“Гонгинож, гомдоллохгүйгээр засгийн газар ажлаа хийх ёстой”

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

“Гонгинож, гомдоллохгүйгээр засгийн газар ажлаа хийх ёстой”

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Энэ зуны турш улс төр нэлээн тогтворгүй байлаа. Арай гэж саяхан Засгийн газар бүрдэж ажилдаа орж байх шиг байна. Гэтэл шинэ томилогдсон сайд нарыг мэргэжлийн бус, давхар дээлтэй гэх мэтээр шүүмжлэх нь их байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Давхар, дан дээлтэй байх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь ажлаа хийдэг байх нь чухал. Муур хар юм уу цагаан байх нь чухал биш. Гол нь хулгана барьдаг байх нь чухал гэдэг үг бий. Тэгэхээр шинэ сайдуудад амжилт хүсье. Ажлаа сайн хийгээрэй.

 

Эдийн засгийн болоод улс төрийн амаргүй нөхцөл байдлын дор бид ажиллаж байна. Сайдуудыг томилсон нь Засгийн ажилд чухал ач холбогдолтой байх болно гэж харж байна.

 

-Байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойд зориулсан УИХ- ын хүндэтгэлийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлагын талаар нэлээн ширүүхэн хэлсэн. Таны хувьд парламентад хариуцлага хэр байна гэж харж байгаа вэ?

 

-Монголд хариуцлагын хувьсгал, суурь шинэчлэл хэрэгтэй. Энийг иргэд, олон түмэн төр засгаасаа шахаж шаардаж байна. Хулгай хийдэг, худал хэлдэг, авлига авдаг, ёс зүйгүй улстөрчдөөсөө салаач ээ гэж иргэд шаардаж байна. Дээрээс нь Үндсэн хуулиа өөрчлөөч ээ, Үндсэн хуульдаа хариуцлагын талаас нь заалтууд оруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Өнөөдөр Монголд хариуцлага хүлээдэг эзэн байхгүй болжээ. Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болсон. хариуцлагыг тодорхой болгож, хариуцлагын түвшинг өндөржүүлж өгөөч ээ гэсэн шаардлагыг иргэд тавьж байна. Энэ удаагийн Үндсэн хуульд хийх суурь өөрчлөлтүүд хариуцлагын заалтууд байх болно. Хариуцлагын шинэчлэл байх болно гэдгийг хэлмээр байна. Тиймээс намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийг оруулж хэлэлцэхийг улстерчдөөс, төрийн өкдөрлөгүүдээс, тэр дундаа УИХ-ын даргаас хүсч байгаагаа илэрхийлье.

 

-Сонгууль болох бүр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Гэтэл одоо жил хүрэхгүй хугацаанд Энэ хуулиа шинэчилж чадахгүй хоорондоо зөвшилцөхгүй, зөрөлдөөнтэй байна. Одоо ер нь Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад хэтэрхий оройтсон биш үү. Намрын чуулганы эхний хагаст энэ бүгдийгээ цэгцэлж ард нь гарч чадах болов уу?

 

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Намуудын нэрээр халхавчилж орж ирдэг халхавч Сонгуулийн хуулийг өөрчилж бодит өрсөлдөөнөөр орж ирдэг, иргэдийн сонголт, шалгуураар парламентад орж ирдэг хуулийг оруулж ирэх цаг нь болжээ. Ер нь иргэд, ард түмэн пропорциональ буюу намын нэрээр орж ирдэг системийг Монгол Улсад тохирохгүй байна гэж байгаа. Үүнээс болж чанаргүй хүмүүс төрийн түшээ болж байна гэсэн шүүмжийг хэлдэг. Тиймээс үүнийг өөрчилж өгөхийг иргэдийн зүгээс их хүсдэг. Магадгүй зарим улсад пропорциональ, жагсаалтын систем тохирдог байж болно. Харин Монголд бол тохирохгүй. Яагаад гэвэл улс төрийн чанар чансаа улам муудаж байна.

 

-Таны хувьд намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг дэмжихгүй байгаа юм уу даа?

 

-Тийм ээ, Миний хувьд намын жагсаалтаар сонгуульд ялах явдлыг эсэргүүцдэг байсан. Цаашид ч эсэргүүцсээр байх болно. Би тойрог дээр нэр дэвшинэ. Ард түмнийхээ сонголтоор гарч ирэх болно.

 

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа нэг асуудал бол Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн асуудал байгаа юм. Гэтэл энэ асуудлыг хэлэлцэх үеэр "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авчихлаа. АН, МАН гэсэн хоёр том нам хоригийг хүлээн авахаа мэдэгдсэн. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр "Шударга ёс" эвслийнхэн завсарлага аваад маргааш /өнөөдөр/ хугацаа нь дуусч байна. Тэгэхээр хоригийн асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг парламентад суудалтай хоёр том нам хүлээж авахаа мэдэгдсэн. Тэгэхээр хоригт хамрагдах 13 зүйл өршөөлд хамрагдахгүй болно гэж харж байна.

 

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн хоригийг хүлээж авах нь бараг л тодорхой болж байх шиг байна. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө Эрүүгийн хуулиа бүрэн шинэчилж баталсны дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг уялдуулж батлах хэрэгтэй. Энэ асуудлыг дахин хойшлуулъя гэсэн санал тавьсан. Эрүүгийн хуультайгаа уялдуулж гаргах гэж хойшлуулах хэрэг байна уу?

 

-Энэ бол зөвхөн З.Энхболд даргын л гаргасан санал. Дага гэсэн үг биш. Олонхоороо л шийдвэрлэх ёстой.

 

-Таны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн хоригийг хүлээж аваад засч янзлаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Өөр бусад хуультай уялдуулах гэж хойшлуулах хэрэггүй гэж үзэж байгаа юм аа даа?

 

-Дахин хэлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хœлээж авсан тохиолдолд хэрэгжих бүрэн бололцоотой. Хоригт заасан 13 зүйлийг хүлээж авах хэрэгтэй.

 

-МАН-ын гишүүд "Ардчилсан нам эхлээд хуулиа гаргаж баталсан хэрнээ дараа нь, бœлгээрээ хоригийг хүлээж авна гэж жүжиг тавьж байх юм" гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлах үед Ардын намынхан хүртэл оролцсон шүү дээ. Тэгэхээр парламент алдаа гаргаж болно. Парламентын алдааг засдаг хоёр механизм байдаг. Нэг нь Ерөнхийлөгчийн хориг, нөгөө нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр. Ерөнхийлөгч алдаа гаргаж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн алдааг засдаг хэд хэдэн зам бий. Засгийн газар ч алдаж болно. Мен л алдааг нь засдаг хяналтын механизм байдаг. Манай улс бол хяналт тэмцлийн системтэй. Энэ хүрээнд л Монголын улс төр явж байна гэж харж болно.

 

-Саяхан танай ангийн нэг гишүүн болох М.Батчимэг гишүүний зөвлөх эх орноосоо урважээ гэсэн мэдээлэл нийгмийг цочролд автууллаа. Үүнийг хүмүүс М.Батчимэг гишүүнтэй холбож ярьж байна. Таны хувьд, хуульч гишүүний хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

 

-Миний хувьд М.Батчимэг гишүүнтэй холбоотой хэргийг олж хараагүй. Харин түүний зөвлөхтэй холбоотой асуудал шүүхээр тогтоогдсон гэж ойлгосон. Энэ асуудлын талаар тантай л адилхан хэвлэлээр гарсан мэдээлэлтэй байна.

 

-Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулахаар тогтоолын төсөл өргөн барьж болохгүй гэсэн шийдвэр гаргасан байсан. Үүнийг С.Баярцогт гишүүнийг огцруулах төсөл өргөн барьсантай холбон тайлбарлах нь бий. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн хœрээнд шийдвэр гаргах ёстой болохоос Үндсэн хуулиас давж, үг үсэг нэмж шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улс тер, хууль эрх зүйн өндөр мэргэшилтэй, энэ салбартаа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилдог байх учиртай. Гэтэл улс төрийн шалгуурыг нь голчилж бариад хууль, эрх зүйн мэргэжилгүй хүмүүсийг томилоод байгаад асуудал байгаа болов уу гэж бодож байна. Үүнээс болж Үндсэн хуулийн цэцийн нэр хœнд шалан дээр унаж байна.

 

-Сүүлийн үед улстөржилт хэрээс хэтэрч том төслүүд явахаа болилоо. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

 

-Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Улстөржилт бол үеийн үед байсан. Дэлхийн аль ч улсад байдаг асуудал. Цаашдаа ч байх болно.

 

-Засгийн газар ажил хийх гэхээр УИХ гацаагаад хийлгэдэггүй гэсэн шүүмжийг сайд нар хэлдэг шүү дээ?

 

-Улстөржилтөөс болж ажил явахгүй гэж ярьж байгаа нь утгагүй зүйл. Ямар ч хүнд үед Засгийн газар ажлаа хийх ёстой. Гонгинох, гомдоллох хэрэг байхгүй. Засгийн газар хуулийн хүрээнд хууль зүйн үндэслэлтэй зөв ажиллах ёстой. Засгийн газар хууль зөрчсөн буруу үйлдэл хийх гэж байгаа бол УИХ зогсоох, залруулах үүрэгтэй.

 

-Таны зүгээс хотын дарга Э.Бат-Үүлд хандсан шаардлага хүргүүлж байгаа гэж сонссон. Ямар учраас шаардлага хүргүүлэх болов. Шаардлагад юу тусгасан бэ?

 

-УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж иргэд олон түмэнтэйгээ уулздаг. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногоос эхлэн миний бие Баянзүрх, Налайх дүүргийнхээ иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Мөн бүтээн байгуулалтын ажлын явцтай ч танилцлаа. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийнхээ санаа бодлыг сонсч, тухайн асуудлыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах явдал гэж Үндсэн хуульд заасан байдаг. Мөн УИХ-ын тухай хуульд ч тусгасан байгаа юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотод үүсээд байгаа хэд хэдэн асуудлыг хөндөж тавихаас аргагүй байгаа юм. Тэгэхээр иргэдээс гаргасан энэ санаа бодлыг хотын дарга Э.Бат-Үүлд дамжуулж хэлэх нь зүйтэй гээд уламжилж байна. Хамгийн түрүүнд дахин төлөвлөлтийн асуудал хурцаар тавигдаж байна. Дахин төлөвлөлт, хотыг шинэчлэн зохион байгуулах талаар УИХ-аас хууль гаргасан. Иргэдийн олонх нь дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ дахин төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн маргаантай зүйл байна. Эдийн засгийн хямрал тохиолдож байгаа энэ үед дахин төлөвлелтөд орсон ААН-үүд үндсэндээ дампуурлын ирмэгт хүрээд байгаа юм. Газар чөлөөлөх хүрээнд ААН-үүд олон тэрбум төгрег гаргасан. Иргэдийг түрээсийн байранд болон түр амьдрах орон сууцаар хангах хүрээнд асар олон тэрбум төгрөг зарцуулж байна. Өнөөдер өдөр бүр дахин төлөвлөлттэй холбоотой асуудал УИХ дээр ирж байна. Тиймээс дахин төлөвлөлтийн асуудлаа эргэн харахыг хотын даргаас хүсье. Мөн СӨХ, автобусны маршрутын асуудал иргэдэд хүндрэл учруулж байна. Энэ бүхнийг зохицуулж холбогдох арга хэмжээг авах шаардлагатай. Түүнчлэн цахим газар олголтод ахмадууд хамрагдаж чадахгүй байгаа талаар гомдол их гарч байна. Иймд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, бүрэн хамруулах талаар зохион байгуулалгын арга хэмжээ авах шаардлагатай байна. Хотын дарга шинэчлэл нэрээр жирийн иргэдийн амьдралд битгий саад учруулаач ээ, алдаагаа бүрэн засаач ээ гэдгийг нийслэлийн Засаг даргаас хүсч байгаа юм.

 

-Дахин төлөвлөлтийн асуудлаар хэчнээн ААН-д ямар хэмжээний хохирол учруулсан талаар баримт байгаа юу?

 

-Хотын дахин төлөвлөлттэй холбоотойгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч, шалгалт хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг хотын дарга Э.Бат-ҮҮл рүү явуулсан. Тэр дүгнэлтэд маш тодорхой байгаа. Ямар ямар компаниудал хэдий хэмжээний хохирол учраад байгааг бичсэн. Дахин төлөвлөлтөд орсон, газраа байраар солих хөдөлгөөнд хамрагдсан иргэдийн эрх яаж зөрчигдсөн талаар бидний гаргасан дүгнэлтэд тодорхой дурьдсан байгаа юм. Ер нь дахин төлөвлөлтийн ажил зөв явж байгаа, Гэхдээ олон зуун иргэдийн эрх зөрчигдөж байгааг харахгүй өнгөрч болохгүй. Дуугүй байж болохгүй.

 

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж