"Арвайн Үндэс" компанийн ивээн тэтгэж буй МХБХ-ны “Хүрхрээ” дээд лиг өндөрлөх дөхжээ. Монголын хөлбөмбөгийн сонирхогчдын шимтэн үзэж буй дээд лигийн багууд одоо ердөө 1-2 тоглолтыг хийх үлдлээ. Лигийн тоглолтууд гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй өрнөж байгааг хүснэгтийн байдал тодхон илэрхийлнэ. Лигийн аварга болох 90 хувийн боломжтой яваа “Эрчим” энэ хагас сайн өдөр талбайдаа лигийн өнгөрсөн жилийн аварга “Хоромхон” багийг хүлээн авч тоглоно. Эрчим өнгөрсөн тойрогт цомоо өргөх боломжоо Эрдэнэт хотод алдсан. Тэд Хангарьд багт 2:0 харьцаатай ялагдсан билээ. Харин Хоромхон лигийн төгсгөлийг тун сайн хийж байна. Тэдний шилдэг довтлогч Н.Наранболд мэргэн буучдын жагсаалтыг 21 гоолтойгоор ганцаараа тэргүүлж байна. Мөн Ц.Түмэнжаргалын өмнө энэ улирал хөл тавьсан анхны хүн боллоо. Тус тоглолт Эрчим клубын ТЭЦ-4 талбайд Ням гарагийн 14:00 цагт эхэлнэ.
Энэ тойргийн хамгийн шилдэг тоглолт нь энэ байх хэдий ч үүнээс дутахгүй нэгэн тоглолт биднийг хүлээж байна. Аваргын дайралт хийх боломжтой “Сэлэнгэ Пресс” энэ удаа “Улаанбаатарын Унаганууд” багтай өрсөлдөх хуваарьтай байна. Унаганууд хэрвээ энэ тоглолтонд хожил байгуулж чадвал “Сэлэнгэ Пресс” багаас 3-р байрыг булаан авах боломжтой. Ижил оноотой бичигдэж буй ч тэд гоолын зөрүүгээр илүү. Аль алинд бүх талын боломж байгаа учир сонирхолтой 90 минут өрнөх нь дамжиггүй. Энэхүү тоглолт ням гарагийн 14:00 цагаас МХБХ-ны талбайд явагдана.
“Хүрхрээ” дээд лигт үлдэж ирэх жил өрсөлдөх эрхээ өвөртлөхийн төлөө “Дэрэн” болон “Улаанбаатарын мазаалайнууд” багууд хатуу тэмцэл өрнүүлнэ. “Дэрэн”клуб энэ тоглолтонд ердөө тэнцсэн үр дүнг авахад л унах аюулаас бүрэн зайлсхийнэ. Харин хожигдвол байдал эвгүйтнэ. Учир нь тэд сүүлийн тоглолтоо “Эрчим” багийн эсрэг хийх маш хүнд тоглолт хүлээж байгаа. Тиймээс энэ боломжийг ашиглах ёстой. Харин “Дэрэн” багаас дөрвөн оноогоор хоцорчихоод байгаа “Мазаалайнууд” үлдсэн хоёр тоглолтоо үр дүнтэй оноо салгасан, ялангуяа хожлын оноотой дуусгаж чадвал ирэх жил лигтээ шинэ бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөх боломж нээгдэнэ.
Энэ жил лигээс унаж, “1-Р ЛИГ”-т өрсөлдөх тун дөхөөд буй “Соёмбын барсууд” баг энэ тойрогт Эрдэнэт хотыг зорьж, “Хангарьд”багтай тулна. Лигийн чанар чансааг харуулсан хатуухан сорилт тэднийг угтаж байна. 400 км аялаад хожлын оноотой ирж чадвал тэд 7 оноотой болохоос гадна хоёр дараалсан ялалт байгуулж, 8-р байрны төлөө өрсөлдөх боломжтой болно. Хэрвээ 8-р байраар лигийг дуусгаж чадвал тэд доод дивизон болох “1-Р ЛИГ” тэмцээний 3-р байр эзэлсэн багтай плэй-оффын тоглолтыг хийнэ. Гэхдээ энэ ньтун хүнд байх болно. Учир нь Хангарьд талбайдаа “Эрчим”-ийг өнгөрсөн тойрогт буулгаж авсан. Мөн шагналт 3-р байр тэдэнд харагдсаар байгаа. Тиймээс тамирчдын сэтгэлзүй болоод хөгжөөн дэмжигч Эрдэнэтчүүдийн хувьд хожлын төлөө 90 минут дуу нэгтэй зогсохоос өөр аргагүй.
Ийм нэгэн сонирхолтой долоо хоног эхлэх мөч ойртож байна. Та бүхэн өөрсдийн дэмждэг багаа ирэх амралтын өдрүүдэд МХБХ-ны талбайд хүрэлцэн ирж дэмжээрэй.
Б.ЭНХ