2015 оны хоёрдугаар сард нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран сурагчийн цахим үнэмлэхийг танилцуулсан. Тухайн үед “Сурагчийн цахим үнэмлэхэнд тухайн хүүхдийн бүх мэдээллийг байршуулна, сургуульдаа орж гарахдаа бүртгүүлнэ, нийтийн тээврээр цахим машинд уншуулах зэрэг 40 төрлийн үйлдэл хийнэ. Нийтдээ 50 мянган төгрөгийн хөнгөлөлт урамшууллыг сурагчид эдэлнэ. Эргээд сурагчийн хамгаалалт болно” хэмээн танилцуулж байв. Үнэмлэх тус бүрийг 1400 төгрөгөөр олгосон гэхээр нийтдээ 270 орчим сая төгрөгийг зарцуулсан болж таарч байгаа юм.
Тэгвэл сурагчид энэхүү үнэмлэхээ зориулалтынх нь дагуу ашиглаж байна уу хэмээн “Сурагчид шидэт картаа юунд ашиглах вэ?” сурвалжлага бэлтгэсэн билээ.
Ингэхэд сурагчдын зүгээс “Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүүхдийн карт гэж тусдаа гаргасан учраас сурагчийн үнэмлэх шаардлагагүй болсон. Тиймээс авч явдаггүй”, “Кинотеатрт хөнгөлөлттэй кино үзнэ гэсэн. Гэхдээ үүнээс өөр мэдээлэл байхгүй”, “Зүгээр л үнэмлэх гэж бодсон. Янз бүрийн хөнгөлөлтийг мэдэхгүй” хэмээн хариулж байв. Энэ мэтчилэн 30 сурагчтай ангийн найм нь л үнэмлэхээ биедээ авч явдаг гэв.
Тиймээс “Сурагчийн үнэмлэхийн хөнгөлөлт урамшууллын талаар сурагчдад мэдээллийг хэр хүргэсэн бэ. Энэ хөнгөлөлтийг сурагчдад хүртээмжтэй болгоход ямар ажил хийж байгаа” талаар Монголын сурагчдын холбооны ерөнхий менежер Р.Батхуягаас тодруулсан юм.
-Сурагчид цахим үнэмлэхээрээ 40 төрлийн хөнгөлөлт урамшуулал авах учиртай. Энэ бүгд хэрэгжиж чадаж байна уу?
-Монголын сурагчийн үнэмлэх нь 40 гаруй үйлдэл хийдэг. Нэгдүгээрт, тухайн сурагч энэ үнэмлэхээрээ сургуульдаа орохдоо ирцээ бүртгүүлнэ. Мөн үнэмлэхэнд нь сургуулийн тодорхойлолт, сурагчийн нууцлал бүхий үйлдлүүд байна. Өнгөрсөн намар “Кевико” компанитай хамтран сурагчдыг хөдөлгөөнт интернэтээр үнэгүй хангах ажлыг хийсэн. Цаашлаад “Өргөө” кинотеатрт хөнгөлөлттэйгөөр кино үзэх зэрэг урамшууллууд бий.
-Сурагчид сургуульдаа орж гарахдаа үнэмлэхээрээ бүртгүүлнэ гэж байна. Энэ нь одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй байсан?
-Сурагчид орж, гарахдаа үнэмлэхээрээ бүртгүүлэх ажлыг 51, 15 дугаар сургуульд туршиж эхэлсэн. Сургуулиудад албан ёсоор хэзээ эхлэх нь санхүүгийн асуудлаас шалтгаална. Бидний зүгээс зарим бизнесийн байгууллага, даатгалын компаниудтай хамтарч ажиллаж эхэлж байна.
-Албан ёсоор хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Тоног төхөөрөмжийн шийдлийн асуудал бий. Сургуулиудыг бизнесийн байгууллагуудтай холбох хэрэгтэй байна. Энэ ажилд олон сургуулиуд хамтран ажиллаж байгаа.
-Жишээбэл, 30 хүүхэдтэй нэг ангийн найман сурагч л үнэмлэхээ авч явж байсан. Бусад нь хэрэгцээгүй үнэмлэх гэж үзээд авч явдаггүй гэсэн. Гэтэл сурагчийн үнэмлэхийг анх гаргахдаа 50 мянган төгрөгийн хөнгөлөлт урамшуулал үзүүлэх шидтэй хэмээн рекламдаж гаргасан шүү дээ?
-Тийм. Нэг сурагч л гэхэд 50 мянган төгрөгийн хөнгөлөлтийг үнэмлэхээрээ эдлэх боломжтой. Наад зах нь сурагчид манайд хандаж олон төрлийн сургалтад хамрагдсан. Монголын сурагчдын холбоонд үнэмлэхтэйгээ ирээд харилцааны соёл, хэлний сургалтуудад хамрагдсан.
Хоёрдугаарт, сурагчдад тухай бүрт нь танилцуулга, зурагт хуудас тарааж, сургалт, хөнгөлөлтийнхөө мэдээллийг хүргэсэн. Ер нь сурагчийн үнэмлэхийг реклам гэж харахаас илүүтэй хүүхдийн хамгаалал гэж ойлгох хэрэгтэй. Учир нь сурагчийн нэгдсэн үнэмлэх гараагүй байхад үнэмлэх тухайн сургуулийн захирлын бизнес байсан. Сургуулийн удирдлага шинээр сонгогдох бүрт дахиад л сурагчийн үнэмлэх гаргадаг. Тэгвэл нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчийн холбоо хамтраад сурагчийн үнэмлэхийг албан ёсоор гаргасан. Ингэснээр сургуулийн захирлуудын энэ төрлийн бизнес зогсоно гэсэн үг.
-Сурагчийн үнэмлэхний бас нэгэн зориулалт нь үсчинд хөнгөлөлттэй үнээр үсээ засуулах ёстой. Ялангуяа байнга үсээ засуулах шаардлагатай эрэгтэй сурагчдын хувьд хэрэгтэй хөнгөлөлт юм. Гэтэл аль үсчинд орж хөнгөлөлттэй үнээр засуулахаас эхлээд ямар ч мэдээлэлгүй байгаа нь харагдсан?
-Сурагчийн үнэмлэхээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх үсчин дүүрэг бүрт 4-5 бий. Нийтдээ 40 үсчинд хөнгөлөлттэй үнээр үсээ засуулах боломжтой. Гэхдээ тухайн газарт нэг л суудал нь хүүхдэд хөнгөлөлттэй үйлчлэх зэрэг хязгаарлалт л бий. Түүнээс биш гурван сургуулийн дунд нэг үсчин байрлуулах жишээтэй. Хүүхдийн үсийг доод тал нь 4000 төгрөгөөр засч байна. Сурагчдын хувьд үнэмлэхээрээ дээрх газруудад 2000 төгрөгөөр үсээ засуулах боломжтой. Хүүхдүүдийн зүгээс ч өөрт боломжтой үсчний газраа бидэнд санал болгосоор л байна.
-Сурагчийн үнэмлэхний нийт зардал хэдэн төгрөг вэ?
-Нэг сурагч 1400 төгрөгөөр үнэмлэхээ захиалж авсан.
-Зарим сургуулиуд сурагчийн үнэмлэхний мөнгө хураасан ч тараагаагүй гэх гомдол байна?
-Бүх сургуулиудад олгосон. Зарим сургуулийн хувьд анхнаасаа сурагчийн үнэмлэхийг эсэргүүцсэн.
Б.ЗАЯА