Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

Үнэгүй өгөх барааны сургаар цугласан зуу зуун иргэдийг цагдаагийнхан тарааснаар учирч болзошгүй эмх замбараагүй байдал, сөрөг үр дагавраас нэг удаадаа сэргийлж дөнгөв. Үүний дараа “Еxclusive” компанийн албан ёсны цахим хуудаст “Жексон АМЬД гэдэг шиг ‪#‎exclusive‬‬ АМЬД. Бид дампуураагүй буруу ойлголт санаатай санамсаргүй тарааснаар ХҮССЭНДЭЭ ХҮРЧ чадсангүй. 120 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийг өгөхөөсөө харамласан зүйл байхгүй. Гэхдээ ҮНЭГҮЙДҮҮЛЖ өгөхийг хүсэхгүй байгаа учраас 19, 20-ны үйл ажилагааг албан ёсоор цуцалсан. Цаг заваа гарган ирсэн ТА бүхнээсээ УУЧЛАЛТ хүсэж байна” гэж мэдэгдэл тавьжээ. Өнөөгийн татварын тогтолцооны гажиг, дарамтын эсрэг эсэргүүцлээ илэрхийлэх үүднээс ийнхүү үнэгүй тараалт хийхээ мэдэгдсэн ч хэлсэндээ хүрээгүй нь олны дургүйцлийг хүргээдэхлээ. Монголын аль ч компани ““Еxclusive -ийн нэгэн адил татварын дарамтанд үйл ажиллагаагаа явуулдаг нь хэнд ч нууц биш.

ХУД-ийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Э.Оргилмаагийн хэлснээр “2013 оны арванхоёдугаар сард 150 сая төгрөгийн нөхөн акт буюу алданги тавигдсан. 20 сая төгрөг нь тайлангийн өр. Нийтдээ 174 сая 659 мянган төгрөгийн татварын өртэй” аж. Энэ бүхнээс үүдэн 2014 оны гуравдугаар сард тус компанийн дансыг холбогдох хуулийн дагуу хаажээ. Энэхүү татварын акттай холбоотой асуудлаар тус компанийн зүгээс АТГ болон шүүхэд хандсан ч өнгөрсөн зургадугаар сард татварын актыг хууль ёсны гэж шүүхээс үзжээ.

Харин тус компанийн захирал Майцэцэг “Чингис бондоос 750 сая төгрөг авсан. Энэ мөнгийг авахын тулд 4 дахин илүү мөнгийг “Голомт” банкинд тавьсан” гэдгээ хэлээд буй. Тэрээр татварын өрөө төлөхийн тулд дансаа нээлгэхээс гадна тодорхой графикийн дагуу төлөхийг хүсээд буй. “Хуулиа л дагана даа” гэгчээр өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй татварын хуульд графикаар татвар төлж болох талаар огт тусгаагүйг Э.Оргилмаа телевизийн ярилцлагандаа оролцохдоо тайлбарласан. Төрийн албан хаагч тэрээр тогтолцооны сайн, муугийн тухай байр сууриа илэрхийлэх бус хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Тиймээс ч хуулийн хүрээнд авсан шийдвэрээсээ өөрийг хэлсэнгүй. Харин гажуудсан тогтолцоог өөрчлөх ёстой төрийн түшээ эмэгтэй “Ардын элч” киноны хошуу ноён “Тайван амгалан байцгаахтун. Үүнийг сайтар магадлая” гэдэг шиг дэмжиж байгаагаа илэрхийлээд, шантрахгүй байхыг хүсэв. Уг нь энэхүү тогтолцоог өөрчлөх, хууль боловсруулах, батлах дээд байгууллагад байгаа эрхмүүд өнөөдөр ийм байдалд хүргэж байгаадаа санаа зовмоор.

Өнөөгийн татварын тогтолцоо татварынханг татвар төлөгчидтэй “алалцуулахаас” наагуур байна. Үүнийг ч нотлож буйн тод жишээ нь аргаа барсан бүсгүй үйлдвэрлэсэн хувцсаа үнэгүй тарааж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Гэхдээ түүнд татварын хэлтсийн Бадам бус тогтолцоо нь гай тарьсан.

Угтаа бол энэ гажуудлыг бий болгосноороо улстөрчид засах ёстой. Монголчууд өнөөдөр бүгдээрээ брэндээр өвчилсөн ч үнэндээ архичдыг /малчин, хоньчин гэдэгтэй адил уудаг нь бус хийдгийг нь архичин гэж мунхаглана/ эс тооцвол дөмөгхөн үйлдвэрлэгч, тэдний бүтээгдэхүүнийг нь худалдан авагчдыг эс тооцвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжигчид Монголд алга. Дэлхийн “ундаа” болтол нь удаан дэмжие гэхнээ төлдөг хэд, тэсвэрлэх эрүүл мэнд нь хүрэхгүй нь харамсалтай.

Монголын топ 100 аж ахуйн нэгжийг жагсаахад 60-аас илүү хувь нь сэтэрхий тэвэн үйлдвэрлэдэггүй, импорлогчид харагддаг нь халаглам.

Монголд татваргүй дансанд мөнгө хийгээд мартаж, татвараа нуун дарагдуулсан нь хождог, шударгаар татвар төлөгч нь хохирдог жунглийн гэхэд ч утгагүй гаж тогтолцоо үйлчилдэг болсныг аж ахуйн нэгжүүд ил, далдаар хэлэх болоод удлаа.

Ерөнхийлөгчийн хэлснээр “ямар адын юм бэ”. Шударгаар хөдөлмөрлөж бус бүхнийг эрх мэдэл, танил тал, тендерийн луйвраар шийдэж, зөвхөн өөрсдөө баяждаг болсон улстөрчдийн монополь “хүчирхийлэл” аж ахуйн нэгжүүдийг улам бүр сульдуулж байгааг гадна болоод дотоодын байгууллагуудын гаргасан судалгаанаас харж болно. Монголын толгой баячуудын жагсаалтанд дээгүүрт эрэмбэлэгдэж байгаа хүмүүсийн нэрс, тэдний компани яагаад шилдэг татвар төлөгчдийн нэрсийн жагсаалтанд алга байна вэ гэдэг цаанаа нэгийг хэлж, хоёрыг бодогдуулна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гээчийн талаар өглөө, оройгүй магтан дуулж, аж ахуйн нэгжүүдийн нуусан мөнгийг ил болгон, торгууль, шийтгэлээс чөлөөлснөөр сөхөрсөн эдийн засгийг сэргэх боломж олгоно буй ч энэ нь үнэндээ өнөө, маргаашаа л аргацаасан арга. Монгол Улс сүүлийн арав хүрэхгүй жилийн хугацаанд хоёр ч удаа ийм төрлийн хууль батласан. Энэ нь эргээд татвараас бултсан нь хожиж, төлсөн нь хохирох юм байна гэсэн сэтгэл зүйг нийгэмд үүсгэжээ. Төрсөн бол татвар төлөх нь үнэн ч төлөөгүй нь хөлжөөд байхыг хараад Майцэцэг гэгч эмэгтэй тэвчээгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бултуулсан нь ч бас л төлдөг байх ёстой. Ингэж байж л бид цааш явна.

Өршөөлийн хуулиар ч улсын мөнгөнөөс идсэн, зувчуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан авлигачдыг өршөөх гэж хаалттай хэлэлцэн, хороо найруулсан нь ердөө хэдхэн өдрийн өмнөх шүү дээ.

Гээд өөрийнхөө төдийгүй өрөөлийн амьдралыг авч яваа бизнесийнхнээ татварын бодлогоор дарамталж, халамжийн бодлогыг дэмжигч болгосон өнөөгийн улстөрчдийн “муур багш”-ийн сургаалийг бид дагаж хаашаа хөтлүүлсээр байх уу. Монголд хэтэвчээ даллаад эсвэл дампуурахын даваанд байгаа компаниас үнэгүй бараа авах гэхдээ өнжин хонон дугаарладаг, амьдрах чадваргүй, арчаагүй иргэд хэзээний олонх болсон бололтой. Албатай, авах ёстой юм шиг уурссан хүмүүсийн цухлыг хаанаас бол хаанаас олж хардаг болжээ.

Ам барих ачтай зүйрлэж улстөрчдийг дэмжиж, үйлдвэрлэгчдээ үнсэн товорго болгохыг хүлээсээр байх гэж үү? Адаглаад бүгд хаалгаа барьчихвал хэн тансаглах төсвийг чинь бүрдүүлэх юм бэ?

Энэ янзаараа бол аж ахуйн нэгжүүд удаан тэсэхгүй л болов уу?

2006 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг Төрийн тусгай хамгаалалттай албан байранд нь онц хэрцгийгээр хутгалан хөнөөсөн гашуун түүх бий. Тухайн үед хуулийн цоорхой, тогтолцооны гажуудлаас борооны дараах мөөг шиг олширсон Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд шалгалт явуулж, дампуурлыг нь зарлахаар болсон нь түүний амийг бүрэлгэхэд хүргэсэн. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэл энэ хэргийн дараа “Ядахдаа надад ганцхан сарын хугацаа олгочихвол хадгаламж эзэмшигчдийн хохирлыг баттай барагдуулж чадна. Хамгийн гол нь манай хоршооноос УИХ-ын гишүүн, сайд дарга нар, тэдний амраг садан, ялангуяа төрийн албан хаагч 700 гаруй хүн зээл авч орон сууцтай болсон” хэмээн ярьсан нь бий. Өнөөгийн тогтолцоо ийм зүйл рүү ч бухимдсан иргэдийг хөтлөхгүй гэх баталгаа алга.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л улс хөгждөг нь өнөөгийн бөмбөрцөгт батлагдсан зүй тогтол. Харин гадны компаниуд хөгжүүлж өгсөн улс гэж өнөөдрийн дэлхийн түүхэнд байхгүй болов уу!? Үнэгүй брэнд гэж юу ч байлаа.

Л.НАРАНТӨГС

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж