Ханиадтай хүнээс зайгаа барьж, гар ариутгагчийг байнга хэрэглэлээ гээд бид өөрсдийгөө өвлийн өвчнөөс бүрэн хамгаалж чадахгүй. Чиний нөхөртэйгөө хэрэлддэг хэв маяг, шөнө бүр драма үзэж компьютерийнхээ өмнө хонодог чинь ч хүртэл чамайг агаарт яваа вирусыг өөртөө амархаан татахад нөлөөлдөг. Дархлалын системд чинь тус биш ус болж байгаа энэ 10 зуршлыг хараарай. Чи эдгээрийг хэр их хийдэг вэ?
1. Чи нийгмийн амьдралаас зугтаадаг
Нөхөрлөл бол дархлааны системийн сайн найз. Гэртээ, ажил дээрээ бид хүмүүстэй хэдий чинээ бага харилцана, төдий чинээ өвчинд өртөмтгий болдгийг сүүлийн үеийн иммунологийн судалгаанууд нотолсоор байна. Нийгмийн идэвхгүй харилцаатай хүмүүсийн тархинд бухимдал төрүүлэгч бодисууд ихээр үүсч, бусдаас илүү богино насалдаг аж. 18-55 насны 276 хүний биед судалгаа явуулахад өдөрт 6-аас илүү хүмүүстэй харилцан ярилцаж байсан хүмүүс ханиадны вирустай 4 дахин хүчтэй тэмцэж байгаа нь харагджээ. Тиймээс найзтайгаа утсаар ярих завгүй байсан ч ядаж мессеж бичиж, арван жилийнхээ ангийн уулзалтаас шалтаг гаргаж зугтаалгүй, цаг гаргаад очиж байгаарай.
2. Чи бол шөнийн шар шувуу
Дутуу нойртой явах нь дархлаанд маш том хор хохиролтой. Ухаарлын долоо хоногийн дараа бөөнөөрөө өвдчихдөг оюутнууд бол үүний тод жишээ юм. Олон шөнө оройтож унтвал дархлааны системийн үйл ажиллагаа суларч, өвчнийг устгагч эсүүдийн тоо буурдаг. Нэг долоо хоногийн турш шөнө бүр 4 цаг унтсан хүмүүсийн цусанд өвчинтэй тэмцэгч эсрэг биеүд (антибоди) 50 хувиар бага үйлдвэрлэгддэг ажээ. Насанд хүрсэн хүн шөнө бүр 7-8 цаг бүтэн нойр авах нь зохистой гэдэг. Юу юунаас илүү нойроо чухалчилж орондоо эрт орж байгаарай. Тэгвэл чиний ханиад хүрэх магадлал хоёр дахин буурна гэсэн үг.
3. Чи гутранги үзэлтэй
Тал стакан усыг хоосон шахуу гэж хардаг хүмүүс өвчинд илүү өртөмтгий байдаг аж. Харин өөдрөг үзэлтэй хүмүүсийн дархлааны T эсүүдийн тоо олон, NK эсүүд нь илүү хүчирхэг байдгийг эмч нар баталжээ. Энэ нь өөдрөг үзэлтэй хүмүүсийн биед стресснээс үүдэлтэй дархлаа сулруулах хүчин зүйл бага байдагтай холбоотой юм. Хэрвээ чи ялих шалихгүй юманд хөмсөг зангидаж, бүхий л зүйлд санаа зовдог бол үргэлж өвчинд ороогдож байдгийн чинь шалтгаан энэ байж болох. Тиймээс өдөр бүрээс бяцхан ч болов аз жаргалыг олж харж байгаарай. Эерэг сэтгэлгээтэй болоход чинь туслах нэг хөөрхөн зуршлыг санал болгоё: Орой ширээгээ тойрон хооллож байхдаа гэр бүлийн гишүүн бүр өнөөдөр болсон нэг сайхан зүйлийн тухай хуваалцдаг байвал ямар вэ?
Холбоотой мэдээ