Монголчууд 1924 оноос марк хэвлэж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл Монголд 998 марк хэвлэгдсэн. Тэгвэл өнөөдөр Хубилай хааны 800 жилийн ойн босгон дээр түүний түүхийг илтгэх монгол маркийг Монголын үндэсний номын санд дэлгэлээ. Өнөөдрөөс эхлэн Хубилай хааны маркийг олон улсын шуудан харилцаанд хэрэглэнэ. Мөн иргэд цуглуулгандаа худалдан авч хадгалж болох юм байна.
Энэ удаад Хубилай хааны түүхийг илтгэх марк 25 мянган ширхэг сери, 15 мянган ширхэг блокоор хэвлэгджээ. Маркийн зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна. Маркийн блок дээр Хубилай хааны байгуулсан өргөн уудам нутаг бүхий гүрнийг дүрсэлжээ. Харин түүний хаанчлалын үеэс олдсон олдворууд болох цаасан мөнгөн тэмдэгт, алтан гэрэгэ, алтан хундага, галт зэвсгийг сери марканд дүрсэлсэн байна. Маркийн хувьд 170 х 260 мм, 117 х 97 мм-ийн хэмжээтэйгээр 300-2000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.
“Хубилай хааны хоёр төрлийн марк бий”
Энэ үеэр Маркийн газрын дарга Д.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Монголчууд Хубилай хааны үйл хэргийг марк дээр мөнхжүүлж байна. Энэ ажлын бэлтгэлийг хэзээнээс эхлэсэн бэ?
-Хубилай хааны 800 жилийн ойн хүрээнд түүний түүхэн үйл хэргийг марканд мөнхлөн үлдээх төр засгийн бодлого гарсан. Энэ хүрээнд жил гаруйн өмнөөс Хубилай хааны дүрийг марканд мөнхжүүлэх ажлыг эхэлсэн. Үүний үр дүнд өнөөдөр маркийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Монгол Улсын маркийн 999 дэх нь Хубилай хааны марк болж гарч байна. Энэ нь мэдээж монголчууд эртнээс есийн тоог бэлгэшээж ирсэнтэй холбогдсон, бэлгэ дэмбэрэлтэй зүйл болж байна. Монголд анх 1924 онд марк гарч байсан. Үүнээс хойш 998 марк гарсан. Хубилай хааны марк 999 дэх нь болж гарч байгаа юм.
-Тэгвэл маркийн дараагийн сэдэв юу байх бол?
-1000 дахь марк дээр бид монгол адууныхаа дүрийг мөнхжүүлэхээр төлөвлөсөн.
-Хубилай хааны марк өмнө нь гарч байсан уу?
-Одоогоор Хубилай хааны түүхийг илтгэх хоёр төрлийн л марк байна. Өмнө нь 2012 онд Хубилай хааны усан флотын бүтээн байгуулалтын түүхийг илтгэсэн марк гаргаж байсан. Хубилай хаан бол усан флотын бүтээн байгуулалтад томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ. Энэ утгаараа тухайн үед марканд мөнхжүүлж байсан. Харин энэ удаа Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ойн босгон дээр дахин марк гаргасан нь энэ юм.
-Маркийг гаргахдаа мэдээж судалгаан дээр үндэслэж гаргадаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Хубилай хааны судалгаа бүхий ном зохиол Монголоос гадна олон улсад ч бий. Дэлхийн 30-40 орны эрдэмтэд Хубилай хааны судалгаагаар ном, зохиол туурвисан байдаг. Эдгээр судалгаан дээр үндэслэж маркийг гаргасан..
-Өнөөдөр маркийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Ер нь иргэд хэр сонирхож байна вэ?
-Иргэд ихээр сонирхож худалдаж авч байна. Маркийн үзэсгэлэн өнөөдөр Үндэсний номын санд нээгдэж байна. Иргэд Үндэсний номын сан, Төв шууданд ирж Хубилай хааны марк худалдаж авч болно.
Ер нь бид түүхээ үнэн зөвөөр тодруулан хойч үедээ үлдээх учиртай. Тиймээс Монголын эзэнт гүрнийг байгуулсан хаадын үнэн түүх, дэлхийд ямар хувь нэмэр оруулсан бэ зэргээр тэдний байгуулсан гавьяаг мөнхлөх хэрэгтэй. Хубилай хааны хувьд л гэхэд цаасан мөнгийг бий болгосон. Суурин иргэншил, соёлын томоохон бүтээлүүд Хубилай хаанаас үүдэлтэй гэж үздэг. Тиймээс энэ бүх гавьяаг марк дээр мөнхжүүлснээр дэлхий дахинд Хубилай бол Монголын хаан хэмээн сурталчлах сурталчилгаа болно.
Үндэсний номын санд маркийн нээлтийн ажиллагаа болж байгаа юм. Энэ үеэр иргэд Хубилай хааны маркийг сонирхон, олноор худалдаж авч байв. 16, 17 настайгаасаа л марк сонирхон цуглуулж өдгөө хүүдээ уламжлуулсан Ш.Чадраабалтай уулзсан юм. Түүний хувьд маркийг сэдэвчлэн цуглуулдаг. Энэ удаад Хубилай хааны марк авч “Монгол марк”-ийн цуглуулгаа арвижуулахаар иржээ.
Энэ үеэр шог зураач гэдгээрээ танил болсон С.Цогтбаяртай уулзсан юм. Түүний хувьд олон жил марк цуглуулсан ахмадуудын дэргэд сонирхогч хэмээн өөрийгөө тодорхойлов. Тэрбээр Хубилай хааны марк хэдхэн ширхэгээр худалдаанд гарсан учраас амжиж авахаар оочерложээ.
Марк цуглуулагчдын зүгээс залуу хойч үедээ энэ хоббигоо уламжлуулах хүсэлтэй гэдгээ энэ үеэр хэлж байв. Учир нь марк бол төр улсын онцлогийг шингээсэн, тухайн хүний түүхийг илтгэхүйц бүтээл байдаг аж. Тиймээс марк, ялангуяа түүхэн хүний үйл хэргийг илтгэсэн марк цуглуулах нь мэдлэг тэлэхээс гадна өөрт асар өндөр мэдрэмж өгдөг хэмээн онцлов.
Ийнхүү Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Хубилай сэцэн хаан” нэртэй маркийн үзэсгэлэн Үндэсний номын сан, Төв шууданд нээгдлээ. Иргэдийн хувьд есдүгээр сарын турш Хубилай хааны маркийн үзэсгэлэнг сонирхож, худалдан авах боломжтой юм байна.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД