“Тодорхойгүй, тогтворгүй, мэргэжлийн бус” | News.MN

“Тодорхойгүй, тогтворгүй, мэргэжлийн бус”

Хуучирсан мэдээ: 2015.09.19-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

“Тодорхойгүй, тогтворгүй, мэргэжлийн бус”

“Тодорхойгүй, тогтворгүй, мэргэжлийн бус”

Өнгөрөгч Ням гаригт хуралдсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Ямар адын юм бэ, ямар ёрын юм бэ” хэмээн Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлов. Энэхүү хүндэтгэлийн чуулган нь Монгол Улсад байнгын ажиллагаагаатай парламент бий болсоны 25 жилийн ойд зориулагдсан юм.

Ерөнхийлөгчийн энэ үгийг мөн хэлмээр санагдаж байгаа хэсэг хүн байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид. Өнгөрсөн наймдугаар сард болсон “Дисковери”, мөн өнгөрсөн долоо хоногт болсон “Инвест Монголиа-2015” чуулга уулзалтад оролцогч гадаадын хөрөнгө оруулагчид нөхцөл байдлыг яг Ерөнхийлөгч шиг томъёолоогүй ч тэгж хэлэх хангалттай үндэслэл тэдэнд бий гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Харилцааны эелдэг боловсон ёсыг бодсондоо л “нөхцөл байдал сайжирна гэж найдаж байна” гэсэн ёслолын үгээ давтсаар.

Хоёр чуулга уулзалтаас харахад гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэл дундуур байдлыг “тодорхойгүй, тогтворгүй, мэргэжлийн бус” гэсэн гурван үгээр тодорхойлж болж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татаад, түүнийхээ үр шимийг үзэж байгаа орнуудын жишээг харахад өнгөн дээрээ бид ардчилсан улс гэж цээжээ дэлдээд, улстөрчид нь энэ үгийг тоть мэт давтсандаа биш харин гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах таатай орчныг тогвортойгоор бий болгож чадсан орон ардчилсан, ардчилсан бус хамаагүй гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна. Энэ тал дээр бидэнд хамгийн ойр байж болох орон бол Казахстан юм. Зөвлөлтийн дараах Казахстаныг Нурсултан Назарбаев гэдэг хүнээс өөр хүн удирдаагүй өдий хүрчээ. Казахстаны эдийн засгийн жилийн өсөлт дунджаар найман хувь, нэг хүнд ногдох ДНБ нь 11.000 ам.доллар хүрээд байна. Байгалийн арвин нөөц баялагтай, газар нутаг том. Хэдийгээр эдүгээ ная шахаж яваа Назарбаев сөрөг хүчний дуу хоолойг боомилдог, гэр бүлийн хаанчлалыг тогтоосон гэгддэг ч тэр хүнд улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ сэтгэл хангалуун, амар жимэр амьдруулах чин хүсэл эрмэлзлэлийнх нь үр дүн эдийн засгийнх нь өсөлтөөр харагдаж байгаа.

Улс төрийн тогтворгүй удирдлага, хууль эрх зүйн орчныг хэсэг хүний үзэмжээр дураараа өөрчилдөг байдал хөрөнгө оруулагчдад хамгийн их хор хөнөөлтэй байж, Монголд ажиллах хүсэл зоригийг нь мохоож байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулагчид гэдэг бол ядуу улсыг ивээн тэтгэх гэж орж ирдэггүй, харин өөрт байгаа хөрөнгийг хэрэгтэй бөгөөд боломжтой газар нь оруулаад оруулсан хөрөнгөө үржүүлэх л зорилготой. Гэхдээ хөрөнгө нь ингэж үржихдээ тухайн оруулсан нутаг оронд өгөөжтэй байх зохицуулалтыг тухайн улс орны удирдлага зохицуулдаг. Харилцан ашигтай байх тоглоомын дүрмээр ажиллана гэсэн үг. Монголд тоглоомын дүрэм улс орны удирдлагад байгаа улс төрийн хүчин, улс төрийн бүлэглэлээс хамаарч өөрчлөгдөж байгаад учир бий. Хэрвээ гадаадынхан хууль дүрмээс давуу аашилж байгаа бол тэнд хууль дүрмийг гажуудуулах боломж олгосон хэн нэгэн монгол түшмэл байсан гэсэн үг.

Улс төрийн тогтворгүй байдлыг даган төрийн албаны халаа сэлгээг зоргоороо хийж ирсэн нь зөвхөн хөрөнгө оруулагчдын ажилд ихээхэн садаа болж байгааг хэлж байгаа. Энэ байдал зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч гэлтгүй Монголын төрд цаашдаа хэдэн арван жилдээ урхагтай байж мэдэхээр юм. Аль ч яаманд 10 жилээс дээш тогтвортой ажилласан боловсон хүчин бараг байхгүй болсон нь үүний жишээ юм. Төрийн алба залгамж халаа тасалдсанаас төрийн ой санамж тасарч байгаа нь нууц биш. Мэргэжил, чадвар гэдэг үнэлэмж зөвхөн цаасан дээр л үлддэг болж. Хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл гэдэг урт хугацаанд үргэлжилдэг процесс. Өнөөдөр төрийн нэг түшмэлтэй яриа хэлцлээ эхлүүлээд байж байтал засаг солигдонгуут асуудлаа огт мэдэхгүй хүн тэр албыг нь аваад сууж байдаг нь хамгийн “ёрын” санагддаг байх. Он удаан жил эрсдэлийг үл тоон ажиллаж байгаа туршлагатай хөрөнгө оруулагчид сонгуулийн өмнөх жил шинэ яриа хэлцэл эхлүүлэхгүй байх ухаанд эрхгүй суралцсан гэдэг. Яагаад гэвэл сонгуулиар ямар улс төрийн хүчин гарч ирэхийг тэд таашгүй. Гэтэл төрийн албаны залгамж халаа улс төрөөс үл хамааран явдаг байсан бол сонгуулийн өмнөх болон сонгуулийн жил гэсэн хоёр жилийг хоосон алдахгүй, хөрөнгө оруулагч ч, Монголын эдийн засаг ч хожих боломжтой. Мөнгө гэдэг зүйлийг тогтонги усанд хэзээ ч тогтдоггүй, урсгалтай усанд дурладаг загастай зүйрлэж болно. Гэтэл мөнгөний гачаалаас болж эдийн засгийнх нь цусны эргэлт зогсох дээрээ тулаад байгаа гэх.

Тодорхойгүй, тогтворгүй, мэргэжлийн бус гэсэн шүүмжлэл дараа жилийн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр бас давтагдах байх гэсэн таамгийг одоо хийхэд төлөгчийн ухаан хэрэггүй байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж