“Бид бусдыг даяаршуулах юмтай, тэр нь хөөмэй”

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

“Бид бусдыг даяаршуулах юмтай, тэр нь хөөмэй”

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Хөөмэйн баяр” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Энэ үеэр хөөмэйн хөгжлийн талаар Соёл урлагийн их сургуулийн соёл судлаач С.Юндэнбаттай ярилцлаа.

-Хөөмэйн баяр, Хубилай хааны мэндэлсэн ойтой давхцаж байна. Ер нь Хубилай хааны үед хөөмэйн урлаг хэр хөгжсөн байсан гэж үздэг вэ?

-Хөөмэй бол ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад Монгол улсаас бүртгэгдсэн урлаг юм. Тиймээс энэ урлагийг хөгжүүлэх, өвлүүлэгчдийг хамгаалахаар төр засгаас хөөмэйн баярыг хийж байна. Энэ баяр Хубилай сэцэн хааны ойтой давхцаж байна. Хубилай сэцэн хааны үед Төрийн хөгжмлийн яам гэж 512 хүний бүрэлдэхүүнтэй их найрал байсан гэдэг. Энэ дотор янз бүрийн угсаатны төрлийн хөгжим орж байсан юм билээ. Тэр дунд хөөмэйтэй төстэй зэмсэг орсон байж магадгүй гэж үздэг.

-Хөөмэйчид өнөөдөр цугларч баяраа тэмдэглэж байна. Ер нь хөөмэй өнөөгийн түвшинд хэр хөгжсөн гэж та үзэж байгаа вэ?

-Хөөмэй бол хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн гэдэг нь хэр хөгжсөн бэ гэдгийг харуулна. Мөн үе үеийн Ерөнхийлөгч нар хөөмэйн өвийг хамгаалах талаар зарлиг гарган ажиллаж байна. Хөөмэйн өвийг хамгаалж, дэлгэрүүлэх үндэсний хөтөлбөр хүртэл  боловсруулсан.

Гэхдээ үүний хажуугаар Ховд аймаг, Чандмань сум гэх мэтчилэн хөөмэйн урлаг тасарсан газрууд бий. Эдгээр газруудад хөөмэйн урлагийг эргэж сэргээн хөгжүүлэхэд санаачлага гаргаж эхэлсэн байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Хамгийн гол нь хөөмэй бол монголчуудын хүн төрөлхтний соёлд оруулсан хувь нэмэр юм. Энэ бол монголчуудын хувьд хамгийн том бахархал. Тиймээс үүнийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, өнөө цагийн үзэгчдийн сонирхлын төвд байлгахын тулд өвлөгчдийн зүгээс олон санаачлага гаргаж эхэлсэн байна.

Гол нь хөөмэйг бие даасан урлагийн төрөл болгон хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Аль нэг төрөл зүйлийн хавсарга мэт байж болохгүй. Туйл нь туйлаараа, магтаал нь магтаалаараа, хөөмэй нь хөөмэйгөөрөө бие даасан байдлаар хөгжих нь чухал.

-Сүүлийн үед залуус ардын урлагаа сэргээж, орчин үетэй хавсарган тоглох нь нэмэгдсэн байна. Та үүнийг юу гэж боддог вэ?

Залуусын эрэл хайгуулыг маш зөв гэж хардаг. Гэхдээ үүний хажуугаар хөөмэйн урлагийн үнэт зүйлийг алдаж болохгүй.

-Тэгвэл хөөмэйн урлагийн өнөөгийн хөгжлийг та юу гэж дүгнэх вэ?

-Хүн өөрөөсөө олж нээсэн хөгжмийн төрөл гэж хөөмэйг тодорхойлж болно. Монголчууд дөрвөн улирлын турш байгальд амьдарсаар ирсэн. Байгалийн дуу авиаг даган дууриасаар ирсэн. Ингээд өөрөөсөө ийм дуу авиа гарч болдог гэдгийг олж нээсэн. Магадгүй хүн бий болж, овог аймгийн байгууллага үүсэх үед хөөмэй бий болсон ч байж мэднэ. Ингээд эзэнт гүрний үед хөөмэй бие даасан урлаг болж хөгжсөн байж магадгүй гэж үздэг. Тиймээс хөөмэйн урлагийн хөгжил улам сайжирсаар ирсэн гэж боддог. Түүнээс биш хөөмэйн урлаг хөгжил нь буурсан, доошилсон гэж хэлэхгүй.

Тэр ч байтугай Жамцын Бадраа гуай “Хөөмэй бол ардын, сонгодог хөгжмийн төрлийн хэмжээнд хөгжсөн” гэж дүгнэсэн. Үнэхээр хөөмэй бол хүн төрөлхтний хэмжээнд яригдах ололт гэж дүгнэж болно.

-Хөөмэйг гадаадынхан ихээр сонирхох боллоо. Та үүнд баяртай л явдаг байлгүй?

-Монголчуудын хувьд бусад улсынхны хийсэн, бүтээсэн зүйлээр даяаршсаар ирсэн. Тэгвэл монголчууд эргээд бусдыг даяаршуулах юмтай шүү гэдгийг харуулж байгаа болов уу. Үүнд морин хуур, хөөмэйг нэрлэж болно. Ер нь Герман, Хятад, Оросоос эхлээд бусад улсаас хөөмэйчид гарч байна.  Дэлхийн өнцөг булан дахь сонин содон зүйлсийг сурах эрмэлзэлтэй залуус олон улсад бий. Тэд ч гэсэн эхнээсээ хөөмэйг сонирхож судалж эхэлсэн нь сайшаалтай.

Монголчуудын ардын урлаг болсон уран нугаралт л гэхэд дэлхийн шоу ертөнцийн төв гэгдэх Лас Вегаст өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн байна. Хөөмэй ч гэсэн ийм байр суурьтай болох хэрэгтэй.

 

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж