УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11.00 цагт зарласан ч одоогоор тус хуралд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ирсэн байгаа юм.
Тус байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн мягмар гаригт Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд олонхийн саналаар хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж хэлэлцсэнээ ийн одоо байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байна.
Байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн ээлжит бус чуулган хуралдаж хаах юм.
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гаргасан байсан билээ.
Г.ДАРЬ