“Алтан гадас” одонт Бэрхийн сургуулийн түүхт 60 жилийн ойн баярын арга хэмжээ есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд боллоо. Баяр наадмын үеэр “Алдраа дуургасан 60 жил” хүндэтгэлийн тоглолт, “Сэтгэлд дотно сурагч нас минь” түүхэн музей, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Мөн “Дурсамж дүүрэн бидний сургууль” багш, шавийн уулзалт, “Шилдэг 60 төгсөгч”-дэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Бэрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Лхагвамижидийн Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Юуны өмнө 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Анхны бага сургуулиас эхлээд 12 жилийн боловсролыг үеийн үед өгсөн байна?
-Та бидний төрөлх сургууль “Оюуны их өргөө” маань тэртээ 1955 онд Монгол Улсын өнгөт металлын ууган уурхай болох Бэрхийн уурхайг түшиглэн анхны гал голомтоо бадраан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Анхны 1-3-р ангид халх, казак, буриад, урианхай, дөрвөд гэх мэт үндэстэн ястны 26 сурагчтайгаар бага сургууль байгуулагдсан түүхтэй. Өдгөө түүхт 60 жилийн ойтойгоо золгож байна. Анхны бага сургуулиас эхлээд 7, 8, 10, 11, 12 жил гэсээр нэгэн жаранд зургаан удаа ахиж дэвшин шинэчлэгдлээ. Өнөөдөр энэ түүхэн ойн баярыг үе, үеийн төгсөгч нартайгаа хуваалцлаа. Манай төгсөгчдөөс шинжлэх ухаан, соёл урлаг, спортын алдартан, улс төрийн болон нийгмийн бусад салбарын зүтгэлтнүүд олноор төрөн гарч, улс орныхоо хөгжилд хувьд нэмрээ оруулж байгаа нь бидний бахархал билээ. Хэдийгээр алс холоос сургуулийн ойн баярт хүрэлцэн ирж чадаагүй ч гэсэн нийт төгсөгчид та бүгдийн зүрх сэтгэл энд байсан гэдгийг хэлмээр байна.
-Бэрхийн сургуулийн 60 жилийн түүхэн ойн баярыг тохиолдуулан олон бүтээн байгуулалтыг хийсэн байна. Энэхүү баярын арга хэмжээнд хичнээн төгсөгчид ирсэн бэ?
– Манай сургууль түүхэндээ гурван ойг тэмдэглэсэн байдаг. Анх 45 жилийн ойн баярыг Г.Дэлгэрмаа захирлын үед хийж байсан юм. Энэхүү ойгоос таван жилийн дараа 50 жилийн түүхэн ойг тэмдэглэсэн байгаа. 2015 оны хувьд түүхт 60 жилийн ой тохиож, бид бүхэн олон сайхан бүтээн байгуулалтыг хийж, залуу хүмүүсийн хүсэл тэмүүлэл хүчтэй байдаг гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Бэрхийн ерөнхий боловсролын сургуулийн 60 жилийн түүхэнд 3300 гаруй сурагч төгссөнөөс 1300 орчим төгсөгчид хүрэлцэн ирж, баярын арга хэмжээнд оролцлоо. Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист байдаг нийт төгсөгч нартаа баярын мэндийг хүргэж байна.
Сурагчдын хэрэглэж байсан “Пионерийн үнэн” сонин, “тавын дэвтэр”, “дурсамжын дэвтэр”, “соруулдаг үзэг” болон үүрдэг цүнхээс эхлүүлээд үе үеийн түүхийн баримт болсон зүйлүүдийг дэлгэн харууллаа. Энэ бүгдийг хараад сэтгэл нь хөдөлж, сурагч насны үеэ дурсан талархал илэрхийлж буй олны сэтгэлийг хараад сайхан байна.
-Таны хувьд сургуулийн 50 жилийн түүхэн ойн жилд багшаар ажиллаж байсан гэсэн. 60 жилийн ойн онцлог юу байв?
-Бэрхийн сургуулийн 50 жилийн ойг Х.Баасанжав захиралын үед хийж байсан. Тэр үед би сургуульдаа багшаар ажиллаад гурван жил болж байсан юм. 2013 оноос сургуулийн захирлын албыг хийж эхэлсэн. Энэ жил сургуулийн 60 жилийн түүхэн ой тохиож, бид бүхэн өндөр ач холбогдлыг өгч олон бүтээн байгуулалтыг хийлээ. Үе үеийн төгсөгч нарын дурсамжийг сэдрээсэн зургийн үзэсгэлэнгээс эхлүүлээд олон бэлгийг сургуулиа гээд зорин ирсэн нийт төгсөгч нарынхаа өмнө дэлгэн харууллаа.
– Нэгэн жарныг туулсан Бэрхийн сургууль түүх арвин. Түүхт ойн баяраар "шилдэг 60" төгсөгчийг тодруулсан байна?
-Түүхийн хуудсыг эргээд харахад 1955-1956 онд Ж.Дашзэвэг захиралтай анхны бага сургуулийн хичээлийн байр хоёр тасалгаатай эсгийн амбаарт(тухайн үеийн нэрээр) байрлаж байсан байсан. 1958-1968 онд 7 жилийн дунд сургууль болж, 1969-1984 онд 8 жилийн дунд сургууль, 1984-2006 онд 10 жилийн сургууль, 2007-2014 онд 11 жилийн сургууль, 2015 оноос 12 жилийн сургууль болон өргөжлөө. Энэ хугацаанд үе үеийн төгсөгч нараас "шилдэг 60" төгсөгчийг тодруулж, хүндэтгэл үзүүлсэн. Анхны захирал, анхны бага сургуулийн төгсөгчид, анхны онц сурлагатан, анхны урлагийн авьяастан гээд түүхийн олон баримтууд бидэнд үлдлээ. 1959 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн "Пионерийн үнэн" сонинд бичигдсэн онц сурлагатан Л.Дашзэвэгийн дурсамжаас эхлүүлээд Харвардийн их сургуулийг дүүргэсэн Л.Оюун-Эрдэнэ нарын олон бахархмаар төгсөгчид бий. Тиймээс үе үеийн төгсөгч нараас "шилдэг 60"-г тодруулж, хүндэтгэл үзүүллээ.
-60 жилийн ойг угтаж хийсэн бүтээн байгуулалтын ажлаасаа дурдахгүй юу?
-Бэрхийн сургуулийн түүхт 60 жилийн ой бол үе үеийн төгсөгч нарын хандив, дэмжлэгээр болсон. Би энд тэр бүгдийг хэлээд барахгүй байна. Ойн хүрээнд засварын ажил маш их хийгдсэн байгаа. Хичээлийн 1, 2-р байрны спорт заалны их засвар, спортын гадна талбайн тохижилт, 1-р байрны гадна тал, 2-р байрны дээвэр, сургуулийн дотоод засвар зэрэг олон ажлууд хийгдлээ. Үүнээс гадна сургуулийн түүхэн музей, хүндэтгэлийн самбарууд, хүндэтгэлийн шилэн хоргыг тохижуулсан. Үе үеийн төгсөгчид, хамт олны дурсамж, түүхэн фото агшныг багтаасан “Нэгэн жарны шаштир” дурсамж ном хэвлэгдлээ. Сурагчдын хэрэглэж байсан “Пионерийн үнэн” сонин, “тавын дэвтэр”, “дурсамжын дэвтэр”, “соруулдаг үзэг” болон үүрдэг цүнхээс эхлүүлээд үе үеийн түүхийн баримт болсон зүйлүүдийг дэлгэн харууллаа. Энэ бүгдийг хараад сэтгэл нь хөдөлж, сурагч насны үеэ дурсан талархал илэрхийлж буй олны сэтгэлийг хараад сайхан байна. Үүнд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн байсныг хэлэхэд таатай байна. Ойн бүтээн байгуулалтын ажил бол хамт олны минь хичээл зүтгэл байлаа. Ахмад үеийн ухаалаг шийдэл, залуучуудын зоримог хүсэл дор энэ бүх ажил явагдлаа. Ахмад багш Н.Дорж, багш Ц.Наранцэцэг, Н.Туяа гээд хамтран ажилласан бүгдэд талархаж байна. Удирдлагын багаас гадна гол ажлыг хийж буй багш, ажилчид, нийт төгсөгч та бүхэндээ баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.
1998 оны төгсөгчид жагсаалын үеэр. 2015.09.19 Бэрх сум.
Бэрхийн ЕБС-ийн хамт олон. 2015 он.
Хичээлийн I байр.
Хичээлийн II байр.
Бэрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 60 жилийн ойн баярын үеэр хурдан дааганы уралдаан, өсвөрийн шагайн харваа, өсвөрийн бөхийн барилдаан болсон юм.
Өсвөрийн бөхийн барилдаанд 10 сумын 32 бөх барилдсанаас Бэрх сумын Б.Отгонбат (11a) түрүүлж, Мөрөн сумын Пүрэвдорж үзүүрлэн, Батноров сумын Г.Бараашир, 1-р сургуулийн Г.Төртогтох нар шөвгийн дөрөвт үлдсэн.
Тусгай шагналыг уран барилдаанч Ж.Эрхэмхүү, уран гараа дэвээ М.Дөлгөөнтамир, ёс жудагтай бөхөөр Б.Есөнтөмөр нар шалгарсан юм.
Шагайн харвааны тэмцээнд Б.Пүрэвбат(10б) түрүүлж, Ч.Мөнх-Оргил(5б), Б.Ононбаяр(11a) нар удаалав.
Хурдан дааганы уралдаанд Баянмөнх сумын харьяат аймгийн алдарт уяач Содномын Батзаяагийн зээрд халзан түрүүллээ.
ДААГА:
1.Баянмөнх сумын харьяат, аймгийн алдарт уяач Содномын Батзаяагийн зээрд халзан. Унаач Х.Анх-Учрал.
2.Батноров сумын харьяат, залуу уяач Баянмөнхийн Баянбатын сартай хүрэн. Унаач Баянбатын Баяржавхлан.
3.Баян-Адарга сумын харьяат, залуу уяач Содномын Энх-Амгалангийн хүрэн халзан. Унаач И.Отгонбаатар.
4.Баянмөнх сумын харьяат, улсын манлай их хүлэгч, сумын алдарт уяач Лувсандашийн Хүүхэнхүүгийн хонгор. Унаач Дармаагийн Түмэнбат.
5.Батноров сумын харьяат, залуу уяач Ганбатын Мөнгөнбаярын шарга. Унаач Ганбатын Мөнгөнбаяр.
Аймгийн алдарт уяач, сумын заан Содномын Батзаяатай ярилцлаа.
-Бэрхийн сургуулийн 60 жилийн ойн баярын өдөр хурдан дааганы уралдаанд таны уяасан хүрэн халзан даага түрүүллээ. Таны даага энэ жил их олон айраг авч байгаа гэж дууллаа?
-Баярлалаа. Би Баянмөнх сумаас ирсэн. Хэдийгээр 200 гаруй километр замыг туулж ирсэн ч хүрэн халзан даага маань түрүүллээ. Үнэндээ миний даага энэ жилийн тав дахь наадамдаа уралдаж, магнайдаа тоос хүргэлгүй ирлээ. Олон газраас ирсэн хурдан дааганууд болоод ч тэрүү би дотроо айрагдах болов уу гэж бодож байлаа. Хүрэн халзан даага долдугаар сарын 30-ны өдөр Баянмөнх сумын 3-р багийн өдөрлөгт айргийн тавд хурдалсанаас хойш мянгатын наадамд аман хүзүүнд, сумын дунд сургуулийн 80 жилийн ойд гуравт давхиад Бэрхийн баярт ирсэн. Энэ жилийн сүүлийн уралдаанд даага маань түрүүлсэнд баяртай байна. Түүхт ойн баярт морио уяаад айраг аваад зогсохгүй түрүүлнэ гэдэг бол уяач хүний нэг бахархал юм.
-Унаач хүүхдийн авхаалж самбаа уралдааны замд гол нөлөөтэй шүү?
–Тэгэлгүй яахав. Миний хүрэн халзан даагыг Хүрэлбаатарын Анх-Учрал гэж хүү уналаа. Энэ жил 12 настай түүний хувьд хүрэн халзанг анх удаа унаж, хурдлууллаа. Өмнөх наадмуудад өөр хүүхэд унаж байсан юм. Тэр их мэдрэмжтэй унаач хүүхэд. Түүний хувьд сумын шилдэг унаачаар таван удаа шалгарч байсан.
–Морь хурдан байх, уяач өнгөтэй байх жилийн наадмуудаасаа дурсаач?
-Олон наадам байна. 2007 оны Баянмөнх сумын наадмаас дөрвөн түрүү, нэг аман хүзүүнд морьд маань орж, би өөрөө бөхийн барилдаанд үзүүрлэж байсан. Энэ наадам бол миний амьдралд мартагдахын аргагүй дурсамж үлдээсэн дээ. Мөн 2010 онд сумынхаа наадмаас хоёр түрүү, долоон айраг авч байсан гайхалтай үе бий. Наадам бүхэн дурсамжтай. Би аймгийн наадамд их насны хонгор морио түрүүлгэж байсан. Мөн Хэнтий аймгийн 80 жилийн төрийн их баяр наадмаар халтар шүдлэнгээ гуравт, Боржингоны бүсэд хар соёолон морь айргийн тавд хурдлуулсан. Улс, бүсийн хоёр айрагтай, аймгийн болон бүсийн чанартай наадамд 5-6 айрагтай. Энэ оны хавар аймгийн алдарт уяач хэмээх эрхэм хүндтэй цолыг авлаа. Энэхүү шагнал миний 20-иод жилийн хөдөлмөр юмдаа. 8-р ангиа төгсөөд л мал дээр гарч, морины хийморьт сэтгэлээ өгөөд явж байна.
-Морь уяахын хажуугаар бөх барилдана. Аль алийг нь амжуулаад байдаг?
-Манайхан бөхийн удамтай. Аавын маань ах начин Зундуй гэж тэмээ өргөж бэлтгэл хийдэг хүн байсан гэсэн. Сумынхаа наадмын бөхийн барилдаанд өөрөө түрүүлж, мөн уясан ч морь нь ч айраг, түрүү авдаг байсан гэдэг.
Ч.БОЛОРЧУЛУУН
(1998 оны төгсөгч)