Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд, ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
УИХ-аас 2007 онд Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж байсан аж. Тухайн үед тус салбарт ганц л аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Одоо харин энэ салбарт хувийн хэвшлүүдийн оролцоо нэмэгдсэн, мөн төмөр замаар тээвэрлэх ачааны эргэлт өсчээ. Тухайлбал, 2007 онд төмөр замаар 14.1 сая тонн тээвэр хийж байсан бол одоо 21 сая тонн тээвэр болж нэмэгдсэн. Мөн 590 гаруй аж ахуйн нэгж төмөр замын салбарт үйл ажиллагаа эрхлэх болсон. Цаашдаа төмөр замын тээвэр ложистикийг хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа. Энэ бүх шаардлагатай холбоотойгоор 2007 онд баталж байсан хууль өнөөдрийн хэрэгцээг зохицуулах боломжгүй болжээ. Тиймээс уг хуулийн 80 гаруй хувийг шинэчлэхээр болсон байна.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцжээ.
Эдийн засаг хүндэрч байгаагаас УИХ-ын гишүүдийн цалинг 25 хүртэл хувиар бууруулах асуудлыг Засгийн газрын төвшинд ярилцсан гэх мэдээллийн дагуу энэ асуудлыг төсвийн хуульд тусгасан эсэхийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрөөс лавлахад “Ийм асуудал яригдаагүй. УИХ-ын гишүүд цалингаа 25 хүртэл хувиар бууруулбал ямар вэ” гэж ярьсан юм шиг байна билээ” гэх хариулт өглөө.
Г.ДАРЬ