуу боловсон хүчнүүдэд амжилт хүсчээ.
Түүнчлэн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, “SPS” телевизийн спортын сэтгүүлч Г.Баярсайхан энэ сарын эхээр Олимпийн их сургууль /RIOU/-д суралцахаар ОХУ-ыг зориод байна. Тэрбээр Сочи хотноо суралцаж байгаа бөгөөд Оросын Олимпийн их сургуулийн Спортын удирдлагын мастерийн ангийн оюутан болжээ.
Тус сургуулийн оюутнууд өмнөх жилүүдэд Сочигийн өвлийн олимпод дадлагаа хийсэн бол энэ жилийн спортын удирдлагын мастерт суралцагчид “IWAS World games”, “Russian F1 Grand Prix” болон RIOU-той хамтран ажилладаг спортын холбоодод дадлага хийх талаар Г.Баярсайхан сонирхуулав.
Сонирхуулахад, Оросын Олимпийн их сургууль саяхан Оросын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Б.ЭНХ