Өнгөрч буй долоо хоног улс төр, нийгэм, эдийн засагт онцлох үйл явдлаар дүүрэн байлаа. Хамгийн их шуугиан дэгдээсэн мэдээлэл нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум хохирлыг улсад учруулсан хэргээр шүүгдэж байгаа Л.Гансүх нарын хэрэг байв. News.mn сайт энэ долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ДЭЛХИЙН АСУУДЛЫГ УЛААНБААТАРТ ХЭЛЭЛЦЭВ
Европын орнуудад тулгарч буй цагаач иргэд, дүрвэгсдийн асуудал мөн Украины хямралын талаар шийдэл олохын тулд дэлхийн улс орнууд Улаанбаатарт хуралдав. Өдрөөс өдөрт хэдэн зуун саяараа нэмэгдэж байгаа дүрвэгсэд болон Украины эдийн засгийн хямрал дэлхий нийтийн эмзэг сэдэв болоод байна. Эгнээндээ 57 орныг нэгтгэсэн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын чуулган Улаанбаатар хотноо есдүгээр сарын 16-17-нд болж, амжилттай өндөрлөлөө. Чуулганд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцсон бөгөөд дүрвэгсдийг хамгаалах чиглэлд улс орон бүр эв санаагаа нэгтгэхийг уриалжээ.
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар үг хэлсэн юм. ЕАБХАБ-ын Парламенатын ассамблейн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч тавьсан итгэлдээ “Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улс байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан. Монгол Улс нээлттэй, ардчилсан замналаар явж ирсэн. Монгол Улс Украйн болон Сирид үүсээд байгаа асуудлыг гал зогсоож, энхийн замаар асуудлаа шийдвэрлээсэй хэмээн хүсч байна.Хүн төрөлхтний оршин тогтнолд сөргөөр нөлөөлөх аюул, занал бий болж байна. Ямар ч хүнд сорилтыг шийдэх боломж хүн төрлөхтөнд байна. Энхийн төлөө яриа хэлэлцээнд Монгол Улсын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” хэмээн онцолсон юм.
Шашин хоорондын мөргөлдөөн, иргэний дайны уршгаар эх орноосоо 60 сая иргэн дүрвэжээ. Дүрвэлт Евродын улс орнуудыг нөмөрч байгааг, дүрвэгчдийн хүлээж авах квотоо нэмэгдүүлэх талаар дэлхийн улс орнууд санал солицлоо. Герман улс 800 мянган дүрвэгчийг хүлээн авсан бол Украинд болж буй дайны хөлөөс дайжиж 1 сая иргэн ОХУ-д иржээ. Мөн газар дундын тэнгис орчмоос 340 мянган иргэн дайжсан нь өдөрт 15 мянган иргэн тус бүс нутгаас зугатан Итали, Франц зэрэг оронд очдог гэсэн судалгааг зарим шинжээч гаргасан байлаа.
Хоёр өдөр чуулсан ЕАБХАБ-ын Парламенатын ассамблейн чуулганы ач холбогдлыг УИХ-ын дарга З.Энхболд товчхон дүгнэж, “Олон улсын аюулгүй байдлыг хангах том байгууллага ээлжит хуралдаанаа Монголд хийж байгаагийн цаад шалтгаан бол Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, чадавхижуулах дэмжих тал дээр ЕАБХАБ-ын Парламентын ассамблей онцгой ач холбогдол өгсөн нь энэ байгууллагын аюулгүй ажиллагааны чиглэлээр явуулдаг үйл ажиллагаа үр ашиг, тус дэм Монгол Улсад давхар тусна, мэдрэгдэнэ гэдгийг харуулж байгаагаараа чухал ач холбогдолтой” гэв.
Л.ГАНСҮХ НАРЫГ ШҮҮВ
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Л.Гансүх нарын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрвөн өдөр хэлэлцэж, ирэх даваа гаригт дахин үргэжлүүлэхээр болсон юм.
“Шуудай нүүрс”-ний гэх энэ хэрэг олон нийтийн анхаарлын төвд байсан бөгөөд, уг хэрэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр мөн энэ хэрэгт аудитаар болон шинжээчээр ажилласан хүмүүс мэдүүлэг өгсөн юм.
Шүүх хурлын уур амьсгал ширүүхэн болсон бөгөөд шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч Х.Идэр болон улсын яллагчаар ажиллаж байгаа прокурор, шинжээчдээс татгалзах хүсэлт тавьсан ч шүүх хурал хүлээж аваагүй юм. Олон нийтийн анхаарлыг төв байгаа энэ хэргийн зөв бурууг зөвхөн шүүх тогтооно. Гэвч, энэ хэргээс болж олон нийт хоёр талцаад бөгөөд зарим нь “Хохирогчгүй шүүх хурал болж байгаа”-г шүүмжилж буй бол зарим нь “Л.Гансүх нарыг шударгаар шүүх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм.
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ
УИХ-ын даргын захирамжаар энэ намар ээлжит бус чуулганыг хоёронтаа зарлан хуралдуулсан юм. Есдүгээр сарын 7-18-ныг хүртэл зарлан хуралдуулсан ээлжит бус чуулганаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдэх нь, Ерөнхий сайдаас өргөн барьсан Засгийн газрын гишүүдийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж, олонхийн дэмжлэгтэйгээр Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг, Байгаль, орчин, аялал жуучлалын сайдаар Н.Батцэрэгийг, Зам тээврийн сайдаар М.Зоригтыг, Сангийн сайдаар Б.Болорыг, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг томилсон юм. МАН-ын чөлөөлөгдсөн зургаан сайдын оронд дандаа “давхар дээлтнүүд” тэр тусмаа “давхар дээл”-ийг үзэн ядагдсад томилогдсон нь олон нийтээс багагүй шүүмжлэл хүртээд буй.
Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцсэн дараагийн нэг асуудал бол Өршөөлийн хуулийн тодорхой зүйл заалтуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, олонхийн саналаар хоригийг УИХ хүлээж авсан юм. Гэвч, хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Хууль зүйн байнгын хороо тодорхой шалтгаангүйгээр хэлэлцээгүй тул УИХ-аас Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулж чадалгүйгээр ээлжит бус чуулганыг хаалаа.
Т.СОЛОНГО