Чилийн төв хэсэгт орон нутгийн цагаар өчигдөр /IX.16/ орой 19.54 цагт хүчтэй газар хөдөлжээ. 8.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нийслэл Сантьяго хотын байшин барилгууд чичирхийлэн ганхсан байна. Газар хөдлөлтийн үеэр байшингийн хана, тааз нурснаас нэг хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн аж. Түүнчлэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас Чили, Перу, Хавай, Калифорни, Шинэ-Зеландын эрэг дагуу цунамийн гамшиг үүсч магадгүйг сэрэмжүүлжээ. Чилийн албаныхан цунамийн аюултай бүс нутгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Газар хөдлөлтийн дараа далайн эрэг дагуу 4.5 метр өндөр давалгаа үүсчээ.
Газар хөдлөлтийн голомт нийслэлээс баруун зүгт 232 км орчим зайтай далайн эргийн 10 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа хэд хэдэн удаа хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Өмнө нь 2010 онд Чилид 8.8 магнитудын газар хөдлөлт болсноос 500 гаруй хүн амь үрэгдсэн аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС