Засгийн газрын даваа гаригийн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Төсвийн алдагдал, оны эцэс гэхэд нэг их наяд хүрэхээр байгаа юм. Ийнхүү 2015 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийхээр Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна.
УИХ-аас Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсны дараа хуульд заасан хугацаа болох арваннэгдүгээр сарын 15-нд багтаахын тулд 2014 оны төсвийг “эзэнгүй”-гээр баталсан юм. Тиймээс шинэ оны дараахан Шийдлийн Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “эзэнгүй” батлагдсан 2015 оны төсвийг танах үүднээс төсвийн тодотгол хийж, УИХ-д оруулснаар төсвийн зарлагыг 500 тэрбум төгрөгөөр танасан билээ. Харин энэ удаагийн тодотголоор төсвийг дахин танахаар Сангийн яамныхан төслөө боловсруулж байгаа юм байна.
Энэ оны төсөвт төлөвлөсөн хэмжээнээс 700 гаруй тэрбумаар тасарсан нь импортын барааны НӨАТ болон гаалийн татвар их хэмжээгээр тасарсантай холбоотой. Нөгөө талаар УИХ-аас батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуультай холбоотойгоор төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс нэлээд буурчээ. Мөн өмч, хувьчлалаас 180 тэрбумыг төвлөрүүлэхээр төсөвлөсөн нь төсөвт багагүй дарамт учруулсан байна. Ер нь төсвийн төлөвлөлтийг харахад зарлага нь төлөвлөсөн хэмжээнээс их, орлого нь төсөвлөсөн хэмжээнээс бага байдаг. Өөрөөр хэлбэл, жил бүр төсвийн алдагдал төлөвлөснөөс өндөр, өнгөрсөн онд гэхэд 800 тэрбум, энэ онд бараг нэг их наяд хүрэхээр байгааг дээр дурдсан.
Намрын чуулганаар 2015 оны төсөвт тодотгол хийх, мөн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж батлах юм.
Энэ намрын чуулганаар нийтдээ 27 асуудал хэлэлцэхээс Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл жагсаалтын хоёрт бичигдсэн байна. Хамгийн түрүүнд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор тус хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ хэлэлцэх юм байна.
Үе, үеийн Засгийн газар орлогыг хэтэрхий өндөр төлөвлөдөг. Энэ оны төсөвт гэхэд нэг тонн зэсийн үнийг 6080.2 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд нэг тонн нь 71.7 ам.доллар, коксжих нүүрсний хувьд нэг тонн нь 60.9 ам.доллар байхаар тус тус тооцсон байдаг. Гэвч өнөөдөр дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын бүтээгдэхүүний уналт үргэжилж, нэг тонн зэс 5115 доллар болтлоо уруудаж, нэг тонн коксжих нүүрсээ 30 доллараар зарж байгаа юм. Уул уурхайн салбарт хийгдэх гадаад худалдааны гааль татвараас улсын төсвийн орлогын бүрдүүлэлт ихээхэн хамаардаг. Энэ жил гадаад худалдаа татарч, эрдэс баялгийн экспортын орлого буурснаар хэтрүүлэгтэй батлагдсан төсвийн орлогын бүрдүүлэлт өнгөрсөн наймдугаар сарын байдлаар дөнгөж 50 хувьтай байгаа юм.
Улстөрчид аливаа хуулийн зүйл заалтыг маш чадварлаг ашигладаг. Тухайлбал, Төсвийн тухай хуульд алдагдлыг хоёр хувьтай байхаар тусгасан. Хуулийн энэ заалтыг ашиглан жил бүрийн төсөв алдагдалтай батлагддаг. УИХ-аас жил бүр алдагдалтай төсөв батлаад зогсохгүй алдагдлын хэмжээ төлөвлөгөөнөөс бүр ч их байдаг. Өөрөөр хэлбэл алдагдлын гүйцэтгэл алдагдлын төлөвлөгөөг давдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд улам гүнзгийрч байна.
Ирэх оны төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага бий болжээ. Төсөв хэлэлцэх цагаар улстөрчид бүгдээрээ тооны машин бариад суувал уг нь сайн. Гэвч УИХ-ын сонгуулийн жил тохиож байгаатай холбоотойгоор төсвийн хөрөнгийг тал, тал тийш нь цацах, бүр хүн ичиж, цочмоор санал гаргаж магадгүй шүү.
Тиймээс ирэх оны төсвийг ч Төсвийн тухай хуульд заасан хоёр хувийг ашиглан алдагдалтай батлах магадлал өндөр. Учир нь ирэх онд УИХ-ын сонгууль болох учраас улс төрийн зорилготой хөрөнгө оруулалтын хэмжээ эрх өсч болзошгүй байна. Харин эдийн засаг талаасаа ирэх оны төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага бий болжээ. Улс төрийн зорилготой хөрөнгө оруулалтаа бүгдийг нь танаж, төсөв захиран зарцуулагчид тансаг хэрэглээгээ хумихаас өөр аргагүй нь.
Сайдаар томилогдсон болгон өөртөө зориулсан өрөөнийхөө дизайныг төсвийн мөнгөөр өөрчилж, солиод байвал алдагдал буурахгүй. Ирэх онд ч эрдэс баялгийн үнийн уналт үргэлжлэх төлөвтэй байгаа тул газар дээр буусан бодитой төсвийг батлах ёстой. Учир нь Төсвийн алдагдлыг дахин санхүүжүүлэх боломжгүй болсон. Хэрэв дахин санхүүжилт хийвэл төсвийн алдагдлыг улам гүнзгийрүүлнэ. Тиймээс аль болохоор алдагдалгүй төсөв батлахын тулд УИХ ирэх оны Төсвийн тухай хуульд хариуцлагатай хандахаас өөр аргагүй нь. Төсөв хэлэлцэх цагаар улстөрчид бүгдээрээ тооны машин бариад суувал уг нь сайн. Гэвч УИХ-ын сонгуулийн жил тохиож байгаатай холбоотойгоор төсвийн хөрөнгийг тал, тал тийш нь цацах, бүр хүн ичиж, цочмоор санал гаргаж магадгүй шүү. Иймээс л Засгийн газар шар махтайгаа хатахгүйн тулд төсвөө бодитой төлөвлөх, УИХ нь Ч.Улаан гишүүний хэлдэгчлэн “Шахсан бяслаг” шиг төсвийг батлах цаг болж. Түүхий, нойтон төсөв батлахын хэрээр л эдийн засагт дарамт ирдэг. Эргээд эцсийн ачааг нь иргэд л үүрдэг шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН