Үзээд алд. Энэ бол регби

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Үзээд алд. Энэ бол регби

Тийм ээ. Бие сэтгэлээ спортын төлөө зориулж энэ талбар дахь монгол хэмээх тодотголтой  их амжилтын буухиаг үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэдэг хүн бүрийн өмнө хурд хүчний гайхамшгийг мэдрэх регбигийн спорт үүдээ нээж байна.
Үзээд алд… Өөрийгөө сорих боломж энэ бямба гаригт өглөөний 11.00 цагаас 15.00 цагийн хооронд тохионо.

Монголын Регбигийн Холбоо болон Монголын Үндэсний Олимпийн Хороо  хамтран энэ сарын 11-ний өдөр МҮОХ-ны дэргэдэх бейсболын ногоон талбайд регбигийн спортын нээлттэй өдөрлөгийг зохион  байгуулах бөгөөд өдөрлөгийн үеэр регбигийн спорт гэж чухам юу болох, энэ спортоор хичээллэснээр ямар үр дүн гарах, би чадах уу зэрэг мэдэхийг хүссэн олон асуултандаа хариулт авч, спортын нэгэн шинэ ертөнцийг өмнөө нээх боломжтой юм. Энэхүү өдөрлөг нь 2016 онд Рио Де Жанерогийн олимпын наадмаас эхлэн олимпын хөтөлбөрт багтаж байгаа РЕГБИ сплотыг олон нийтэд таниулах сурталчлах зорилготой юм. Түүнчлэн  биеийнхээ онцлог, чадварыг шалгуулах төрөл бүрийн сорил, техникт хамрагдаж регбид хүч үзэх  боломж, ирээдүй бий эсэхээ мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар тодорхойлуулаарай. Олон улсын тэмцээн уралдаанаас туршлага хуримтлуулж мэргэшсэн тэд, таныг эгнээндээ нэгтгэхдээ баяртай байх болно.

Дашрамд дурьдахад, бидний мэдэхээсээ мэдэхгүй нь элбэг энэ спортын Монгол дахь түүх 2003 оноос эхэлсэн бөгөөд Олимпийн наадмын төрөлд багтсан регби, багийн спортоор дэлхийд үнэлэгдэх монгол хүний чадамжийг бататгах цаг тун удахгүй ирнэ гэдэгт регбигийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан тамирчид, энэ их үйлсийг хөгжүүлэн дэмжиж байгаа Монголын Регбигийн Холбоо болон Монголын Үндэсний Олимпийн Хорооныхон итгэлтэй байна.

Эцэст нь регби бол зөвхөн хүч бяр нь амтагдсан эрчүүдийн тулаан бус эмэгтэй хүний авхаалж самбаа, эрэмгий тууштай зангийн илэрхийлэл болдог бөгөөд монгол эмэгтэйчүүд тэр тундаа өсвөр үеийн охид регбид хэдийнээ хөл тавьсныг дуулгахад таатай байна. Тиймээс охид бүсгүйчүүдийг энэ спортод мөн тавтай морил гэж хэлэх байна.

Багийн спортоор амжилт гаргах Монгол магадлалыг хамтдаа бататгая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж