Махны үйлдвэрийн дарга махны хэргээр явах вий

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Махны үйлдвэрийн дарга махны хэргээр явах вий

Саяхан байгуулагдсан “Монгол мах корпораци” улсын үйлдвэрийн газрын захиралд хандаж ингэж зөвлөе.  Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлд Р.Бурмаа сайд ОХУ болон Хятадад мах экспортлох зорилгоор “Монгол мах” улсын үйлдвэрийн газар байгуулжээ.

Монгол Улс 70 сая толгой малтай.  Уул уурхайн салбар уналтад орж, эрдэс баялгийн экспортоос орж ирэх мөнгө ховордсон, дээр нь энэ салбарыг гадаадынхан сонирхохоо больсон тул малаа зарж, махаа худалдаж амьдрах аргыг Монгол Улс сонгож байна.  

 Засгийн газрын тэргүүнийг  Хятадын Далянь хотод хийсэн айчлалын үеэр тус улс нэг тэрбум долларын мах экспортлох талаар ярилцсан бөгөөд Р.Бурмаа сайд мах экспортлох ажил зөвхөн хоёр хөршөөр хязгаарлагдахгүй “Араб руу гэхэд таван сая хүртэлх малын мах экспортлохоор болсон, Вьетнам улс ямааны мах их хэмжээгээр авъя гэсэн тааламжтай санал тавьж байгаа”-г дуулгасан.

Хятадын талаас эрүүл бүсээс, зохих стандартын дагуу бэлтгэсэн, нэг цонхны үнээр мах нийлүүлбэл авна гэсэн шаардлага тавьсан учраас “Монгол мах корпораци” гэх улсын үйлдвэрийн газрыг байгуулж, дарга цэргийг нь ч томилчихсон юм дагуу даа, сураг сонсох нь ээ.

 Хүнс, хөдөө аж ахуйн асуудлыг хариуцсан тусдаа яамтай, яам дотроо газар хэлтэстэй байхад мах экспортлох ажлыг хариуцсан тусдаа үйлдвэр байгуулах нь шаардлаг уг нь байхгүй юм. Хэрэв   энэ ажлыг эдийн засгийн хувьд үр дүнтэй болгоё гэвэл хувийн хэвшлийн үйлдвэрүүдтэй хамтраад шийдчихэж болох амархан асуудал байлаа. Харамсалтай нь, манай томчууд заавал төрийн өмчит үйлдвэр байгуулж, махаа экспортолж, төр нь хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөх нь зөв гээд итгэчихсэн хойно. Гэхдээ төрийн өмчит үйлдвэр байгуулж, төсвийн мөнгөөр цалинждаг төрийн үйлдвэрүүдийн тоог нэмснээрээ дахин нэг төрийн компанийн захирлыг шоронгийн хаалга татахад хүргэх ч юм билүү, яаж мэдэхэв.  Тиймээс л махны үйлдвэрийн даргад хандаж, дахин сануулахад махны хэргээр шүүхийн хаалга татаж магадгүй шүү, болгоомжтой л байгаарай гэж захъя. Муу ёрлож байгаа юм биш, Монголын улс төрийн тогтолцоо өөрөө жаахнаар барахгүй гажигтай шүү дээ.

Тэгээд ч шуналгүй хүн гэж байдаггүй хойно, ёолдоггүй мөнгөн дээр суусан хүмүүс мөнхөд мөнгөний авдран дээр сандайлаад явна гэж эндүүрээд идэж, ууж ханахаа мэддэггүй биз. Ийм болохоор л төрийн компаниудын дарга нарын хувийн бизнес цэцэглэж, харин улсын ажил нь унадаг нь бараг хэвийн үзэгдэл шахуу болсон.  Гэвч, үүнийг хоёр талаас нь харах нь зөв болов уу. Зарим дарга нар албан тушаалаа урвуулан ашиглах нь байдаг ч биз..   Харин зарим нэг нь улстөрийн хоморгонд өртөж, шоронгийн хаалга татахад хүрдэг ч болов уу. Ямар ч байсан төсвийн мөнгөөр бас нэгэн төрийн өмчит үйлдвэрийг байгуулах нь зөв асуудал  уг нь биш.  Тэр тусмаа төр нь хувийн хэвшлээ дэмжих байтлаа өрсөлдөх нь бүр ч утгагүй.  Дөрвөн даргын нүүр үзсэн “Эрдэнэс Тавантолгой” гэхэд ямар байгаа билээ. Хоёр ч дарга нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа биз дээ.

Үнэхээр л үндэсний үйлдвэрүүдээ дэмжих сонирхол Засгийн газарт байгаа бол өрсөлдөгч бэлтгэн, тэдний идэх хоолыг булаах шалтгаан юун.

 

 А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж