Эмэгтэйчүүд квотоо нэмүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2015.09.23-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд квотоо нэмүүлэх үү?

УИХ-ын сонгууль эхлэх хугацаа дөхсөөр. Хэдийгээр ирэх оны зургадугаар сард болох ч намуудын хувьд сонгуулийн бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон. МАН-ынхан “Бид хамтдаа”, АН “Монгол хүн 2020” хөтөлбөрийн биелэлт, МАХН намын анхан шатны байгууллагуудын бүсийн зөвлөгөөн зэргээр сонгууль угтсан уулзалт, хурал цуглаануудаа хийж эхлээд байна. Ирэх сонгуульд хэдэн суудал авч ирэх вэ гэдэг нь намууд дөрвөн жилийн ажлаа хэрхэн сурталчилж чадсанаас шалтгаалдаг гэхэд хэтийдэхгүй.

Юутай ч хэдэн сараар хэмжигддэг байсан сонгуулийн сурталчилгаа дөрвөн жилээр яригдах болсон энэ хугацаанд улс төр дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар улс төрийн намууд юу хийв гэдэг бол анхаарал татах чухал сэдвийн нэг. Тэд эмэгтэйчүүдийн квотыг хуульд тусгаж нүглийн нүдийг гурилаар хуураад өнгөрдөг юм уу, эсвэл үнэхээр улс төрд эмэгтэйчүүдийг гаргаж ирэхээр шат дараатай бодлого боловсруулж ажилладаг уу гэдэгт хариулт эрэх нь зүй ёсны хэрэг билээ. Тиймээс энэ удаагийн дугаарын сурвалжлагаараа улс төр дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд юу хийв гэсэн асуудлыг ониллоо. Парламентад суудалтай, мөн дээд шүүхэд эхний тавд ордог улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн холбооны дарга, удирдлагаас тав хүртэлх асуултад хариулт авсан юм.

Эмэгтэйчүүдийн асуудлыг нам гэхээс илүү намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага хийдэг. Тиймдээ ч улс төр дэх эмэгтэйчүүдийн асуудал, намын жирийн гишүүд дунд байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг судлаж тэдэнд чиглэсэн бодлогын намын мөрийн хөтөлбөртэй хэрхэн тусгаж өгөх вэ гэдэг нь эмэгтэйчүүдийн байгууллага хэр ажиллаж байгаагаас харагдах учиртай. Бид

  1. Улс төрийн намуудын эмэгтэйчүүд ирэх сонгуульд ямар зохион байгуулалттай оролцох.
  2. Сонгууль угтсан ямар ажлууд хийж байгаа
  3. Сонгуулийн хуульд тусгасан 20 хувийн квот хангалттай эсэх,
  4. Хуулиас гадна намдаа квотын асуудлыг хэд байхаар ярьж буй
  5. Улс төрд оролцож буй эмэгтэйчүүдийн оролцоонд сэтгэл хангалуун байгаа эсэх…

гэсэн асуултад хариулт авсан юм. Зарим намын эмэгтэйчүүдийн дарга нар асуултад багцлан хариулт өгч байлаа. Тэд сонгуульд бэлэн үү. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийсэн бэ гэдгийг та бүхэн доорхи хариултаас уншаарай.


Ц.Цогзолмаа: Сонгууль угтсан хоёр том ажлыг НАМЭХ хийж чадлаа

/МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгч/

1. МАН-ын дэргэдэх НАМЭХ бол том хэмжээний бүтэцтэй, улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага. 2012 оноос эхэлсэн бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дээшлүүлж, бүх талын оролцоог нь бодит болгохоор шат дараалсан ажил хийж. Хамгийн эхний зорилго болгож тавьсан ажил юу байсан бэ гэхээр Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгааг сонгууль угтаж хийлээ. 21 аймаг, есөн дүүргийн нийт 15 мянга гаруй эмэгтэйг оролцуулж хийлээ. Судалгаа ямар ач холбогдолтой вэ гэхээр улс төрийн сонгууль болохоор л намууд популизм хийж, эмэгтэйчүүдийн саналыг авахын тулд биелэгдэхгүй амлалт өгдөг асуудлыг арилгах явдал юм.

Өөрөөр хэлбэл, тэд эдийн засгийн хувьд ямар байгаа юм, үнэхээр орлоготой байна уу. Өөрийнх нь амьдралд олсон мөнгө нь хүрч байна уу, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш авч чадаж байна уу гэсэн найман асуудлаар үндэсний хэмжээний том судалгаа явуулсан. Судалгааны дараа 4-5 удаа том хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулсан. 21 аймагт ч энэ судалгааны дүнгээр хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Эмэгтэйчүүд орлогогүй, ажлын байргүй байна. Тэр дундаа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг ажилд авахгүй ялгаварлан гадуурхах, насаар нь ангилах асуудал гарч байна. Орлого хангалттай биш учраас нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхүүд нь дандаа зөрчигдөж байна. Энэ судалгааны дүнд анализ хийгээд 2016 онд МАН-ын мөрийн хөтөлбөрт судалгаанаас гарсан саналыг дэвшүүлнэ. 15 мянган эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад долоон эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд яриад яваад байх уу, тэдний нийгмийн асуудлыг шийдэх талаар ажил хийх үү гэдгээ ярина.

Мөн 2015 онд “Эмэгтэйчүүд бид хамтдаа нийгмийг илүү сайхнаар өөрчилж чадна” гэсэн урилга дэвшүүлээд 21 аймгийнхаа 330 сумын эмэгтэйчүүдэд хүрч ажилласан. Дөрвөн бүс болгож хуваагаад НАМЭХ-ны удирдах ажилтны зөвлөгөөнийг хийлээ. Өнгөрсөн долоо хоногт энэ ажил маань хаалтаа хийлээ. Энэ зун манай эмэгтэйчүүд амраагүй. Эмэгтэйчүүдтэйгээ уулзан жаргал зовлонгоо хуваалцлаа. Эмэгтэй улстөрч ямар байх ёстой юм, гэр бүлийн гишүүн хүүхдээ өсгөөд явах уу эсвэл улс төрийн оролцоог хангах уу гэсэн дандаа чадавхижуулах чиглэлийн асуудлыг удирдах төвшний эмэгтэйчүүдтэйгээ ярилцлаа. Монгол хаадын ард дандаа л ухаантай хатад байсан.

Тиймээс улс орны хүнд хэцүү цагт эмэгтэйчүүдийн бодит оролцоо зайлшгүй хэрэгтэй. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгээ ярилцсан. Үлдсэн хугацаанд яг нэр дэвших, олонхийн санал авах магадлалтай гэж сонгогдсон эмэгтэйчүүдээ чадавхжуулах талаар ажиллана. Сонгууль хүртэл вакумжуулсан орчинд бэлтгэнэ. Улс эх орны хөгжлийн асуудалд хэрхэн ажиллах, богино хугацаанд өөрийгөө таниулах, улс төрд ороод ямар сэдвийг илүү хөндөж ажиллах вэ гэдгийг ярина. Манай намын жирийн гишүүдийн 52 хувь нь эмэгтэйчүүд. Гэхдээ улс төрийн идэвх оролцоо гэхээр хангалтгүй гараад байгаа юм.

2. 20 хувийг эмэгтэйчүүд нэр дэвшүүлж байгаа. Гэхдээ тэр квотод багтахын тулд эмэгтэйчүүд өөрсдийгөө бэлтгэх ёстой. Өнөөдөр УИХ-д дөнгөж 11 хувийн оролцоотой байна. Энэ удаагийн сонгуулиар 20 хувьдаа хүрэхийн тулд ажиллах ёстой. Тэгж чадвал том дэвшил болно. 20 хувиас нэмэгдэж байж үр дүн гарна. Хүн амын 52 хувь нь эмэгтэйчүүд байгаа ийм үед эмэгтэйчүүдийн эзлэх хувь 20 хувиас өндөр байх ёстой. Намууд ч гэсэн 20 хувиар хязгаарлахгүйгээр доод жишгээ 20 хувь гэж тогтоож өгөөсэй гэж хүсч байна. Эмэгтэйчүүд маань эхлээд аймаг, сум, нийслэлийнхээ асуудалд илүүтэй идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа. Тэрний дараа УИХ-ын төвшинд очихоор өөрийгөө бэлтгэж чадна. Гэнэтхэн л Их хуралд эмэгтэйчүүд олноор орж ирэх боломж өнөөдрийн нийгэмд алга. Эхлээд сонгогчиддоо танигдах зэргээр шат шатанд өөрсдийгөө боловсруулмаар байгаа юм.

3. Улс төрийн намууд хоёр эрэгтэй яваад гуравдахийг нь эмэгтэй гэх мэтээр явж байж ардчиллын үнэт зүйл рүү очно. Тэгэхгүй бол баахан эрчүүд жагсаачихаад 10-аас хойш эмэгтэйчүүдийг жагсааж үүнийгээ квот гэж тайлбарлавал үр дүн гарахгүй л дээ. Үүнийг ард түмэнд, улс төрийн намуудад ойлгуулахын тулд ажиллаад явж байна.

4. Монголын төрд эмэгтэйчүүдийн бодит оролцоо чухал байна. Авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа, тендерийн наймаанд эмэгтэйчүүд оролцдоггүй. Тийм учраас эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодитой болгох ёстой. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо боловсрол, эрүүл мэнд, хувийн хэвшилд илүүтэй гарч ирэх ёстой. Эмэгтэйчүүд олноор ажиллаж байгаа салбаруудад эмэгтэй улстөрчдийн дуу хоолой илүү тод гарах учиртай. Салбар бүрийн эмэгтэйчүүдийн асуудал яагаад шийдэгдэхгүй байна гэхээр тэд өмнөх ажлаа л хийгээд яваад байдаг. Тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг төрд төлөөлөх дуу хоолой сул байхаар салбар, салбарынх нь асуудал шийдэгдэхгүй байна. Тиймээс энэ талаар илүүтэй ажиллах ёстой. Манай намын эмэгтэйчүүд ч яг энэ тал руу бодлогоо хэрэгжүүлээд явж байна.


Ц.Оюунгэрэл: Монгол Улс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх зорилго тавьсан

/АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн/

1. Намуудын эмэгтэйчүүд ирэх сонгуульд урьдын адил эмэгтэй нэр дэвшигчдээ бэлтгэж, идэвхитэй оролцоно. Зохион байгуулалтын хувьд нам бүрийн дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага өөрсдийн нэр дэвшигчдийг бэлтгэж намынхаа хурлуудаар дэмжүүлэх талаар ажиллана. Эмэгтэй нэр дэвшигчдийг сонгогчдоор дэмжүүлэхэд шаардагдах ерөнхий байр суурийг бий болгоход хамтран ажиллана. Манай намын гишүүдийн 52 хувь нь эмэгтэйчүүд.

2. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэй улс төрчдөө сургах, харилцан туршлага судлах, удирдах арга барилыг нь чадваржуулах чиглэлд дотоодын уралдаан тэмцээн, сургалтуудыг зохион байгуулсан. Энэ оны аравдугаар сарын эхний долоо хоногт багтаан Ардчилсан  Эмэгтэйчүүдийн Холбооны Гүйцэтгэх Хорооны хуралдаан болно. Энэ хурлаар Аймаг, дүүргийн Засаг даргын орлогч ба түүнээс дээш төвшний албан тушаалд ажиллаж буй эмэгтэй удирдагч АН-ын гишүүдийнхээ гурван жилийн ажлын тайланг сонсч, бие биеийхээ удирдах арга барилаас суралцах боломжийг 150 орчим ГХ-ны гишүүн эмэгтэйчүүддээ олгох болно.

3. Өнгөрсөн сонгуулийн хуульд тусгасан эмэгтэйчүүдийн квот маш их тус нэмэр болсон. Харин аймаг, дүүргийн сонгуульд эмэгтэйчүүдийн квотгүй тул тэр төвшний сонгууль эмэгтэйчүүдэд ихээхэн хүнд туссан. Ирэх 2016 оны сонгуулийн квотыг УИХ, Нийслэл, Аймаг, Дүүргийн сонгуулиудад зайлшгүй оруулах шаардлагатай. Мэдээж 20 хувь бол дөнгөж анхан шатны л хэмжээний бага квот. Монгол Улс 2015 он гэхэд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэнэ гэж Мянганы Хөгжлийн Зорилтдоо зорилго тавьсан байдаг. Одоо 2015 он дуусах гэж байна, энэ ондоо багтаад сонгуулийн хуульдаа 30 хувийн квотоо оруулчихвал дэлхий нийтийн өмнө 15 жилийн өмнө амласан амлалтдаа хүрэх юм.

4. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж чадахгүй бол намынхаа ҮЗХ, ГЗ-ийн шийдвэрээр эмэгтэйчүүдийн квотын асуудлыг шийдүүлэхээр хөөцөлдөх болно. Ялангуяа квотгүй байгаа аймаг, дүүргийн шатны сонгуульд квот оруулах нь нэн тэргүүнд хөөцөлдөх асуудал байх болно.

5. Эмэгтэйчүүд сонгогчдын итгэлийг хүлээн олноороо сонгогдсоноосоо хойш маш их идэвхтэй, завгүй ажиллаж байгаа. Бидний хийж бүтээсэн, үр дүнд хүрсэн зүйл маш их. Тэр тусмаа урьд өмнө эрчүүдийн хийх гээд чадаагүй, барьж авч чаддаггүй байсан асуудлууд ч их бий. Тухайлбал Тамхины хяналтын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль, Ногоон хөгжлийн бодлого, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, монгол хэлний тухай хууль гээд яривал их зүйл бий. Одоо удахгүй хэлэлцэх Хог хаягдлын тухай хууль ч бидний хамтын бүтээл. Бид хийсэн ажлаа олон нийтэд хүргэх үүднээс хамтарч тайлан гаргах шаардлагатай байгаа. Товчхондоо хэлэхэд бид хамтдаа хүрсэн үр дүндээ сэтгэл хангалуун байгаа, цаашид ч эмэгтэйчүүд хамтраад маш их зүйл хийж чадах юм байна гэсэн итгэл улам их бий болж байгаа.


Л.Сэлэнгэ: Эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх нийгмийн сэтгэлзүй бэлэн биш байна

/МАХН-ын дэргэдэх АШЁМЭХ-ын тэргүүн/

1.МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага 2016 оны бүх шатны сонгуульд аль болох олон эмэгтэйчүүдийг гаргаж ирэх зорилготой ажиллаж байна. Тэр тусмаа орон нутагт аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэйчүүд сонгогдох магадлал өндөртэй гэж үзэж байгаа. Учир нь орон нутагт эмч, багш зэрэг олон нийтэд танил болсон хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Ер нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсролын төвшингөөр хамаагүй дээгүүр байгаа тохиолдолд орон нутагт эмэгтэйчүүд сонгогдох магадлал илүү өндөр.

Эмэгтэйчүүд улс төрд орж ирэхэд гол хүндрэлтэй асуудал бол санхүүгийн асуудал. Тиймээс орон нутагт ажиллаж байгаа боловсрол мэдлэгтэй эмэгтэйчүүдийг  сонгуульд нэр дэвшихэд нь жагсаалтын нэг хоёрт эрэмбэлэх асуудлыг тухайн намын байгууллагын дарга нартай ярьж зөвшилцөх бодлого барьж ажиллаж байна.

2. Ардчилал, Шударга Ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2016 оны сонгуулийн Намын  мөрийн хөтөлбөртөө нийгэмд чиглэсэн олон санал санаачлагуудыг гаргаж байгаа. Тухайлбал, хүүхэд залуучууд, иргэдийн дунд дугуй унах хүсэл сонирхол их болсон.  Дугуйг зөвхөн хүүхэд залуучууд, эсвэл дугуй сонирхогчдын хэмжээнд биш бүх насны хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгох, үүний тулд дэд бүтцийг хэрхэн бий болгох санал санаачлага гаргаад байна. Би өөрөө өнгөрсөн долдугаар сард ХБНГУ-д очиж Герман улс унадаг дугуйг хэрхэн өдөр тутмын хэрэглээ болгосон байдаг талаар нэвтрүүлэг бэлдэж ирсэн байгаа. Та бүхнийг TV9 телевизээр үзсэн болов уу хэмээн найдаж байна. Хэрвээ манай орон унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгож чадвал замын түгжрэл, агаарын бохирдлын асуудлыг шийдэж чадахаас гадна  хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй  чихрийн шижин, таргалалт зэрэг бусад олон өвчнөөс сэргийлж чадна. Энэ мэт эрүүл мэнддээ ээлтэй, байгаль орчиндоо ээлтэй амьдрах, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн чухал санал санаачлагуудыг гаргаж байгаа.

3. 2012 оны сонгуулийн өмнө батлагдсан Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоог 20 хувьд хүргэхээр хуульчилж өгсөн нь үр дүнгээ өгч өнөөдөр парламентэд 11 эмэгтэй гишүүн сууж байна. Гэвч өнөөгийн манай нийгэмд  ажилгүйдэл, ядуурал, хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа тохиолдолд тэдний эрх ашгийг хамгаалж ажиллахад өнөөдрийн 11  эмэгтэй гишүүн хүчин мөхөсдөж байна. Тийм  учраас Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр тусгасан байгаа. Харамсалтай нь УИХ үлдээд байгаа бүрэн эрхийнхээ  хугацаанд Сонгуулийн тухай хуулиа өөрчилж чадах эсэх нь эргэлзээтэй харагдаж байна.

4.Хэрвээ үлдсэн  богино хугацаанд Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж амжихгүй бол улс төрийн намууд дүрмэндээ өөрчлөлт оруулах замаар эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх боломж байгаа. Намын дүрмэндээ жагсаалтаар нэр дэвшигчдийг хүйсээр нь  эрэмбэлэх асуудлыг оруулж чадвал парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж чадна. Өнгөрсөн сонгуулиар эмэгтэйчүүдийг жагсаалтад арваас хойгуур бичсэн учраас цөөхөн эмэгтэйчүүд орсон. Хэрвээ 2016 онд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэж чадсан ч дахиад жагсаалтын 10-аас хойш бичих юм бол дахиад л эрчүүдэд молигодуулна. Тэгэхээр хүйсээр эрэмбэлэх асуудал хамгийн чухал. Улс төрд эмэгтэйчүүд олноор орж ирэх юм бол улс орон, ард түмэн л хожино.

Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл Монголын түүхийн аль ч цаг үед улс төрд зөвхөн эрчүүд л ноёрхож ирсэн. Ялангуяа сүүлийн 25 жилийг  хар л даа.  Эрчүүдийн хайр найргүй улс төрийн нанчилдаан дунд улс орон, жирийн иргэд л хохирч байна. Айл гэрт ээж аав хоёр хоёулаа байж элэг бүтэн, аз жаргалтай амьдарч чаддаг шиг улс орныг удирдахад ч эрэгтэй эмэгтэй аль аль нь байж төрийн бодлогыг тэнцүүлэн авч явж чадна. Өнөөдрийн манай улс орон ээжгүй айлтай л адилхан байна.  Ард түмэн маань ээж нь байхгүй, эцэг нь хамаг эд хөрөнгөө, орон гэртэйгээ зараад архи уугаад дампуурч яваа айлын хүүхдүүд шиг гундуухан амьдарч явна. Тэхээр аль ч орон зайд эмэгтэйчүүд чухал үүрэгтэй. Тэр тусмаа улс төрд. Эмэгтэйчүүд гуйвж дайвдаггүй, урваж шарвадаггүй. Алагчилдаггүй. Эмэгтэйчүүдийн энэ чанар улс төрд үгүйлэгдэж байна.

5. Улс төрийн сонгуулийг мөнгөөр явуулдаг энэ цаг үед эмэгтэйчүүд улс төрд ороход туйлын хүнд. Зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрдэм мэдлэгтэй, улс орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах үнэнч шударга хүн улс төрд орох ямар ч боломж байхгүй. Ийм хүмүүс нь төрийн албанд ажиллаж байдаг. Гэтэл “Төрийн албаны тухай хууль”-иар мэдлэг чадвартай, төрийн ажлын туршлагатай, бэлтгэгдсэн хүмүүс улс төрд орох боломжийг нь хаачихсан байдаг. Энэ нь бас Үндсэн хуулиа зөрччихөөд байхад үүнийг өөрчлөхийг Их хуралд сууж байгаа гишүүдийн хэн нь ч хүсэхгүй байна шүү дээ. Яагаад гэвэл  тэднээс илүү мэдлэг чадвартай хүмүүс орж ирээд ажилгүй болгочих гээд байгаа учраас тэр.

Хэрвээ сонгуулийг мөнгөөр явуулдаг энэ бохир аргаасаа салж чадахгүй бол улс төрд цэвэр агаар орж чадахгүй. Зөвхөн хэдэн баян “наймаачид” л улс төрийг өөртөө ашигтайгаар ашигласаар байгаад эцэст нь эх оронч үгүй болох гашуун цаг ирж мэдэх юм. Ингэж эх орон, газар нутаг, гурван сая иргэнээ бусдад заруулчихгүй үлдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал. Монголын нийгэм социализмын үеэс эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж ирсэн үлгэр жишээ уламжлалтай ч эмэгтэй манлайлагчийг хүлээж авах нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байна.


Ж.Занаа: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд сэтгэл хангалуун биш байна

/Иргэний хөдөлгөөний намын тэргүүн/

1. Иргэний Хөдөлгөөний нам нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудлаар Монгол улсын Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээнд заасан үзэл санаа, зарчимд тулгуурлан ажилладаг. Энэ юу гэсэн утгатай вэ гэвэл тэгш эрх, бодит тэгш байдлыг улс төрийн бүх шатанд бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ болон бүх шатны сонгуульт болон томилогдох албан тушаалд эцсийн үр дүнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн төлөөлөл 50:50 байх, наад зах нь аль нэг хүйсийн төлөөлөл 40:60 байхаар ажиллаж байна.

2. Сонгуулийн хууль бол Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулиудтай нягт уялдаатай хэрэгжих учиртай. Гэхдээ өнгөрсөн сонгуульд оролцсон улс төрийн аль ч нам эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит тэгш байдлыг бүрдүүлэхийн төлөө ажиллаагүй. Тэд эмэгтэй нэр дэвшигчээ нэр дэвшигчдийн жагсаалтад сүүлчийн хэсэгт бичиж оруулсан байсан. Тиймээс тэгш эрхийн, тэгш боломжийн зарчим бүдүүлгээр зөрчигдсөн гэж дүгнэх хэрэгтэй.

3. Манай Иргэний Хөдөлгөөний хувьд бол аль нэг хүйсийн төлөөлөл 40:60 гэсэн зарчмаар, гэхдээ энэ тоо бодит байх үүднээс цахилгаан товчны зарчмаар ажиллана. Бас төр, засгийн эрх мэдэл авах хэмжээнд ажиллах бөгөөд үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдлэн баримталж, хамгийн шилдэг Засгийн газрыг аль нэг нам, нам бус гэж ялгаварлан гадуурхалгүйгээр бүрдүүлэхийн төлөө ажиллана гэж төлөвлөж байна.

4. Эмэгтэйчүүдийн улс төрд оролцож буй өнөөгийн байдалд үнэхээр сэтгэл хангалуун бус байна.


Ч.Базар: Манай нам хамгийн анх дүрмэндээ эмэгтэйчүүдийн квотыг оруулсан

/Иргэний Зориг Эмэгтэйчүүд Холбооны Тэргүүн, доктор/

1. Манай эмэгтэйчүүдийн хувьд Улс төрийн нам болон Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог илүү тодорхой болгох чиглэлээр тодорхой санал боловсруулан намын болон УИХ дахь ажлын хэсгүүдэд хүргүүлсэн. Нэгдүгээрт, УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх, хоёрдугаарт, орон нутгийн сонгуульд 50 хувийн квот оруулах, гуравдугаарт, сонгуульд намууд листээр нэр дэвшүүлэх тогтолцоо хэвээр байвал гурван хүн тутмын нэг нь аль нэг хүйсийнх байх, дөрөвдүгээрт листэнд нэг удаа бичигдсэн бол дараагийн сонгуульд тойрогт нэр дэвших зэрэг асуудлыг санал болгосон. Эмэгтэйчүүдийн сонгуульд өрсөлдөж чадахгүй байгаа нэг бэрхшээл бол сонгуулийн санхүүжилт.

Тийм болохоор сонгуулийн зардлыг намуудад төсвөөс ижил тэгш хуваарилах нь зөв гэж үзэж байгаа. Товчхон дүгнэхэд, манай намд аль ч шатны сонгуульд нэр дэвших боловсролтой, улс  үндэстнийхээ эрх, ашиг хөгжлийн ажиллах улс төрийн хүсэл зоригтой эмэгтэйчүүд олон байна. Ганцхан тэдэнд сонгогдох улс төрийнхөө эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгох ёстой байгаа юм.

2. Хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг бий болгосон нь нэг дэвшил. Гэхдээ тэрхүү 20 хувийг тойрогт болон листэнд яаж хуваарилах нь намын эрэгтэйчүүдийн хүсэл зоригоор илүү явсан гэвэл үнэнд ойртоно. Уг нь суудал хадгалах буюу нийт 76 суудлын 30 хувь нь 22 эмэгтэй гишүүдийнх байна гээд сонгуулийн санал авсан дүнгээр намууд эмэгтэйчүүддээ хуваарилчихвал болох л тогтолцоо. Даанч 22 суудлаа эмэгтэйчүүдэд өгөх улс төрийн хүсэл зориг эрчүүдэд алга. Шударгаар өрсөлдөөд гар гэдэг хууль тогтоогчид, бас сонгогчид байдаг.

Өнөөдөр намуудын  бүлэглэл, фракцийн ширүүн өрсөлдөөн ид хөгжиж, нам бус хэн илүү мөнгөтэй, эрх мэдэлтэй фракц нь улс орныг удирдаж байхад юун эмэгтэйчүүдийн асуудал. Эрх мэдэлтэй болсон, өөрсдөө гишүүн болсон зарим эмэгтэйтэйчүүд ч эмэгтэй хүнээ дэмждэггүй, шударга өрсөлдөөн нэрээр эрэгтэйчүүдийн талд ажилладаг. Ийм гаж буруу тогтолцооны үед олон мундаг эмэгтэйчүүд бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшнээс хол “улс төр шиг заваан юм алга” гээд явцгааж байна. Тэдэнд байдаг ганц үнэн нь миний хүүхдийн, манай монголчуудын ирээдүй яана даа гэдэг санаа зовоосон бодол.

Хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсрол, хоол хүнсний талаар нэг ч өдөр боддоггүй, тэднийхээ төлөө санаа тавьдаггүй, гар хумхин суудаг  ээж нарыг хаанаас ч хэн ч олохгүй. Энэхүү мянга мянган ээжийн бодол, зүтгэлийг нэгтгэвэл улс орны хөгжлийн бодлого гарч ирнэ. Тэднийг УИХ, Засгийн газарт төлөөлөн ажиллах эмэгтэйчүүд яг тавь хувь байвал уг нь нөгөө тэгш байдал, тэгш эрх чинь хангагдах юм.          

3. Манай намын хувьд бол 30 хувийн квоттой. Улс төрийн намаас анх удаа дүрмэндээ квотыг оруулж чадсан, үүний төлөө ч Иргэний Зориг Эмэгтэйчүүд Холбоо тууштай ажилласан. Бодит амьдрал дээр эрх зүйн энэ таагүй орчинг үл тоогоод нэр дэвших эмэгтэйчүүд байвал болох л байх.


Ш.Жавзандулам:  Даян дэлхийн ногоонтнууд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх зорилготой

/Монголын ногоон намын эмэгтэйчүүдийн холбооны дарга асан/

-Намын эмэгтэйчүүдийн байгууллага маань намын дүрмийн хүрээнд, мөн даян дэлхийн ногоон намуудын тунхаг бичгийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангах талаар шат дараатай ажлууд хийгээд явж байна. Маргааш сонгууль боллоо. Та хэнийг сонгох вэ гэсэн үйл ажиллагааг ч мөн явуулж байгаа. Өнгөрсөн сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг 20 хувьтай байхаар тогтоож өгсөн. Үүнийг бага гэж үзэж байгаа.

Өнөөдөр манай нийгэмд эмэгтэйчүүд илүү их хувийг эзэлдэг. Ажил хөдөлмөр эрхэлж буй байдлаас харахад ч гэсэн эмэгтэйчүүд илүү их хувийг эзэлдэг. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх талаар улс төрийн намууд цаашдаа ч олон ажил хиймээр байна. Ногоон намын хувьд өнгөрсөн сонгуулиар 30 хувийн квот тавьж өгсөн. Ирэх сонгуулиар ч энэ бодлогоо барьж явна. Манай намын хувьд жендэрийн асуудлыг илүү мэдрэмжтэй анхаарч үздэг.

Сонгуулийн хуульд квот хэд байгааг харгалзана. Өнгөрсөн зургадугаар сард Даян дэлхийн ногоон намуудын тунхагийн хүрээнд Ази, Номхон далайн орнуудын хурал болсон. Энэ хуралд 90 гаруй орны ногоон нам оролцсон. Хурлаар сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн квот 40 орчим хувьтай байх тухай заалт орсон. Өөрөөр хэлбэл, УИХ-д сонгогдох эмэгтэйчүүдийн квот 40 хувь байх ёстой гэдэгт Даян дэлхийн ногоон үзэлтнүүд санал нэгдсэн гэсэн үг. Энэ заалтаа л мөрдөж ажиллана. Ногоон намын гишүүдийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд. Мэдээж эдгээр гишүүдээс сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо бага хувьтай гарна л даа.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж