Айл гэр болж тоглох гоё. Айлын эзэн, эзэгтэй байх бүр ч гоё. Тэгээд бүр өмнөөс нь үхэхэд ч бэлэн олон хамжлага, зарцтай байвал, ямар уу?!
Гэр бүлийн гэгддэг Монгол ардын хувьсгалт нам нам уу, компани уу, аль эсвэл нэг айл уу?. Хэрэв нам мөн юм бол итгэл үнэмшил, үзэл бодлын нэгдэл болж чаддаг уу. Чаддаг гэвэл тэр нь Н.Энхбаяр гэдэг ганцхан хүнд үйлчлэх л явдал биш биз?!
Нэг сайд нь нэг хоригдолд зориулж, “Сайд нарын” гэх эмнэлгийг шорон болгон хувиргаж байсан нь хоёр, гурван жилийн өмнөх явдал. Н.Энхбаярт л өрөө төлөх гэсэн Эрүүл мэндийн сайд асны хийсэн ажил шүү дээ. Н.Энхбаяр ч суллагдсан, эмнэлгийн тусгай өрөө ч хаагдсан.
Ингэж асуух үндэслэл бөгөөд шалтгаан бий. Учир нь Монгол ардын хувьсгалт намаас Н.Энхбаяр гэдэг даргыг, Энхбаяр гэдэг хувь хүнээс МАХН-ыг салгах аргагүй. Хэнийг намдаа авч, хэнийг сайд болгохыг зөвхөн Н.Энхбаяр дарга үзэмжээрээ шийднэ. Бас хэн, хаана юу гэж ярихыг нь намын дарга Н.Энхбаяр заана. Эс бөгөөс энэ “айл”-ын эзэгтэй нь ч юм уу. Иймээс энэ нам үзэл бодлын нэгдэл гэж харагдахаасаа Н.Энхбаяр гэгч хүнд өглөгийнх нь хариуг өгөх, өр төлөх, өс хонзонгоо авах нэг гишгүүр төдий болсон мэт. Өнөөдөр ч тус намд өглөгийнх хариуг төлөх, эргээд эрх мэдлээр шагнуулах гэсэн "өгөх, авах"-ын өнөөх танил процесс өрнөж байна. Хэрэв Н.Энхбаярт өгөх өглөггүй бол энэ намын хэнд ч эрх мэдэл олдохгүй гэсэн үг. Ийм болохоор Н.Энхбаяр болон түүний нөхдөөс МАХН нам уу эсвэл? гэх асуулт тавихад хүрч байгаа юм.
Нэг сайд нь нэг хоригдолд зориулж, “Сайд нарын” гэх эмнэлгийг шорон болгон хувиргаж байсан нь хоёр, гурван жилийн өмнөх явдал. Н.Энхбаярт л өрөө төлөх гэсэн Эрүүл мэндийн сайд асны хийсэн ажил шүү дээ. Н.Энхбаяр ч суллагдсан, эмнэлгийн тусгай өрөө ч хаагдсан.
Өршөөлийн хууль ч бас өглөгийнх нь хариу өглөг байсан гээд хэлэхэд буруудахгүй биз. Үүнийгээ өнгөрөгч мягмар гаригийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх явцад МАХН-ынхан ичиж, нэрэлхэлгүйгээр харуулчихсан юм даг. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуулийг батлуулсан гол зорилго нь өөр, өнөөх Н.Энхбаярынхаа улс төрийн сонгогдох эрхийг нь сэргээх гэсэн МАХН-ынхны увайгүйтэл байсныг.
Өршөөлийн хуулийн холбогдох зүйл заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсныг УИХ-аар хэлэлцэн хүлээн авсны дараа, Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн хоригийг илт гуйвуулж, Үндсэн хууль, Дэгийн хуулийг зөрчсөн төслийг батлуулахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирснийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Өршөөлийн хууль ч бас өглөгийнх нь хариу өглөг байсан гээд хэлэхэд буруудахгүй биз. Үүнийгээ өнгөрөгч мягмар гаригийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх явцад МАХН-ынхан ичиж, эмээлгүйгээр харуулчихсан юм даг.
Ц.Оюунбаатар УИХ-д МАХН-ын жагсаалтаар орж ирсэн. Мөн Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдын суудалд суух эрхийг өөрийнхөө мэдлэг туршлагаараа гэхээсээ Өршөөлийн хуулийг батлуулсныхаа шанд авсан гэж хэлж болно. Тийм болохоор эхлүүлсэн ажлаа гүйцээх даалгаврыг эзэн нь түүнд тушаасан ч юм билүү, хэн мэдлээ. З.Баянсэлэнгэ бол Н.Энхбаярын төлөө “төрсөн” хүн. Түүний өмнөөс өлсч, түүний өмнөөс “цагдаа зодож”, түүний өмнөөс УИХ-ын чуулган дээр үг хэлж, түүний өмнөөс үхэхэд ч бэлэн. Ямар сайндаа л “Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэнд халдаж байна. Тийм эрхэлчихсэн юм гэж юу байдаг юм бэ” гэж чуулганы танхимд намжирдахав. Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэнд халдсан юм биш, харин бүрэн эрхийнхээ дагуу Өршөөлийн хуулийн тодорхой заалтуудад хориг тавьсныг ойлгохгүй байгаа ч юм уу. Ерөнхийлөгч авлигачдыг өршөөхгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Тийм болохоор З.Баянсэлэнгийн хэлсэн тэр үг чухамдаа намынхаа даргад таалагдах гэсэн нэгэн тактик нь болов уу? Эсвэл энэ хүн УИХ-ын бүрэн эрх гэж юу байдгаа мэддэггүй бололтой. УИХ-ын бүрэн эрх нь авлигачдыг өршөөх асуудал уг нь биш шүү дээ. Тэгэхээр гудамжны жагсагчаас төрийн сайд болтлоо дээшээ дэвшсэн түүнд төлөх төлөөс нь их байдаг биз.
Өршөөлийн хуулийн өөрчлөлт дээр ажилласан Ажлын хэсгийнхний оруулж ирсэн төслийг нь шүүмжилсэн хуульчдын тайлбарыг уншихад Ц.Оюунбаатар сайд “Зэрэг нэмэхийн өмнө” кино дээр гардаг тал еэвэнгийн хэрэг шиг зүйл сэдээд яваад байгаа бололтой юм. “Еэвэнгийн тал хаана байна” гэж асуухаар “энэ” гээд эргүүлээд харуулчихдаг шиг.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Ажлын хэсгийн боловсруулсан төсөлд Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д байгаа “энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гээд Хууль зүйн байнгын хороонд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, өөрчлөх гээд байгаа 5 дугаар зүйлийн 5.1-ийн нэр нь өршөөн хасах, 9 дүгээр зүйлийн 9.1-ийн нэр нь өршөөлд хамааруулахгүй юм. Тиймээс Ажлын хэсгийн боловсруулсан төслийг Хууль зүйн байнгын хороо, УИХ баталвал хориг огт аваагүйтэй адил хэрэг болно” гэж тайлбарласан байна лээ.
Өнгөрсөн хоёр өдөр Улаанбаатарт зохиогдсон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн 2015 оны намрын чуулганаар шалтаглан Хууль зүйн байнгын хороо хуралдсангүй. Өнөө өглөө хуралдахаар тов гарсан ч ирц хүрэлдээгүй шалтгаанаар бас л хойшилж. Энэ хугацаанд Н.Энхбаяр ямар төлөвлөгөө зураад, түүнийгээ намынхаа /гэрийнхээ гэх ч юм уу/ хүмүүсээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг нь хэлэхэд эртдэнэ. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан хэрнээ өөрчлөгдсэн төслийг нь баталж чадсангүй ээлжит бус чуулганаа завсарлуулав. Энэ бүхнээс өмнө Ч.Сайханбилэгийн засгаас МАХН гарна гэсэн “цуурхал” тарсан. Үүнийг яавч зорилгогүйгээр тараасан мэдээ гэж хэлж болохгүй байх. Ийм дээрээ тулбал, тараалгасан эзэн нь МАХН-ынхан өөрсдөө ч байж магадгүй юм
Хэрэв МАХН-ыг “компани” гэвэл тус намд зөвхөн эзний эрх л үйлчилдэг. Тэдний хамтран ажиллах гэрээ нь зөвхөн Н.Энхбаярыг хамгаалахад чиглэгддэг. Хэрэв эзний хэлснийг "ажилчид" нь хүлээж авахгүй бол албан тушаалаа алдаад зогсохгүй “компани”-аасаа хөөгдөж болзошгүй. Харин айл гэвэл энэ “айл”-ын эзэн, эзэгтэйд үйлчлэх үйчлэгч л зөвхөн хэрэгтэй. Эзнийхээ өөдөөс үг сөрж чаддаг үйлчлэгч байдаг бил үү?
Хэрэв МАХН нам гэвэл гишүүд нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөлтэй илэрхийлэх боломж бий юу?. Үгүйдээ л ядахнаа олонхид үйлчилсэн дүрэм байна уу. Дүрэм байдаг гэвэл түүнийг нь хэн зохиодог вэ. Цаашлаад нам мөн бол үйл ажиллагааны ойрын зорилт, мөрийн хөтөлбөр нь юу вэ. Н.Энхбаярыг хамгаалах уу. Энэ намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэл нь ганцхан хүнд, нэг гэр бүлийг хамгаалах асуудал юм бол энэ нам нам яавч биш.
Энэ бүхнээс харахад МАХН нам уу, “компани” уу, “айл” уу?. Аль нь ч байсан нэг хүнд, тодруулбал, Н.Энхбаярт л зөвхөн үйлчилсээр ирсэн. Тиймээс МАХН-ыг компани гэхэд өрөөсгөл. Нам гэвэл бүүр биш ээ.
Ж.НЯМСҮРЭН