14.20
Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлалаа. Өнөөдөр өглөө 10:00 цагт эхэлсэн шүүх хурал 13.30 цагт түр завсарлаж 14.20 цагаас үргэлжлэн хуралдаж байна. Өмгөөлөгчид шинжээчдээс үргэлжлүүлэн тайлбар авч байна.
13.30
Шүүх хурал завсарлав
Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлалаа. Өнөөдөр өглөө 10:00 цагт эхэлсэн шүүх хурал 13.30 цагт түр завсарлав. Шүүх хурал 14.10 цагаас үргэлжилнэ. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шинжээчид хангалтгүй хариулж байгаа учраас сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгуулах шаардлагатай гэж хүссэн юм. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээж авсангүй.
12.45
Шинжээчдээс асуулт асуув
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 3.6 тэрбум төгрөгийн хохирлыг “Багануур” хувьцаат компаниуд учруулсан гэх Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал дөрөвдөх өдрөө үргэжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар өмгөөлөгчид шинжээчдээс тайлбар авч байна.
Шинжээч н.Цацралаас Л.Гансүхийн өмгөөлөгч “Жингийн зөрүүний талаар асууя. Хорогдлыг гэрээнд тохиролцоогүй байхад яагаад “Эм Жи Эс Би” ХХК-иар төлүүлэх дүгнэлт гаргасан юм бэ. Энэ чинь шүүгдэгч нарыг буруутгагдаад байгаа гурван тэрбум төгрөгийн нэг тэрбум 73 сая төгрөгийн асуудалд хариулт авах”-ыг хүссэн бөгөөд шинжээчийн зүгээс “Анхан шатны баримтаа үндэслэж л гаргасан” гэв.
Мөн “Эм Жи Эс Би Ди” компани үнийн зөрүүндээ “Багануур” ХК-д тэрбум 739 сая төгрөг төлөх ёстой гэсэн байсан. Энэ дүгнэлтийг ямар баримтанд тулгуурлаж гаргасан юм бэ” хэмээн Ц.Баасандорж өмгөөлөгчийг асуухад шинжээч “Энэ компани ТУЗ-ийн тогтоолд зааснаар 39 мянган төгрөгөөр бус 27500 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан байсан. Тиймээс ТУЗ-ийн тогтоолоор төлөх ёстой гэж дүгнэлт гаргасан” гэлээ. Үүний дараа өмгөөлөгч н.Цэндсүрэн, Б.Цэрэнжээ нар асуулт тавьсан юм.
09.01
Л.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна
Л.Гансүхийг шүүх хурал олны анхаарлын төвд байна. Шүүх хурлыг Eagle, TV9 гэсэн хоёр телевизээр шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа шүүх хуралд өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудтитын газрын байцаагчаар ажиллаж байсан Ш.Ичинхороо гэх сонирхолтой гэрчүүд мэдүүлэг өгсөн билээ. Өчигдрийн шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч Х.Идэрээс, мөн улсын яллагчдаар ажиллаж байгаа прокуроруудаас бас шинжээчдээс татгалзах хүсэлтийг тавьсан боловч шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм.
Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шинжээчээс мэдүүлэг авч байна. Түүний асуултад шинжээч “Багануураас ирсэн нүүрсний тооцоог харж, анхан шатны баримтад түшиглэн дүгнэлт гаргасан” гэв.
О.САР