Хоригоор “Шонхордсон” уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Хоригоор “Шонхордсон” уу?

Улс төрд “Шонхордох” гэдэг үг ид моод болж байна. Жил орчмын өмнө УИХ-аар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед “Шонхор” фракцийнхан хуралд оролцоогүйгээс болж, Шинэчлэлийн Засгийн газар танхимаараа унасан гэх нь бий.

УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед “Шонхор”, “Алтан гадас” фракцийн хэд, хэдэн гишүүн оролцоогүй нь “Шонхордох” аргаа дахиад хэрэглэгчихэв үү гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

Ирцийн мэдээг нь тодруулбал, “Шонхор” фракцид харьяалагддаг УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Арвин нар томилолт аван гадаад орныг зорьжээ.

“Алтан гадас” фракциас УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Баян-Өлгий, УИХ-ын гишүүн Я.Санжмятав Завхан аймагт ажиллаад чуулганы хуралдаанд оролцоогүй байна. Дээр нь шалтгаангүйгээр дээрх хуралдаанд оролцоогүй гишүүн бий. Энэ жагсаалтыг “Алтан гадас” фракцийн тэргүүн асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөлж, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, М.Наранхүү нар араас нь жагсчээ.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг цөөнхийн бүлгийн гишүүд нь “Хаачсан бэ, энэ хуралд оролцох ёстой” гэж эрэл сурал болсноор үдээс хойш 14.00 цаг өнгөрч байхад хүрэлцэн ирсэн гээд тоочвол их л сонин хуралдаан болж өнгөрсөн байх юм.

Улстөрчдөд нэг араншин бий, нэг хэсэг нь дэмжихгүй байгаагаа ил тодоор зарлаж, байр сууриа хамгаалдаг бол нөгөө хэсэг нь хуралдаа оролцохгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэх нь бий.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж