Хубилай сэцэн хааны өв уламжлал, түүх соёлоор монголчууд сүүлийн өдрүүдэд амьсгалж байна. Энэ арга хэмжээ өнөөдөр ч үргэлжилж их эзэн Чингисийн талбайд “Монгол төрийн их дуулал” хүндэтгэлийн тоглолт 11.40 цагт эхлэв. Тоглолтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт үг хэлэв. Тэрбээр “700 гаруй жилийн дараа энэхүү тоглолтыг тавьж байгаа нь ихээхэн ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.
Тоглолтын ерөнхий найруулагчаар Н.Болд, ерөнхий удирдаач Н.Буянбаатар, А.Цэдэн-Иш тэргүүтэй уран бүтээлчид ажиллажээ. Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Морин хуурын чуулга, Улаанбаатар чуулга, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, “Хөсөгтөн” хамтлаг, хөөмэйч Ц.Цогтгэрэл, Л.Лхамрагчаа, В.Батзриг, удирдаач А.Цэдэн-Иш, Н.Буянбаатар, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн оюутан тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм.
Тоглолтын эхэнд Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, Ерөнхий удирдаач Н.Буянбаатараар удирдуулан “Эртний сайхан” дууллыг толилуулав. Тоглолтын оргил хэсэг нь Хубилай хааны 800 жилийн ойд зориулан олонд анх удаа толилуулж буй “Хубилай хааны ордны их бүрээний дуудлага” уран бүтээл байв.
Ерөнхий найруулагч Н.Болд “Хубилай хааны үед соёл урлагийн арга хэмжээ өндөр хөгжсөн гэж үздэг. Үүний илрэл нь Хубилай хааны үеийн 512 хүний бүрэлдэхүүнтэй найрал юм. Энэ найрал хөгжмийг сэргээн 700 гаруй жилийн дараа ийнхүү олонд толилуулж байгаад баяртай байна” гэв. Хубилай хааны үед тоглогддог 50 гаруй хөгжмийн зэмсгээс өнөөдөр 30 гаруйг нь сэргээн тоглож, олонд хүргэж байгаа юм. Энэ нь монголчууд бид өвөг дээдсийнхээ өв уламжлалыг дээдэлж, хойч үедээ үлдээдэг хүндэтгэлийн илэрхийлэл гэдгийг хурсан олон онцолж байв.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ