Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх хууль баталж дуулиан тарьсан “76” алдаагаа засахын тулд дахин ээлжит бусаар хуралдсан ч ажлаа гүйцээсэнгүй завсарлалаа. Дутуу үлдээсэн ажлаа ирэх аравдугаар сарын 1-нд эхлэх намрын чуулганаар барьж авна. Тэр болтол гянданд хоригдож байгаа 1700 иргэн суллагдахгүй. Учир нь УИХ ээлжит бус чуулганаараа Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлалгүй завсарласан учраас тэд дахиад л хоригдох болж байна.
Ердөө арав хоногийн өмнө УИХ-аар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед хууль тогтоогчид ямар гоё үг хэлж суулаа. “Өршөөлийн хууль хэрэгжээд сар болж байхад яагаад нэг ч хүнийг суллахгүй байгаа юм бэ. Үндсэн хууль зөрчлөө, энэ алдагдсан эрхийг яаж нөхөн төлөх юм гээд л…” хайр зарласан. Одоо тэгтэл юу болов, суллахгүй гэдгээ үйлдлээрээ нотолж өгөөд талын нэг тарцгаав.
Үнэхээр иргэнээ өршөөлд хамруулах сэтгэл байсан бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан цуцлагдаж, чуулганы хаалтыг домоглох байсан гэж үү. Үгүй л болов уу.
УИХ 76 гишүүнтэй, байнгын хороо бүрт 19 гишүүн харьяалагддаг. Гэтэл өнгөрсөн баасан гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хоёронтаа зарлагдахад ирц бүрдсэнгүй. Ердөө 11 гишүүн цуглахад л Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх боломж байсан. Тэгтэл юу болов, 7-8 гишүүн ирж байгаа юм. Байнгын хорооны дарга Д.Ганбат нь бас эзгүй, хөдөө явсан ч гэх шиг. Сөрөг хүчнийхэн хүртэл ирцгүй шившиг болсон. Хэрвээ тус бүлэг ирцээ 100 хувь бүрдүүлээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон бол асуудал нааштайгаар шийдэгдэх боломж байсан. Санаатай үйлдэл үү, санамсаргүй үйлдэл үү, мэдэхгүй юм. Ямартай ч, дээрх хуулийг батлахгүй хугацаа авах шалтгаан байсныг тал, талаасаа эвсэж нийлээд санасандаа хүрчихлээ.
Сүүлийн үед улс төрд “Шонхордох” гэдэг арга моод болж буй. Жилийн өмнө Ардчилсан намын “Шонхор” фракцийнхан энэ аргыг хэрэглэж, Н.Алтанхуягийн танхимаар туг тахисан явдал бий. Сая харин МАН-ынхан энэ аргыг хэрэглэчих шиг. “Шонхордоно” гэдэг бол хуралдаанд оролцохгүй байж асуудлыг унагадаг, хойшлуулдаг арга юм. Хэрвээ МАН МАХН-д барьцаалагдаад “Шонхор”-дох аргыг хэрглээд, Н.Энхбаяр гэдэг хүнд үйлчлэхээс аргагүй болсон бол энэ УИХ-д хамжлагат ёс тогтлоо гэж дүгнэхээс аргагүй. Юун ардчилсан парламент. Энэ нэр гоёдоно. Нэг эзний 76 хамжлага гэж хэлбэл үнэнд ойртох биз.
Уг нь хуулиараа бол 76 гишүүн ард түмний хамжлага байх ёстой юм. Гэвч гаргаж байгаа үйлдэл, баталж байгаа хууль нь нэг эзэнд, нэг хэсэг бүлэгт л зориулагдах боллоо. Хэрвээ Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавиагүй бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд өршөөгдөх байсан шүү дээ.
Нэг их гоёоор яриад байгаа, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг сайн судлаарай. Хөрөнгөө, орлогоо нуусан нөхдүүдэд л том боломж олгож байна. Гэтэл сар бүр тасралтгүй татвараа төлж махийж ирсэнд нь ямар ч ашиг тус байхгүй. Энэ чинь татвараа яах гэж төлсөн юм бэ, нуухгүй яасан юм бэ л гэдгийг цаагуураа хэлээд байна. Ийм парламент байж болох уу. Бас болоогүй ээ, дээр баталсан хоёр хуулиндаа ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулав гэдэг малгай өмсгөчихсөн ч байх шиг. Үүнийхээ оронд Уучлаарай, парламентад хамжлагат ёс тогтсон тул боолууд нь эзэндээ үйлчилж байна, ийм хууль гаргахаас аргагүй боллоо гэсэн бол арай шударга байж дээ.
Г.ХОРОЛ