Зочин багууд зохион байгуулалтад сэтгэл хангалуун буцлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

Зочин багууд зохион байгуулалтад сэтгэл хангалуун буцлаа

Зочин багууд зохион байгуулалтад сэтгэл хангалуун буцлаа

2016 онд Энэтхэг улсад зохиогдох хөлбөмбөгийн Ази тивийн 16 хүртэлх насны АШТ-ий  урьдчилсан шатны К хэсгийн тоглолт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 


МХБХ, Азийн хөлбөмбөгийн холбооны шаардлагыг хангасны үндсэн дээр энэхүү тэмцээнийг өөрийн эх орондоо зохион байгуулахаар болсон билээ. Ингээд тэмцээний “К” хэсэгт Монголоос гадна Ази тивийн хүчирхэг багууд болох Япон, Хонгконг, Бруней улсын багууд багтсан.  Ази тивийн багууд нийтдээ 11 хэсэгт хуваагдан, эрхийн төлөө өрсөлдсөн юм.

“К” хэсэгт багтсан Бруней улсын шигшээ баг тэмцээнд оролцох боломжгүй болж, улмаар Хонгконг, Япон, Монгол гэсэн гурван улсын баг Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд тойргийн журмаар өрсөлдлөө.

Эхний тоглолтыг зохион байгуулагч Монгол Улс Японы багийн эсрэг хийсэн ч харамсалтай нь тооны хол зөрүүтэй хожигдсон. Том тэмцээний утаа үнэрлэн, ирээдүйн том амжилтыг төлөө зорьж байгаа Монголын шигшээ энэхүү хожигдлоо мартаж, дараагийн тоглолтоо Хонгконгийн багтай хийж, 5:2 харьцаатай ялагдсан. Агуулгын хувьд тун сайн тоглолтыг үзүүлсэн ч манай баг тэнцэх, цаашлаад хожих боломжоо алдсан.

Тэгвэл өчигдөр /IX.20/ тэмцээний сүүлийн өдөр ижил нэг нэг хожлыг байгуулаад байсан Япон болон Хонгконгийн багууд тоглож, үндсэн цагт 7:0 харьцаатай Японы баг илт давуу хожлыг байгууллаа.

Ингэснээр тэд ирэх онд Энэтхэг улсад зохиогдох тэмцээний эрхээ авлаа. Ази тивдээ тэргүүлэгч, дэлхийд амжилтаараа дээгүүрт бичигдэх Японы баг өчигдрийн тоглолтод арга техник, ур чадвар бүхий л зүйлээрээ илүү болохоо нотлон харууллаа.

Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд хуран цугласан хөгжөөн дэмжигчид ч мөн хоёр багийн тоглолтыг шимтэн үзэж, тоглолтын төгсгөлд халуун дотноор үдсэн нь Азийн хөлбөмбөгийн холбооны комисс болон зочин багуудын сэтгэлд таатай санагдсаныг дурьдаж байлаа. Япон, Хонгконгийн багууд тоглолтын дараа "Тэмцээн зохион байгуулсан Монгол орон үнэхээр өндөр түвшинд ажиллаж, тун сайхан угтлаа. Тэмцээний зохион байгуулалтад баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Сануулахад, тус тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Хонгконгийн хөлбөмбөгийн холбоо өрсөлдөж байсан юм.

Ийнхүү тав хоногийн турш үргэлжилсэн "К" хэсгийн урьдчилсан шатны тоглолт амжилттай явагдаж дууслаа. Шигшээ багийн тамирчид Хонгконгийн хүчтэй багийн эсрэг 90 минут сайн тоглолтыг гарган, хоёр гоол оруулсан юм.

Ирэх арваннэгдүгээр сард Ази тивийн насанд хүрэгчдийн футзалны урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод болох билээ.

Эх сурвалж: http://the-mff.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж