-Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улс нийгмийн халамжийг хавтгайруулан олгодог, өгөөмөр улс болохыг тогтоожээ-
Дэлхийн банкнаас нийгмийн халамжийн хөтөлбөрийг сайжруулах зорилгоор “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн шинжилгээ”-г хийжээ. Энэхүү тайланг Дэлхийн банкны судлаачид нийгмийн хамгааллын салбарын удирдлага, мэргэжилтнүүдэд Төрийн ордноо өнөөдөр танилцуулж, үр дүнг хэлэлцлээ.
“Монгол Улсын Засгийн газрын зүгээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраар дамжуулан нийгмийн халамжийн 71 хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.
Үүнд,
-Нийгмийн халамжийн тэтгэвэр
-Нийгмийн халамжийн тэтгэмжүүд
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
-Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
-Алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөнгөлөлт тусмламж,
-Эх, хүүхдэд зориулсан тэтгэмж зэрэг халамжийг иргэдэд үзүүлдэг байна.
Энэ удаад дэлхийн банкнаас хийсэн хэлэлцүүлэг, тайлангийн хурлаар иргэдэд үзүүлж байгаа халамжийн нэр төрлийг хэлэлцэх бус зорилтот бүлэгт нийгмийн халамж үйлчилгээ хүрч чадаж байгаа эсэхийг судалжээ.
“Монгол Улсын нийгмийн халамжийн зарцуулалт харьцангуй өгөөмөр. 2013 он гэхэд халамжийн нийт төсвийн 50 гаруй хувь нь хүүхдийн мөнгөнд зарцуулсан байна. Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр тооцвол нийт монголчуудын 19 хувь нь нийгмийн халамжийг ямар нэгэн байдлаар хүртдэг нь тогтоогдсон. Энэ салбарт тулгамдаж байгаа нэг асуудал бол хэнд, хэрхэн халамж туслалцаа үзүүлэх вэ гэдгээ нарийн тодорхойлж зорилтот бүлгээ оновчтой сонгохгүй байгаа нь ажиглагдсан. Мөн чинээлэг иргэдэд зориулсан халамж хөтөлбөрүүд нилээдгүй хувь хэмжээг эзэлж байна. 2013 онд алдар цолтой нэг ахмад настанд жилд дунджаар 1.320 сая төгрөг өгсөн бол нэн ядуу амьдралтай нэг иргэнд хүнсний талон өгөх замаар 112 мянган төгрөгийн тусламж үзүүлж байгаа нь харилцан адилгүй байна шүү дээ. Хамгийн ядуу 20 хувьд нь хүүхдийн мөнгө л очиж байна” гэж Дэлхийн банкны нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Жунко Ошими хэллээ.
Өөрөөр хэлбэл дундаас дээш давхаргынхан буюу чинээлэг иргэдэд олгодог нийгмийн халамжийн үйлчилгээг танаж, татгалзаж, зорилтот бүлэгт хандах нь зүйтэй гэдгийг Дэлхийн банкныхан онцолж байсан юм.
“Хүүхдийн мөнгийг олгохдоо амьдралын боломжгүй иргэдийг зөв тодруулж олгох нь зүйтэй, гавъяа байгуулсан урлаг спортын алдартан, ахмад дайчдад олгож байгаа мөнгийг зогсоох зөвлөмжийг бидэнд Дэлхийн банкны судлаачид өгсөн. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7 хувийг нийгмийн халамжид зарцуулдаг. Одоо бол нийт олгож байгаа халамжийн 40 орчим хувийг нэг сая хүүхдэд олгож байгаа хүүхдийн мөнгө эзэлж байна. Цаашид судалгаа, тайлангийн дүнг судлаж нийгмийн халамжийн салбарыг хэрхэн сайжруулах, зорилтот бүлэгтээ анхаарах асуудалд анхаарлаа хандуулж ажиллана” гэж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Туваан хэллээ.
Хурлын үеэр нийгмийн халамжид хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Эдийн засаг хүндэрсэн гэх энэ үед тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн мөнгийг олгоход хүндрэл үүсч байна уу?
-Эхний есөн сарын байдлаар тэтгэвэр тэтгэмж олгоход ямар нэг хүндрэл үүсээгүй. Гэхдээ амар байсангүй. Ер нь бол салбарын яам тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд олгох бодлогыг барьж ажиллаж байна. Салбарыг хариуцаж байгаа сайдын хувьд хэлэхэд энэ ондоо тэтгэвэр тэтгэмжийг хүндрэлгүй олгоод явна.
-Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хууль олон хүн хамарч, тэр хэрээр тэтгэвэрт гарах хүний тоо нэмэгдсэн. Энэ нь тэтгэврийн даатгалын санд ачаалал үүсгэсэн үү? Ирэх жилүүдэд тэтгэвэрт гарах хүний тоо хэдэн хувиар нэмэгдэх төлөвтэй байна вэ?
-Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хууль маш амжилттай хэрэгжсэн. Улсын хэмжээнд 578 мянган хүн хамрагдсан. Нэг талдаа тэтгэвэрт гарах хүний тоо нэмэгдсэн ч шимтгэл төлөх хүний тоо нэмэгдсэн. Иймээс хүндрэл нэг их ажиглагдаагүй. Бүхэлд нь авч үзвэл манай орны хүн амын цонх үе нэн тааламжтай цаг үедээ яваа. Нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн ам 60 орчим хувьтай байна. Энэ нь аль ч улс оронд байхгүй хувь хэмжээ. Ийм цаг үед нийгмийн хамгааллын бодлогоо цэгцлэх, оновчтой болгож ажил хэрэг болгох хэрэгтэй. Ирэх жилүүдэд монгол орны хүн амын дунд насжилт нэмэгдэнэ. 2030 он гэхэд нийт хүн амд эзлэх тэтгэврийн насны хүний тоо 30 орчим хувьд хүрнэ. Одоогийн түвшинд энэ тоо 14 орчим хувьтай байгаа. Тэгэхээр энэ тоо нэг дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тэр хэмжээгээр тэтгэврийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэнэ. Төсөв дээр ч ачаалал ирнэ. Энэ бүхнийг одооноос бид зөв тооцох ёстой байгаа юм. Одоо бол 3 баялаг бүтээгч дунд нэг тэтгэвэр авагч ногдож байгаа. Тодорхой хугацааны дараа нэг баялаг бүтээгч иргэнд гурван тэтгэвэр авагч ногдох цаг үе ирнэ гэсэн үг гэсэн юм.
Д.ЖАРГАЛ