"Улстөрчид менежмент хийж чадахгүй" | News.MN

"Улстөрчид менежмент хийж чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2015.09.17-нд нийтлэгдсэн

"Улстөрчид менежмент хийж чадахгүй"

"Улстөрчид менежмент хийж чадахгүй"

2016 онд болох Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж буй томоохон бизнесмен Дональд Трамп-ийн наймдугаар сарын 18-ны өдөр “TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-Таны зарим өрсөлдөгч таны бизнесийн туршлагад хэтэрхий анхаарал хандуулаад байх шиг. Нэр дэвшигч Крис Кристи хэлэхдээ “Энэ бол үл хөдлөх хөрөнгийн худалдаа биш. Энэ бол олон улсын дипломат харилцаа” гэж хэлж байсан. Та үүнд ямар хариу өгөх вэ?

-Надад зөв төлөвшил бий, бусдыг манлайлах чадвар ч бас бий. Би гайхалтай компанийг байгуулсан. Би гайхалтай сургууль төгссөн. Би энэ гайхалтай компанийхаа нэрээр анх олонд танигдсан. Би бүх цаг үеийн хамгийн их борлуулалтай бизнесийн ухааны “Трамп: Тохиролцоо хийх урлаг” номыг бичсэн. Би шоу бизнест амжилт гаргасан, Холливудын алдрын гудамжинд ч өөрийн гэсэн одтой. Хэдийгээр NBC телевиз миний санаачилсан “Дагалдан” шоуг шинэчлэн, би үүнд одоогоор оролцохгүй байгаа ч гэсэн “Дагалдан”  бол одоо ч хамгийн амжилттай  шоу байсаар байна. Нэг үгээр миний карьер бол гайхамшиг. Би хүмүүстэй яаж учраа олохоо мэднэ. Тиймээс яаж тохиролцохоо ч бас мэднэ.

Хиллари Клинтон бол манай улсын түүхэн дэх хамгийн муу Төрийн нарийн бичгийн дарга байсан. Түүний Төрийн нарийн бичгийн даргын ноёрхол дор дэлхий олон хуваагдсан. Хиллариг ялж чадах цорын ганц хүн нь би өөрийгөө гэж бодож байна.

-Би таны долоо хоногийн өмнө танилцуулсан цагаачлалын төлөвлөгөөний талаар асуумаар байна. Та хэлэхдээ 2012 онд улстөрч Mitt Romney-гийн дэвшүүлсэн “Өөрийгөө албадан гаргах” санаачлагыг галзуу бас ухаанаа алдсан гэх мэтээр шүүмжилж байсан.

-Би үүнийг тэнэг зүйл гэж бодсон. Хэн өөрөө өөрийгөө албадан гаргах юм бэ? Би тэр санааг нь бусад хэрэггүй санаачлагуудаас ч муу санаачлага байсан гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ чи хэнд ч хамаагүй өөрийгөө албадан гарга гээд хэлээд үз л дээ. Надад бол энэ нь чи хилийн зурвасыг даваад ОК гээд хэл дээ гэж байгаа юм шиг л утгагүй сонсогдож байна. Ийм зүйл байж болохгүй.

-Хэрвээ би таны цагаачлалын төлөвлөгөөг зөв ойлгосон бол, бичиг баримтгүй үнэхээр сайн хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч бас…

-Тэд энд хууль бусаар амьдарч байна. Тэд явна. Харин тэд ямар нэгэн асуудалгүй чөлөөтэй амьдрах эрхтэй болсон цагтаа буцаад ирж болно. Тэгэхээр тэд явах л болно.

-Тэгвэл, бичиг баримтгүй боловч ямар ч асуудал үүсгэлгүй тайван амьдарч байгаа цагаачид…

-Хууль бус цагаачид, бид хууль бус зүйлийн талаар ярьж байна. Та хууль бус гэдэг үгийг мэдэх үү? Тэд явна.

Гэхдээ та тэднийг хүчээр гаргана гэсэн үг үү? Хэрвээ тэд явахгүй гэвэл яах болж байна?

-Энэ бүхэн бүтэх болно. Тэр аргыг нь менежмент гэдэг юм. Улстөрчид менежмент хийж чадахгүй. Тэдний хийж чаддаг ганц зүйл бол ЯРИХ. Би тантай санал нийлнэ ээ. Мэдээж маш хууль бус хүмүүс олон байгаа боловч сайн хүмүүс манай оронд бий. Гэхдээ л тэд хууль бус. Бид улсын хилээ чангатгах хэрэгтэй. Бид хууль ёсны хүмүүстэй болох хэрэгтэй. Тиймээс бид тэр сайн хүмүүсийг хууль ёсны дагуу улсдаа нэвтрүүлэх шинэ чөлөөтэй арга замыг хайж олон ашиглах болно.

-Ерөнхийлөгчөөр сонгогдвол татварын орлогыг нэмэгдүүлэх санал дэвшүүлэх үү?

-Үгүй. Учир нь Вашингтонд хангалттай их мөнгө үрэгдэж байна.

-Бусад нэр дэвшигчтэй харьцуулвал та илүү олон манлайллын сэдэвтэй ном бичсэн. Таны бодлоор Ж.Буш Б.Клинтон нарын хэн нь илүү сайн удирдагч вэ?

– Би Ж.Бушийг тийм ч их дэмжиж байгаагүй. Би түүнийг төөрчихсөн байсан байх гэж боддог. Тэр сайн Ерөнхийлөгч байгаагүй. Тэр биднийг Ирак гэдэг зовлонтой асуудалд хутгасан. Тэр яг л миний урьдчилан тооцоолж байснаар ипотекийн зээлийг зөвшөөрч, санхүүгийн асуудалд оруулсан. Би түүнд “Та маш том хөөсөн бөмбөлөг үүсгэж байна. Энэ ипотекийн бодлого бол тэсрэх бөмбөг гэсэн үг. Энэ бөмбөг тэсэрсний дараа би маш их зүйлсийг хямд үнээр худалдан авах болно” гэж хэлж байсан. Гэтэл тэр бидэнд Б.Обамаг өгсөн. Б.Клинтоны хувьд Моникагийн асуудалд орооцолдоогүй байсан бол шилдэг биш ч дажгүй ерөнхийлөгч байх байсан болов уу. Гэхдээ тэр явдал бол үнэхээрийн хайнга байдлаас үүссэн онцгүй алдаа байсан.

-“Дагалдан” шоу юу болсон юм бэ?

-NBC телевизээс надтай ирж уулзсан. Тэд намайг ахин оролцуулахыг хүссэн. Гэхдээ би зүгээр л хийгээгүй. Бүхэл бүтэн 12 жил, 14 цуврал шоу хийгдээд байгаа ч “Дагалдан” бол одоо ч тэдний хамгийн сайн шоу хэвээрээ байгаа. Энэ бол гайхалтай амжилт. Намайг ерөнхийлөгчид дэвшиж байгааг хараад тэд нар цочирдсон байх. Би өөрөө ч мэдээгүй байсан шүү дээ.

-Одоо танд дахин шоу удирдах сонирхол байдаг уу?

-Тийм ээ, байдаг. Маш том сонирхол бий шүү. Үнэхээр сайхан асуулт байна. Намайг тэдэнд дахин шоу хийх бодолгүй. Шинэ цуврал шоу хийнэ гэдэг үнэхээр ир зардалтай. Хэдийгээр та нар баян ч гэсэн, энэ бол үрэхэд хэтэрхий их мөнгө байна гэж хэлэхэд тэд надад миний хүссэн ямар ч хэмжээний мөнгийг өгөхөд бэлэн л байсан. Харин одоо бол, би Ерөнхийлөгч болохын төлөө Хятадын том компанитай хийх байсан тохиролцоогоо өнгөрсөн долоо хоногт цуцлаад байна. Би уг нь явах хэрэгтэй байсан уу гэвэл байсан. Тэд хэдэн арван сая ам.доллар амлаад байхад шүү дээ. Би хүүхдүүддээ юу болохыг харж байя л гэж хэлсэн дээ.

-Та одоо байгаа өөрийн байр суурийг хараад гайхдаг уу?

-Би энэ бүх зүйлс болж өнгөрсөн хурдыг үнэхээр гайхдаг. Энэ үнэхээр төсөөлж байгаагүй хурдан байсан. Гэхдээ та мэдэх байх, би бусдаас ялгаатай нь энэ байр сууриа удаан хадгалж байгаа.

-Ерөнхийлөгчид дэвших болсон шалтгаан чинь юу вэ? Та өмнө нь энэ тал дээр эсрэг байр суурьтай байсан шүү дээ

-Би үүнийг өөрийнхөө төлөө хийх ёстой гэдэг л хамгийн чухал байсан. Би дэлхий даяар үлэмж их өөрчлөлтийг авчирч, толгой өндийх завгүй ажилласан. Дээрээс нь “Дагалдан” шоуг хийх гэрээтэй байсан юм. Би энэ зөвхөн урдах ажилдаа анхаарал хандуулдаг байдлаа эртхэн эвдэх ёстой байсан. Нөгөө шалтгаан нь, би 10 жилийн дараа эргэж хараад би үүнийг хийж чадах байсан шүү дээ гэж бодмооргүй байна. Би энэ бүхнийг өөрийнхөө төлөө л хийж байгаа.

-Та АНУ-ын банкны системийг хэрхэн харж байна вэ?

-Энэ бол бас л маш том проблем. Гудамжаар нэг хөглөрч байгаа энэ их хогийн савыг хараад үз. Яг үүн шиг энд тэндгүй хөглөрч байгаа интернэтийн хогийг ч бас хар. Бид дахиад л өнөөх хөөсөн бөмбөлөгтөө байна. Банктай холбоотой асуудлыг би одоо хэлье. Хэрвээ чи над шиг баян, бас мөнгө зээлэхийг хүслээ гэж бодоход чи хүссэн хэмжээгээрээ тэр зээлээ худалдан авч чадна. Харин ирээдүйн залуу Трампад олон гайхалтай зүйлс хийхэд хэрэглэх мөнгө хэрэгтэй болвол тэр зээл авч чадахгүй. Учир нь, хууль зохицуулагчид банкнаас зээл авахыг туйлын боломжгүй мэт зүйл болгон хувиргаж байна.

-2014 онд та Бүгд Найрамдах Нам Конгрессийг буцаан авах болно, бидэнд энэ л хэрэгтэй гэж хэлж байсан. Үүний тулд Бүгд Найрамдах нам 500 сая ам.доллар босгосон. Тэдний хамгийн эхэнд хийх зүйл нь Обама-хараат байдлыг арилгах гэж хэлж байсан. Гэвч тэд энэ хамаарлыг арилгаж чадсангүй?

-Тэд наргисан юм. Тэд үүнийг хийж чадахгүй байх байсан.

-Тэгвэл та тэднийг үнэнч шударга биш гэх гээд байна уу?

-Тэд бүгд л сонгогдох учиртай болоод л сонгогдсон хүмүүс. Дараа нь л ямар нэгэн тодорхойгүй зүйл тохиолдсон байх.

-Тэгэхээр та тэднийг утсан хүүхэлдэй гэж байгаа юм уу? Та тоглоомыг ойлгож байгаа шүү дээ

– Тэд бол утсан хүүхэлдэй. Би бол бүлэг дотроо цорын ганц утсан хүүхэлдэй болоогүй хүн.

-Таны охидууд таны сонголтонд хэрхэн хандаж байгаа вэ?

-Азаар би маш ухаантай охидтой хүн. Тиффани Пэнний сургуульд сурч байна. Иванка Вартоны сургуульд явдаг байсан. Хэн хэн нь л онц сурлагатай. Хандлагын хувьд гэвэл Иванка л их сонирхсон доо. Учир нь, би эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд маш их анхаарал хандуулдаг. Өнгөрсөн долоо хоногт Ж.Бушийн хэлсэн үгэнд би итгэж ч чадаагүй. Тэр ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тал дээр санхүүжилт хийхгүй гэж мэдэгдсэн. Би түүнийг буруушааж байна. Иванка үүнийг сонсоод “Таны сонголтод баярлаж байна. Хүмүүс таны эмэгтэй хүнийг яаж хүндэлдгийг мэдэхгүй, тийм болохоор та тэдэнд үзүүлэх хэрэгтэй гэж” хэлсэн.

-Таны амьдралын хамгийн чухал туршлага юу вэ?

-Би бүх амьдралынхаа туршид маш их ухаантай боловч замаасаа буцдаг хүмүүсийг харсан. Тэд хэзээ ч хүссэнээ хийж чадахгүй. Эсрэгээр нь хэзээ ч бууж өгдөггүй тийм ч ухаантай биш хүмүүсийг ч бас харсан. Тэд харин хийж чаддаг. Би гоц ухаантай хүмүүс сургууль төгсөж байгааг харсан. Тэд ч бас хэзээ ч зорьсноо хийж чаддаггүй. Харин тэдэн шиг ухаантай биш ч тэднээс том хүмүүсийг харж явлаа. Энэ л миний эдгээр жилүүдэд ойлгосон зүйл.

-Тэгэхээр таныг хэзээ ч бууж өгөхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ, би бууж өгдөггүй.

Г.СҮМБЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж