Дархан-Уул аймаг Засаг даргагүй нэлээд хэд хонож байгаа аж. Огцорсон Засаг дарга С.Насанбат нь тамга тэмдгээ шинэ Засаг дарга А.Энхболдод хүлээлгэж өгөлгүй сураг тасарчээ.
Үйл явдлыг тодруулбал, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал есдүгээр сарын 15-нд хуралдаж, Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шийдвэр гаргасан юм. Мөн хуралдаанаас Дархан-Уул аймгийн Засаг даргад А.Энхболдыг, аймгийн ИТХ-ын даргаар П.Эрдэнэбатыг тус, тус сонгосон. Хуулиараа Засаг даргыг Ерөнхий сайд батламжилдаг. Тиймээс Дархан-Уул аймгийн ИТХ гаргасан шийдвэрээ Ерөнхий сайдад хүргүүлснээр А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар батламжилжээ. Гэтэл шинэхэн Засаг дарга ажлаа эхлүүлэх болтол өмнөх Засаг дарга асан С.Насанбат нь тамгаа хүлээлгэж өгөөгүйгээс болж, энэ аймагт засаглалын хямрал нүүрлэж болзошгүй болсон байна.
Г.ДАРЬ