Япон цэргийн шинэ хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.19-нд нийтлэгдсэн

Япон цэргийн шинэ хуулийг баталлаа

Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилсан Япон улс цэргийн хүчээ хилийн чанадад илгээх хуулийг өнгөрсөн шөнө парламент баталлаа.

Ингэснээр Япон улс 1945 он буюу дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа гадаад оронд байлдааны ажиллагаа явуулах эрхээ хуулиар баталгаажуулж байгаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс зөвхөн өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх үндсэн хуулийн зохицуулалттай байжээ.

Харин шинэ хууль жирийн иргэдээс эхлээд улс төрийн хүрээнд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Абэгийн рэйтинг ч үүний улмаас багагүй унасан юм.

Парламентын дээд танхимд дэмжигдсэний дараа Абэ хэвлэлд ярихдаа “дайнаас зайлсхийх, хүмүүсийн амь нас, тайван амьдралыг хамгаалахын тулд ингэх шаардлагатай” гэжээ.

Японы холбоотон АНУ уг хуулийг талархан хүлээж авч байгаа бол Хятад улс Японы милитаризм дахин сэргэх вий хэмээн болгоомжилж байгаагаа удаа дараа илэрхийлж байна.

Доод танхимд дэмжигдээд байсан хуулийг парламентын дээд танхимд хүчтэй эсэргүүцэж байсан ч өнгөрсөн шөнө ийнхүү батлуулж чаджээ.

Хэдэн мянган иргэд сүүлийн долоо хоногийн турш жагсаал хийн “Дайны хуулийг зогсоо”, “Абэг огцруул” гэсэн уриа хашгирч байгаа юм.

Өнөө өглөө ч гэсэн энэ жагсаал үргэлжилсээр байна.

Абэгийн өвөг эцэг Нобусукэ Киши 55 жилийн өмнө АНУ-Японы аюулгүй байдлын гэрээг парламентаар батлуулсныхаа дараа огцорч байсан юм.

Абэгийн хувьд Либерал Ардчилсан Намыг удирдах хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг энэ сарын эхээр олж авсан тул огцрох аюулаас хол байгаа. Гэхдээ дараа жил болох сонгуульд ийм хууль батлуулсан үйлдэл нь гай болох вий хэмээн ажиглагчид үзэж байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж