УИХ-ын дарга Конгрессын гишүүдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Конгрессын гишүүдтэй уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл АНУ-ын Конгрессын “Ардчиллын түншлэл”-ийн байгууллагын шугамаар манай улсад зочилж байгаа ноён Дэвид Драйэр тэргүүтэй Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
           Монголд ардчилсан засаглалыг хөгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд АНУ-ын Конгресс ихээхэн анхаарал тавьж, тусламж дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын парламент, ард түмэн талархалтай ханддаг. Хоёр орны дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжсоны нэг илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын өдрүүдэд АНУ-д айлчлах гэж буй явдал юм гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлов.

Тэрбээр Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгрессын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, дотно харилцаа тогтсонд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглээд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс парламентын ардчиллыг хөгжүүлж тодорхой үр дүнд хүрч буйг дуулгахад таатай байна гэдгээ хэлэв. Мөн АНУ-ын Конгрессын зүгээс УИХ-ын байнгын хороодыг чадавхижуулах, үйл ажиллагааг нь тогтмолжуулахтай холбогдсон томоохон төсөл хэрэгжүүлсэн, түүнчлэн парламентын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм боловсруулах чиглэлээр зөвлөлгөөн хийсэн нь зохих үр дүнд хүрсэн, түүнчлэн Тамгын газар хоорондын харилцаа ч сайн байгааг онцлов.

Монгол орны эдийн засгийн хөгжлийн шаардлага болон стратегийн ордуудаа ашиглах болсонтой уялдаж гадаад орнуудын зүгээс анхаарч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Бид ч үүнтэй холбогдуулж ашигт малтмалын салбарынхаа эрх зүйн бодлогыг тодорхойлоход анхаарч арга хэмжээ авч байна. Энэ чиглэлээр зөв орчин бүрдүүлсэн гэж бодож байгаа гэдгээ УИХ-ын дарга уулзалтын үеэр хэллээ. Түүнчлэн УИХ ойрын үед сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах зорилттой байгаа. Парламентын ардчилал, түүний батжилт, нэр хүнд нь сонгууль хэрхэн явагдахаас шалтгаалах тул энэ талаар анхаарч, зөв оновчтой систем тогтоох бодолтой байгаа гэдгээ хэлэв.
           
Ноён Дэвид Драйэр хүндэтгэн хүлээн авч уулзаж, сонирхолтой танилцуулга хийсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Монголын ардчилал, шинэчлэлийн 20 жилийн хөгжлийг хараад биширч байна. Бид дөнгөж сая УИХ-ын зарим гишүүд, Тамгын газрын Судалгааны төвийн ажилтнуудтай уулзлаа. Конгрессын “Ардчиллын түншлэл”-ийн төв дэлхийн 14 орны парламенттай хамтарч ажилладаг. Харин танай Судалгааны төв үлгэр жишээ ажилладаг нь харагдлаа. Судалгааны төвийн зарим ажилтнуудыг удаан хугацааны сургалтад хамруулах санал гаргасныг бид талархалтай хүлээн авч байна” гэлээ. Мөн парламентын гишүүдийн ёс зүйн асуудалд УИХ анхаарал тавьж, ёс зүйн асуудлын хороо байгуулж, тусгай дүрэмтэй болсныг сайшаав.

Дараа нь Конгрессын гишүүд сонгуулийн хуулийн шинэчлэлийн талаар УИХ-ын даргаас зарим зүйлийг асууж тодруулав.
           
Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж