Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

АН-ын даажигнал

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэртэй холбоотойгоор, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын захирамжаар энэ намар ээлжит бус чуулганыг хоёр ч удаа зарлан хуралдууллаа. Эхний ээлжит бус чуулганы зорилго нь МАН-ын зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өршөөлийг хуулийг батлахад чиглэгдсэн бол өнгөрөгч баасан гаригт хаалтаа хийсэн ээлжит бусаар Шийдлийн засагт ажиллах зургаан сайдыг томилж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан гэх нэр зүүгээд өндөрлөв. Ээлжит бус чуулганы хаалтад арав гаруйхан гишүүн оролцсон бөгөөд ихэнх нь тодорхой шалтгаангүйгээр “алга” болжээ.

Уг нь Ерөнхийлөгчийн хоригийн хүлээж авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт дээр Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, боловсруулсан төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч мөн л ирц хүрээгүй гэсэн шалтгаантайгаар хоёр удаа хойшлогдож, эцэс сүүлдээ энэ асуудлыг намрын чуулган руу шилжүүлээд Р.Гончигдорж ээлжит бус чуулганы хөшгийг хааж орхино лээ.

Ингэснээр өршөөлд хамрагдах, өдөр, цаг минутаа хүлээж байсан 2000 хоригдлын асуудал ч дагаад хойшлогдов. Сүүдрийн эдийн засагт нуугдсан их мөнгийг олох операци ч мөн хойшлогдов. Ардчилсан намынхан байг гэхнээ Өршөөлийг хуулийг эсэргүүцэж, мэдэгдэл хийгээд байсан МАН-ынхан таг.

Эдийн засаг нь гүн хямрал руугаа ойртож, төсвийн алдагдал нь 734 тэрбумд хүрснийг эрх баригчид үнэндээ мэдэж байгаа ч юм уу даа.  “Сүх далайтал үхэр амгалан” гэгчээр “үртсэн” дээрээ хэрэлдээд сууж байдаг улс Монголоос өөр байдаг болов уу? Үүцээ зарах, худалдах асуудал ч бүр өнгөрөв бололтой, Тавантолгойн тухай улстөрчид ярихаа байсныг харвал шүү дээ.

Тавантолгойгоо эргэлтэд оруулж, Гацууртын ордоо олборлож, Оюутолгойгоо хөдөлгөх гэсэн Ч.Сайханбилэгийн өмнөөс УИХ нь “Битгий хуцаа” л гэж байна. Сайндаа л Ч.Сайханбилэг сайд энд тэндхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, урагшилдаггүй Тавантолгой, Оюутолгойгоо хөдөлгөнө гэсэн ухуулга хийдэг ч энэ үгэнд нь итгэх хүн ч алга болж. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно гэсэн Шийдлийн Засгийн газрын шийдвэр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн өмнөх сайдтайгаа хамт “замхарсан” бололтой. Ингэсхийгээд ирэх оны сонгууль болоосой гэж халагласан хүмүүсийн тоо л харин өдөр ирэх тусам өсч байна.

Энэ бүхнээс харахад З.Энхболдын парламентад сандал суудал, сайдыг халах, солих асуудал чухал болохоос эдийн засаг нь элгээрээ хэвтэх нь огтоос хамаагүй бололтой. Тийм ч учраас энэ парламент бүрэн эрхийн хугацаандаа сандал суудал, эрх мэдлийн хэрүүлд ихэнх цагаа барсан нь худлаа биш юм.  Үлдсэн хоёр чуулганыг арай үр дүнтэй өнгөрөөх болов уу гэтэл бас л үгүй аж. Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар  Засгийн газрыг огцруулах, сайдыг нь солих, чөлөөлөх  өнөө л улигт асуудал  дахин хөндөгдөж магадгүй байна. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах операцийг Г.Уянга эхлүүлж, Ардчилсан нам болон МАН-ын зарим гишүүд гарын үсэг зурсан гэх мэдээлэл хэвлэлээр өдлөх болж. Үүний өмнөхөн Өршөөлийг хуульд тавьсан хоригтой холбоотойгоор Ч.Сайханбилэгийг огцруулна гэж сүрдүүлээд байсан МАХН нь ч орилоод эхэлсэн байна лээ.

Тавантолгойгоо эргэлтэд оруулж, Гацууртын ордоо олборлож, Оюутолгойгоо хөдөлгөх гэсэн Ч.Сайханбилэгийн өмнөөс УИХ нь “Битгий хуцаа” л гэж байна.

Эдийн засаг маш муу байгааг хүн болгон сануулсаар байна. Гэвч, юу ч болоогүй мэт чимээгүй байгаа УИХ-ыг харахад “Илүү ихээр бүсээ чангал” гэсэн ийм л бодлогыг иргэддээ тулгаж байх  шиг.

 Гурван жил хямарсан эдийн засгаа УИХ-ын дарга З.Энхболд дөнгөж сая л олж харсан бололтой, "Р.Бурмаа сайн ажиллаж байгаа, Засгийн газар ажиллахгүй байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Ярилцлагыг нь уншаад үзэхээр З.Энхболд Ерөнхий сайд ч юм шиг. Эндээс харахад З.Энхболд гэдэг хүн Засгийн газрын тэргүүний ажлыг албан бусаар хийх болжээ гэсэн ганцхан дүгнэлтэд хүрч буй.

Тус намын генсек Л.Эрхэмбаяр Архангайд болсон Ардчилсан намын хангайн бүсийн чуулга уулзалтад оролцох үедээ “Засгийн газрыг оны өмнө “унагана” гэх мэдээлэл байгаа” талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад “Ерөнхий сайд төрийн ажлаа маш сайн хийх хэрэгтэй. Бидэнд ажлаа сайн хийдэг Ерөнхий сайд хэрэгтэй” хэмээн хариулснаас харахад Ардчилсан нам ахиад засгаараа “наадах”-аас айхгүй байгаа аж. Энэ бүхэн АН-ынхан өнөөдөр дүрэмгүй тоглоомондоо хэт донтсоныг харуулж буй юм.

Хоёр биш,  бүр гурав биш,  дөрөвдүгээр ээлжийн хоолонд орох гэсэн АН-ынхны даажигнал бүхний ард эдийн засгийн уналт улам гүнзгийрсээр байна. Үүнийг олж харах хүсэл ч үгүй бололтой, тэдэнд. УИХ-д Ардчилсан нам 35 кноптой гэвэл сайд болоогүй үлдсэн нь тун цөөхөн.  Эрхбаригч намын энэ хэнэггүйрэл ирэх сонгуульд ялахгүй гэдгээ мэдэрсэн ч юм шиг. Амжаад албан тушаалын “дон”-гоо дарах гэсэн Ардчилсан намын даажигнал үнэндээ хэрээс хэтэрлээ. Аль эсвэл аврал нь гээд итгэчихсэн “хар машин”-даа тэд одоо ч найдсаар байгаа  хэрэг үү?!

Засагт уригдаж орчихоод, хөөгдөж гарсан МАН-ынхан ч гэсэн Ардчилсан намынханд ”дээрэлхүүлж” байхдаа таарсан амьтад. Б.Энхтүвшин, Ё.Отгонбаяр хоёроос өөр Тавантолгойг асууж сурагласан хүн тус намд байна уу?  Засагт байхдаа таг чиг байсан хэрнээ засгаас гарангуутаа "Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээг зурахдаа асууж сураглаагүй" гэж “алиалах” жишээний. Эрх барьж байгаа нам эрх мэдэл, идсэн уусандаа бялуураад улс нь дампуурч, эдийн засаг нь сүйрч буйг олж харах нүд нь сохорчихож гэмээн сөрөг хүчнийхээ хувьд МАН-ынхан ядаж л ээлжит бусаар эдийн засгийн асуудлаа хэлэлцэх хэрэгтэй гэсэн улс төрийн акц явуулж болно доо. Эсвэл  Ардчилсан намынхантай адилхан тэдний харах нүд нь “хаагдчихсан” юм уу?

АН-ынхан өнөөдөр дүрэмгүй тоглоомондоо хэт донтжээ. Бүгдээрээ хоолонд хошуугаа дүрэх гэсэн АН-ынхны даажигнал бүрийн ард эдийн засгийн уналт улам гүнзгийрсээр байгааг тэд олж харах хүсэлгүй ч байх шиг байна.

Өнгөрсөн бямба гаригт үнэгүй бараагаа “тараана” гэж даажигнасан “Эксклюзив” гэх компанийн эзэн бүсгүйн үйлдэл өнөөгийн төрийн байж байгаа царайг харуулсан явдал гэж хардахаар. Дээр, доргүй дүрэмгүй амьдарч, дүрэмгүй тоглосны нэг илрэл бол "Эксклюзив" . Өршөөлийн хуулийн гол зорилгыг өөрчилсний хар гай.

Үнэндээ бол Өршөөлийн хуулийг батлах гэсэн гол зорилго нь  хөрөнгөө ил болгосон ч  татвараа төлж чадаагүй, акт, алданги, торгуультай яваа компаниудаа л өршөөхөд чиглэгдэж байсан болохоос авлигачдыг өршөөнө гэж анхнаасаа тохиролцоогүй биз дээ. Н.Энхбаяр гэгч хүний ээлжит захиалгаар анхны зорилгоосоо хазайж, авлигчдыг өршөөх хууль болоод батлагдчихсан болохоос биш… Гэхдээ АН-ынхан өнгөн дээрээ Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авсан мэт харагдаж байгаа ч ардаа бол өнгө зүсийг хувиргах "Шударга ёс" эвслийнхэнтэйгээ санаа нэг  байгаа гэх.  Ёстой л  наашаа харж уйлж, цаашаа харж инээх нь холгүй  Ардчилсан намд өнөөдөр итгэхэд ч бэрх болж.

Эцэст нь хэлэхэд эдийн засаг  төсөөлснөөс муу, бүүр муу байна. Ажилгүйдэл нэмэгдэж, чанаргүй зээл өсч, эрдэс баялгийн үнэ улам унаж, долларын ханш 2000 хүрч, төгрөгийн худалдан авах чадвар хоёр дахин уналаа. Ардчилсан намд итгэж, тэвчиж хүлээсний үр дүн энэ. Ирэх хоёр жил эдийн засаг сайжрахгүй гэсэн эдийн засагчдын үг  иргэдийг айлгаж байна. Компаниуд зарлагаа хумьж, гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулалт буурч, аж ахуйн нэгжүүд ажилчдаа цөөлж, хямралд хэдийнэ бэлтгээд эхэлчихэж. Баялгаа эргэлтэд оруулахыг эсэргүүцсэн УИХ харин  төсвийн алдагдал, өөрсдийнхөө алдааг иргэдийнхээ халааснаас гаргахаар шийдэж.  Ичиж эмээхгүйгээр эдийн засгаа сүйрүүлж байгаа эрх баригчдыг заримдаа "чөтгөр аваасай" гэж хараамаар санагдах юм. Ийм хэнэггүй УИХ-аас ихийг хүлээх хэрэг юун. Буцах бэрд үнээ, тугал нийлэх хамаагүй гэдэг биз дээ.

Ж.НЯМСҮРЭН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж