Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсныг УИХ олонхиороо хүлээж авсан. Тиймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий учир санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, саналаа Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирэх юм. Харамсалтай нь, ажлын хэсэг хуульд нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийн байр солигдохгүй байхаар хандаж байгааг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр илэрхийлсэн.
Энэ талаар УИХ дахь хуульч гишүүдийн нэг Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аван нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон ч ажлын хэсэг хуучин хэвээр нь батлахаар зүтгэж байна гэх. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Есдүгээр сарын 14-ны орой ажлын хэсгийн хуралдаан болсон юм. Дараа нь Хууль зүйн байнгын хорооны хурал болж байгаад зарим албаны хүн ирсэнгүй гэх шалтаг хэлээд хурлыг замхруулсан. Одоо бол дараагийн ээлжийн цагаан луйвар Хууль зүйн байнгын хороон дээр явагдаж байна. Ажлын хэсэг 11 гишүүнтэй. Үүн дотор зургаа нь хоригийг хүлээж авахгүй хэмээн үхэн хатан зүтгэж буй нөхөд байгаа юм. Бүр тэргүүн эгнээнд нь явж байгаа МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар ажлын хэсгийг ахалж байна. Тэд ажлын хэсэг дээр олонх болоод бүхнийг самууруулж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн олонх болж байгаа санал хоригийг замд нь устгах ажил хийж байна. Хоригийг хүлээж авъя гэсэн 49 хүний саналыг устгах санал оруулж ирэхээр ажиллаж байгаа.
-Энэ нь тэдэнд ашигтай болоод улайран зүтгэж байгаа юм биш үү?
-Цэрэндашийн Оюунбаатар гэдгийг Оюунбаатар Цэрэндаш гэсэнтэй адил болгож, Хууль зүйн байнгын хороогоор оруулж ирэх гэж байна. Өөрөөр хэлбэл, авлига албан тушаалын хэргийг хаацайлаад аваад гарах нь. Ингэж болохгүй. Үүнийгээ ч би холбогдох хүмүүст хэлсэн. Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийн долоон заалтыг хаалтын 9.1.3-т оруулах ёстой. Хоёрдугаарт, хуулийн 5 дугаар зүйлд хоёр жилийн ял хасах заалт. Түүн дотор 3-4 зүйл нэмж оруулаад үүнийг дуусгах ёстой. Ингэж дуусга гээд УИХ-ын дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан байдаг. Үүнийг үл хайхран хуучин хэвээр нь батлах башир арга хэрэглэж байна. Хоригийг хүлээж авна гэж УИХ-ын 49 гишүүн санал өгч, 10 нь эсэргүүцсэн. Үүний зургаа нь Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт орж ажиллаж байгаа.
-УИХ дахь АН-ын бүлгийн дарга ХЗБХ-ны хурлыг “тараасан” гэх утгатай зүйл та хэлсэн байсан. Үүнийгээ тодруулбал?
-УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалгахад АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар эсрэг санал өгсөн. Улс төрийн шийдвэрээр намын бүлэг нь хоригийг хүлээж авахаар болсон шүү дээ. Үүний дараа Хууль зүйн байнгын хорооны хурал болж байхад Б.Гарамгайбаатар орж ирээд Ганбатын чихэнд шивнээд хурлыг тараасан. Хоригийг ингэж сунжруулснаар 1200 орчим хүн /нарийвчилж хэлбэл 2000 орчим хүн/ 40-өөд хоног ял эдэлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан хүмүүс жолоодох эрхээ сэргээлгэчихээд байхад суллагдаад гэртээ очсон байх ёстой хүмүүс 40 хоног илүү ял эдэлж байна. Хууль бусаар ял эдэлснийхээ төлөө төрөөс нөхөн олговор авах ёстой. Үүнийг МАХН, эсвэл АН-ын эсэргүүцсэн 4-5 хүн гаргах уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Монголын түүхэнд 1937 оноос хойш 2000 хүн хууль бусаар ял эдэлсэн тохиолдол гарч байгаагүй. Хүнийг нэг ч минут хууль бусаар ял эдлүүлэхгүй байх хуультай юм шүү дээ.
-МАХН-ынхан АН-ын зарим гишүүнийг “шантаажилж” байна гэсэн үг үү?
-МАХН-ынхан шантаажилж байгаа учраас АН-ын бүлгийн дарга намынхаа гаргасан улс төрийн шийдвэрээсээ буцаж, Хууль зүйн байнгын хорооны хурлыг будлиулав уу гэж би хардаж байгаа. “Шантаажилсан” шалтгааныг нь олон хүн мэдэхгүй байх. Хөөрхий царай нь барайгаад явж байсан. Ингэж Монголын төрийг луйврын агуулах болгож болохгүй. Ичих, эмээх нүүргүй болж. Мэргэжил ч хэрэггүй болжээ. Яг нарийндаа үүнээс болж Монголын төрд эзэн, боолын харилцаа буюу хамжлагат ёс үүслээ.
Би МАХН-ынхныг ойлгож байна. Эзэндээ үйлчлэх ёстой. Тэднийг ойлгоё гэхэд АН яахаараа ингэж байна. Бас л боол болж байгаа юм байх даа, хөөрхий. Боолын боол, босгоны шумуул болж байгаа юм байх даа, хөөрхий дөө.
С.ЗАЯА
Эх сурвалж: www.eagle.mn