Элсээр цайз, байшин босгож явсан дурсамж хүн бүхэнд байдаг. Тэгвэл тэр дурсамжаа сэргээж, бүр тэрхүү элсэн цайзандаа хонох, амьдрах боломж гарч ирэв. Голландад дэлхийд тоотой хэдхэн байдаг элсэн зочид буудал нээгдсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Тус улсын Осс, Сник хотод дэлхийн элсний бүтээлийн их наадмыг угтаж элсэн зочид буудал үүд хаалгаа нээжээ. Нүсэр том элсэн байгууламжийн дунд нуугдсан хоёр зочид буудал тансаг зочид буудалд байдаг бүх зүйлтэй хоёр хүнд зориулсан нэг л өрөөтэй. Гэрэл цахилгаан, ус, тансаг тавилга, тэр бүү хэл WiFi ч байгаа. Нэг хоноход 150 евро. Осс, Сник дахь цор ганц зочид буудлын өрөөг хоёр хүний өргөн ор, модон тавилга, зурагт, шүршүүрээр тоногложээ.
Осс дахь элсэн зочид буудал аравдугаар сарын 4 хүртэл ажиллана. Тэнд хоносон зочдыг “Цаг хугацааны аялал”-аар явуулж эртний, Ромын, эзэн хаадын үеийн барилга байгууламж, махчин үлэг гүрвэлийн баримлаар сэтгэлийг нь баясгах юм. Их наадмын үеэр дотоод, гадаадын мэргэжлийн хүмүүс уран бүтээлээ дэлгэж, элсний урлалын цехийн мастерууд үзүүлэх тоглолт хийнэ. Тансаг, амтат хоолоор арвин баян байх нь ойлгомжтой.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин