Япончуудыг гайхуулсан монгол үр дүн

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Япончуудыг гайхуулсан монгол үр дүн

Хүн төрөлхтөний нийт мэдээллийн 90 хувь нь англи хэлээр түгдэг гэсэн статистик гарчээ. Даяаршлын энэ эрин үед  дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэх, эдийн засгийн болон бусад харилцаа, үйл явцад ижил тэгш оролцохын тулд аливаа үндэстэн англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмших зайлшгүй шаардлагатай тулгарч буй. Тийм ч учраас англи хэлийг сурах аргачлал, стандартыг улс орон бүр олон янзаар туршиж, хөгжүүлж ирсэн байна.

Дөчөөд жилийн өмнөөс Японд боловсруулж, хөгжүүлсээр ирсэн Meysen стандартыг Монголд анх удаа туршиж буй “Амилагийн найзууд” цэцэрлэгийнхэн өнөөдөр үр дүнгээ салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа. Сургалтын үр дүн япон мэргэжилтнүүдээс “гайхалтай”, яамны мэргэжилтнүүдээс “хангалттай өндөр” гэсэн үнэлгээг сонслоо.   

Meysen арга барил, стандартын үр дүнг сонирхох, уг хөтөлбөрөөр хичээллэсэн 4-6 настнуудын мэдлэг, чадварын төвшинтэй танилцахаар нийслэлийн “Элит”, “Орчлон”, “Логарифм” зэрэг дунд сургуулийн удирдлагуудад ч өндөр сэтгэгдэл үлдээжээ. Эдгээр сургуулийн зарим нь Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн юм байна. Бусад стандартын сургалтын үр дүн, давуу болон сул талыг харьцуулах, монгол хүүхдүүдэд аль нь илүү хялбар болохыг судлах гэсэн сургууль, цэцэрлэгэ ер нь цөөнгүй байдаг аж.

Өнөөдөр Японд төвтэй “Grape seed” компани нь шинжлэх ухааны үйлдвэрлэлээр дагнадаг бөгөөд Meysen арга барилын хүрээнд 1-40 хүртэлх шатны хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөр тус бүр нь CD, DVD, ном, сурах бичиг, үзүүлэн, хичээлийн бусад хэрэгслээс бүрддэг бөгөөд хүүхэлдэйн киноны 80 гаруй зураач ажиллаж, кион дүрс, графикийг нь хийж байдаг. Meysen-ийг үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагаатай “Амилагийн найзууд” цэцэрлэгийн удирдлагууд саяхан танилцаад иржээ. Өнөөдөр дэлхийн 11 орны 256 сургууль, цэцэрлэг Meysen стандартыг нэвтрүүлж байгаагийн тоонд Монгол Улс бичигдэх болжээ. Япон болон АНУ-гийн мэргэжилтнүүдийн боловсруулсан уг стандарт сургалтад нэвтрээд зургаа дахь жилээ болж буй аж. Энэ стандартаар ангил хэл заах багш нарыг сургалт, шалгалтад хамруулсан сертификат олгодог бөгөөд жил бүр шинэчлэх ёстой юм байна. Энэ стандартын сургалт үр дүнтэй харагдвал Монголын бусад сургууль, цэцэрлэгүүдэд албан ёсоор нэвтрүүлэх асуудлыг хөндөн тавихаар БСШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын мэргэжилтнүүд анхааралтай ажиглаж байгаа ажээ.

З.БОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж