Нийслэлийн хэмжээнд 220 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг. Үүний 60 гаруй хувь нь автозамтай хаяа нийлэн оршдог тул хичээл эхэлснээс хойш сургуулийн насныхан автозамын осолд өртөх явдал нэмэгддэг байна.
Есдүгээр сарын эхний 14 хоногийн байдлаар гэхэд 42 хүүхэд зам тээврийн осолд өртөж, нэг хүүхэд амиа алджээ.
Нэгэнт автозамын дэргэд сургууль барьчихсан. Бүгдийг нь нүүлгэх боломжгүйгээс хойш сурагчдыг автозамын аюулаас хамгаалах арга хэмжээг маш сайн мөрдөж, хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Нэн тэргүүнд эцэг, эхчүүд хүүхдүүддээ өөрийн биеэр үлгэрлэх хэрэгтэй. Энэ нь сурагчдад юугаар ч сольшгүй зөв дадал хэвшил, аюулаас хамгаалах арга гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Харин дараа нь сурагчдыг автозамын ослоос сэргийлэх төсөл, хөтөлбөрүүдийг нэрлэх учиртай гэв.
Ийм санаачилгуудын нэгээр “School police” хөтөлбөрийг нэрлэж болно. "Хоёр жил орчим хугацаанд хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийн үр дүнд сургуулийн орчим дахь осол, гэмтэл 10 гаруй хувиар буурсан" гэсэн мэдээллийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас өгч байна.
Есдүгээр сарын эхний 14 хоногийн байдлаар гэхэд 42 хүүхэд зам тээврийн осолд өртөж, нэг хүүхэд амиа алджээ. Эцэг, эхчүүд хүүхдэд тавих хяналтаа сайжруулж, зөв дадал, хэвшлийг биеэрээ үлгэрлэх хэрэгтэй байна.
Өөр нэг онцолж болох, үр дүнтэй хөтөлбөр бол “Сургуулийн бүс” хөтөлбөр юм. Гэхдээ энэ хөтөлбөр нь санхүүгийн асуудлаас үүдэн тоотой хэдхэн сургуульд хэрэгждэг юм байна. Тодруулбал, нийслэлийн 45 дугаар сургууль буюу "Сэтгэмж" цогцолборт эл төсөл хэрэгждэг бөгөөд сургуулийн захирал О.Мөнхзаяагийн дүгнэснээр "Үр дүн нь бодитой, сурагчдад хэрэгтэй хөтөлбөр болсон" гэж үзэж байв. Тус сургуулийн орчимд жилд 3-5 зам тээврийн осол гарч, сурагчид өртдөг байсан бол “Сургуулийн бүс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зам тээврийн осолд сурагч өртөх эрсдэлгүй болсон байна.
Одоогийн байдлаар “School Police” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 220 сургуулийн 180-д нь хэрэгжүүлж байгаа аж. Олон сургууль дээр хэрэгжүүлэх тусам үр дүн нь илүү байгааг албаныхан ярилаа.
Харин “Сургуулийн бүс” хөтөлбөрийн хувьд тухайн сургуулийн орчимд мэдрэгчтэй гэрлэн дохио, самбар, хашлага, гарц, гарам байрлуулахаас эхлээд зардал, мөнгө нилээд шаардагддаг тул тоотой хэдхэн сургуульд хэрэгжүүлж байгаа ажээ. Уг нь үр дүн нь бодитоор харагдах, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан иймэрхүү төсөл, хөтөлбөрүүдийг сургуулиудад хүртээмжтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгийг боловсролын байгууллагынхан ч хэлж байсан юм.
Ийм байдлаар сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд зардал мөнгө гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болно. Гэхдээ эцсийн дүнд эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэд тавих хяналтаа сайжруулж, зөв дадал, хэвшлийг биеэрээ үлгэрлэх нь хамгийн том хамгаалалт гэдгийг цагдаа болоод боловсролын байгууллагынхан санал нэгтэй зөвлөгөө болгож байна.
Та өдөр бүр энэ тухай бодож байгаарай. Өнөөдөр та замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар хүүхдэдээ ямар үлгэр дууриал үзүүлсэн бэ?
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ