Дүрвэгсэд ба Украины хямрал | News.MN

Дүрвэгсэд ба Украины хямрал

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

Дүрвэгсэд ба Украины хямрал

-Дайны хөл, эдийн засгийн хямралын уршгаар 60 сая иргэн эх орноосоо дүрвэжээ-

Дүрвэгсэд ба Украины хямрал

Эгнээндээ 57 орныг нэгтгэсэн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын чуулган Улаанбаатар хотноо есдүгээр сарын 16-17-нд болж, амжилттай өндөрлөлөө. Гурван жилийн өмнө Монгол Улс тус байгууллагад гишүүнээр элссэн 57 дахь орон болсон юм. Аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэлхий дахинд хамгийн идэвхитэй үйл ажиллагаа эрхэлдэг ЕАБХАБ-ын зүгээс Парламентын ассамблейн энэ оны намрын чуулганаар дүрвэгсэд болон Украйны хямралд анхаарал төвлөрүүлж шийдэл олохыг чармайлаа.

Дайны хөл, эдийн засгийн хямралын уршгаар 60 сая иргэн эх орноосоо дүрвэжээ. Дүрвэлт Европын холбооны улсуудыг илүүтэй нөмөрч байна. Зөвхөн Герман улс 800 мянган дүрвэгчийг хүлээн авсан бол Украинд болж буй дайны хөлөөс дайжиж 1 сая иргэн ОХУ-д иржээ. Мөн газар дундын тэнгис орчмоос 340 мянган иргэн дайжсан нь өдөрт 15 мянган иргэн тус бүс нутгаас зугатан Итали, Франц зэрэг оронд очдог гэсэн судалгааг зарим шинжээч гаргасан байлаа.

Дүрвэгсэд эх нутгаасаа дайжихад амаргүй. Амь насаа алдах, хүний наймааны золиос болох, терорист халдлагад өртөх, хоол хүнсээр гачигдах энүүхэнд. Ийм хүнд сорилтуудтай тулгарч байгаа дүрвэгсдэд улс орнууд энэрэнгүй хандаж, хил гаалиараа саадгүй нэвтрүүлж, ажлын байраар хангах нь чухал ч, нөгөө талдаа эрсдлийг дагуулах аюултай аж. Учир нь Европын зарим орнууд эдийн засгийн хямралд нэрвэгдсэнээс иргэд нь ажилгүй болж, хүндхэн байгаа үед дүрвэгсэд олноор ирэх нь ачаа болно. Тиймээс энэ бүлгийнхэнд зориулсан урт хугацааны оновчтой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх нь үр дүн дагуулна гэж үзэж байна.

Дүрвэгчдийг олноор нь хүлээн авч хүн төрөлхтөний өмнө тулгарч буй хүнд ачаанаас үүрэлцэж байгаа улс орнуудад ЕАБХАБ-ын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, энэ асуудалд чимээгүй суудаг орнууд оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага тулгарсныг сануулах хэсэг ч байлаа. Гэхдээ шашин хоорондын мөргөлдөөн, дайн самууныг зогсоогоогүй цагт дүрвэгсдийн нүүдэл Европ руу тасралтгүй хөвөрсөөр байх тул дайны галыг зогсоох нь чухал. Дүрвэгчдээр дамжиж террорист халдлага үйлдэгдэх магадлал өндөр тул улс орнууд бүртгэлийн системээ сайжруулах, террористуудтай тэмцэх арга барилаа дээд зэрэгт хүргэх, энэ чиглэлээр улс орнуудыг бэлтгэх шаардлагатай. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн оролцоогүйгээр энэ асуудалтай тэмцэхэд амаргүй. НҮБ-ын зүгээс дүрвэгсдэд зарцуулж байгаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Орост ардчилсан сонгууль зохион байгуулах зэрэг тулгамдсан асуудал олон байгааг сануулах төлөөлөгч байлаа.

Дүрвэгсдийг хүлээн авах тал дээр тусгай хөтөлбөр боловсруулж, тодорхой хөрөнгө зарцуулж байгаа орны нэг нь Чех улс аж. Тус улсын Засгийн газар 2 сая орчим еврог дотоодын төсвөөсөө гаргахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын хувьд газар нутгийн байршлын хувьд энэ асуудлаас хол боловч, тулгамдаж буй асуудлыг шийдэх нийтлэг эрх ашгийг тодорхойлсон шийдвэр гаргахад хүчин чармайлт гаргахаа энэ үеэр онцолсон юм.

Чуулганд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцсон бөгөөд дүрвэгсдийг хамгаалах чиглэлд улс орон бүр эв санаагаа нэгтгэж, хүчээ нэгтгэн ажиллахаар боллоо.

Украин дахь дайн хэзээ зогсох вэ?

Орос, Украин орнууд харилцан буулт хийгээгүй цагт Украинд үүссэн хямрал үргэлжилсээр байх тул талууд асуудлыг дипломат аргаар шийдэхийг ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын чуулганд оролцсон төлөөлөгчид уриаллаа.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн С.Е.Нарышкин энэхүү чуулганд оролцох үеэрээ сүүлийн нэг жилийн хугацаанд Украины сая дүрвэгчийг хүлээж авсныг сануулав. Мөн Донбассын зовж шаналж буй ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн цувааг жил гаруйн хугацаанд илгээснээ тодотгосон. Тодруулбал, 45 мянган тонн хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл, барилгын материалууд илгээжээ.

Тэрээр мөн Украины хямралыг гэтлэх ажил яриа хэлэлцээний бүхий л хэлбэрээр явагдах ёстой гэдэгт итгэлтэй байна. Минскийн хэлэлцээрээр хүрсэн тохиролцоо үүний үндэс болон үлдэх ёстой. ЕАБХАБ-ыг зохих ёсоор үнэлэх ёстой, энэ бол нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар өнөө ч хэлэлцсээр байгаа нийтийг хамарсан бараг цорын ганц талбар юм. Чухамхүү ЕАБХАБ л Украинд Тусгай хяналтын ажиллагаа явуулж, хоорондоо холбоо бүхий Талуудын бүлэгт оролцож байгаа.

Харин манай Ассамблейн хувьд Украины асуудлаар парламент хоорондын харилцааны бүлэг байгуулах тухай Оросын санаачилгыг Бакуд сайшаан дэмжсэнээс хойш жил гаруй хугацаа хэдийнэ өнгөрсөн. Гэвч Украины болон Америкийн талууд хамтын үйл ажиллагаа эхлэх зүрх зориг гаргахгүй хэвээрээ л байна гэсэн яриа өнөө хэр нь сонсогдсоор байна. Ассамблейн гишүүдийн олонх нь үүнд зохих ёсоор анхаарвал дээрх Бүлэг цуглах учиртай. Түүнээс гадна би парламентын “нормандын” хэлбэрээр ч ажиллах нь зөв зүйтэй хэмээн үзэж байна. Үүнд Аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дараах тодорхой зорилтуудад төвлөрөхийг Ассамблейн гишүүдэд би уриалж байна:

Яриа хэлэлцээний замаар Украины хямралыг шийдвэрлэх, манай парламент хоорондын бүлгийг даруй зарлан хуралдуулах;

Эдийн засгийн болон хувь хүний эсрэг тавьсан хориг арга хэмжээний хөнөөлт нөлөөнд оршин буй Орос, Европын холбоо хоёрын түншлэлийг сэргээх ажлыг хамтдаа эхлэх зэрэг саналуудыг тавьсан юм.

Харин Украйны төлөөлөгчид улс оронд нь болж буй хямралын асуудлаар сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дахь Украины төлөөлөгчдийн тэргүүн Артур Герасимов “Оросын зүгээс Украин улсад түрэмгийлсэн явдал нь ЕАБХАБ-ын хувьд төдийгүй энэ байгууллагын Парламентын Ассамблейн хүрээнд 2014 оноос яригдаж буй гол сэдэв болсон. Яагаад гэвэл Орос болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид манай улс орны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон Крымыг булаан эзэлсний дээр зүүн хэсгийг эзлэх оролдлого хийж байгаа нь зөвхөн Украины хуулийг зөрчсөн төдийгүй олон улсын хэм хэмжээг зөрчсөн явдал юм.

Украинд маш олон хүн амь насаа алдаж байна. Энэ дайныг зогсоохын тулд бид асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга хэрэгсэл болох Минскийн тохиролцоог хэрэгжүүлж байгаа. Энэхүү тогтолцоог Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалах арга зам гэж бид үздэг. Энэ тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө Украин улс бүхий л хүчин чадлаараа ажиллаж байхад Оросын талаас харамсалтай нь өөрийн зэвсэг болон цэргүүдийг Украины нутагт байлгасаар байна. Хэдийгээр Оросын тал манай нутаг дэвсгэрт цэрэг зэвсгээ байрлуулаагүй гэдэг ч үүнийг нотлох маш олон баримт бий. Эдгээр баримтыг энгийн иргэд ч өгдөг, манай тусгай ажиглагчид ч харж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагуудын зүгээс ч ийм баримтуудыг гарган ирж байгаа.

Асуудлын гол нь юунд байна вэ гэхээр, Украины нутаг дэвсгэрт байгаа тэр зэвсгүүд бол зөвхөн Оросын зэвсэг гэдэг нь тодорхой, Орост хамгийн сүүлд үйлдвэрлэсэн, өөр аль ч оронд албан ёсоор худалдаж байгаагүй зэвсгүүд. Тиймээс Орос улсыг түрэмгийлэгч гэдэг утгаар нь хориг арга хэмжээ авах нь чухал байгаа” гэж хэлсэн юм.

Оросын төрийн өмчит компанид хориг арга хэмжээ авахыг хүсэв

Украины Парламентын гишүүн Игорь Попов дээрх уриалгыг гаргаснаа ийн тайлбарлалаа.

Тэрээр “Оросын зарим команиудын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн тухай ярья. Бидний зүгээс олон улсын хамтын нийгэмлэгт хандаж Оросын төрийн өмчит компаниудад хориг арга хэмжээ авахыг уриалж байгаа. Эдийн засгийн ийм хориг арга хэмжээ авснаар Оросын удирдлага, шийдвэр гаргагчид хийж буй үйлдлээ эргэж харна. Украинд энх тайван байдлыг тогтоосон нөхцөлд бидний барууны түнш нарын зүгээс энэ хориг арга хэмжээгээ зогсоох нь ойлгомжтой.

Европ тивд ийм том дайныг эхлүүлсэн хувь хүмүүс, албан тушаалтнуудын эсрэг бас ийм хориг арга хэмжээ авсан. Бидний үзэж байгаагаар ЕАБХАБ бол Украинд энх тайвныг бий болгоход хамгийн чухал үүрэгтэй байгууллага. Тус байгууллагын зүгээс бас ажиглагчид буюу тусгай хяналтын багийн хэдэн зуун хүн ажиллаж байгаа. Тэд цэрэг дайны ямар гэмт хэрэг гарч буй талаар мэдээлэл авч баталгаажуулах ажил хийдэг. Бид цаашдаа ч гэсэн ЕАБХАБ-ын зүгээс тусгай ажиглалт хяналтын энэ багийн ажлыг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Мөн ЕАБХАБ-ын зүгээс энх тайвныг бий болгохын төлөө хэлэлцээрүүд буюу Минскийн тохиролцоо зэрэг бүхий л үйл явцад нь оролцож ирсэн. Энэ байгууллага бол аль нэг талын эрх ашгийг баримтлаагүй, төвийг сахисан байр суурьтай гэдэг утгаараа яриа хэлэлцээр явуулахад хамгийн тохиромжтой байгууллага.

Улаанбаатарт болж буй ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн энэхүү хурлын үеэр бид Оросын төлөөлөгчидтэй шууд уулзалт хийх бололцоог эдэлсэн. Мөн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч ноён Канерва болон Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Спенсер Оливер нартай уулзсан. Бид Украины хямралын асуудлаар санал бодлоо солилцож, цаашид асуудлыг шийдвэрлэхэд эдгээр уулзалт ач холбогдлоо өгнө гэж найдаж байгаа” гэдгээ ийн тодотголоо.

“Улс төрийн хоригдлуудыг суллах ёстой”

Украины парламентын гишүүн Сергей Высоцкий “Украины зарим иргэдийг ОХУ-ын шоронд хорьж байгаа. Украинд болж буй дайны үеэр Украины 20 гаруй хүнийг барьцаалан шоронд хийсэн. Тэд бол Крымд байсан хүмүүс, бас өөр бусад олон хүн байгаа. Тэдний дунд Украины парламентын гишүүн Надя Савченко гэдэг хүнийг баривчлаад шоронд хорьсон. Крымын Татарын бүлгийн дэд дарга хүн ч бий. Хүний эрхийн асуудал болон улс төрийн хоригдлуудын асуудал бол ЕАБХАБ-ын ярьж байгаа сэдвүүдийн нэг чухал хэсэг болж байгаа. Украин өөрийн иргэдийн төлөө тэмцэнэ гэдгээ энд хэлмээр байна” гэсэн юм. Түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авав.

-Сая Оросын талтай уулзалт хийсэн гэсэн, яг юун тухай ярилцаж, ямар үр дүнд хүрсэн бэ?

-Бидний хувьд асуудлыг шийдвэрлэх арга бол Минскийн тохиролцоо баримт бичгээ дагаж мөрдөх явдал байгаа. Уулзалтын үеэр ч гол ярианы сэдэв маань ч бас энэ тохиролцоо байлаа. Өнөө өглөө/өчигдөр/ болсон Байнгын хорооны хурал дээр ч бид “Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд парламентын гишүүд өөрсдийнхөө зүгээс гүйцэтгэх засаглал буюу Сайд нарын зөвлөл, Ерөнхийлөгчдөө шахалт үзүүлэх ёстой” гэсэн хариулт өгсөн юм.

Монгол Улсын хувьд ОХУ, Украйн улстай олон жилийн найрсаг харилцаатай. Үүсээд байгаа нөхцөл байдалд энхийн аргаар шийдэлд хүрэх ёстой гэсэн байр суурь барилаа. Ингэхдээ Минскийн хэлэлцээрт тусгасан тохиролцооны дагуу галыг бүрэн зогсоож хүний амь эрсдэхээс сэргийлэхийг уриалсан юм.

 

Монголд чуулган зохион байгуулахын ач холбогдол юу вэ?

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн гишүүнээр элсээд ердөө гурван жил болж байгаа Монгол Улс эх орондоо энэхүү чуулганыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулсан нь оролцогчдын зүгээс талархал хүлээв.

Тэгвэл Монгол Улс энэхүү чуулганыг зохион байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?.

Энэ асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд “Олон улсын аюулгүй байдлыг хангах том байгууллага ээлжит хуралдаанаа Монголд хийж байгаагийн цаад шалтгаан бол Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, чадавхижуулах дэмжих тал дээр ЕАБХАБ-ын Парламентын ассамблей онцгой ач холбогдол өгсөн нь энэ байгууллагын аюулгүй ажиллагааны чиглэлээр явуулдаг үйл ажиллагаа үр ашиг, тус дэм Монгол Улсад давхар тусна, мэдрэгдэнэ гэдгийг харуулж байгаагаараа чухал ач холбогдолтой” хэмээн дүгнэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орны хувьд зайлшгүй оролцох ёстой. Зайлшгүй оролцох ёстойн гол зорилго нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан тусгаар тогтнолоо улс төр дипломатын аргаар хангана. Олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлнэ гэдэг энэ олон хуулийн заалтууд олон улсын байгууллагад оролцох замаар хангагдана. Бид идэвхитэй байр сууринаас оролцсоноор хуулиуддаа бичсэн зорилтуудыг ажил хэрэг болгоно.

ЕАБХАБ нь онцлогтой байгууллага. Нэр нь Европын гэдэг нэр байгаа учраас ард иргэд гайхдаг. Анх Европт үүсгэн байгуулагдсан, үүнээс хойш төв Азийн бүх орон Япон, Солонгос гээд олон орон нэгдэж орсон. Бид аюулгүй байдал, терроризм, хүний наймаа, хүнсний аюулгүй байдал гээд олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Цаашид улам идэвхитэй ажиллана” гэсэн юм.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж