Шинэчлэлийн Засгийн газраас хот хөдөөгийн ялгааг бодитой арилгахын тулд хөдөөгийн асуудлыг хотоос ярьж шийддэгээ больж бодит хөрөнгө оруулалтыг “ Орон нутгийн хөгжлийн сан”, “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан өөрсдийнх нь мэдэлд өгдөг болсон билээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бүрт хуваарилдаг байсан нэг тэрбум төгрөгийг аймаг сум, багийн иргэдийн нийтийн хурлын мэдэлд зарцуулах эрхийг өгч төсвийн хуулиар зохицуулснаар орон нутагт үр дүнгээ өгч эхэлсэн байна.
Тухайлбал, Архангай аймагт арав гаруй томоохон ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийжээ. Үүний нэг нь” Гудамж төсөл” юм. Цэцэрлэг хотын 25 жилийн дараах хэтийн төлвийг харж хүн амаа хоёр дахин нэмэгдэхээр тооцож 19 тэрбум төгрөгөөр 8.4 км зам тавьжээ. Төслийн хүрээнд аймгийн төвд олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гарц, дугуйн зам гудамжны гэрэлтүүлэг ногоон байгууламж зэрэг төвлөрсөн долоон уулзвар, дөрвөн замын найман уулзвар, гурван замын 22 жижиг уулзвар, гэрлэн дохио авто машины зогсоол, газар доорх байгууламжийн бүтээн байгуулалтыг иж бүрнээр хийж гүйцэтгэжээ. Нийтдээ аймгийн төвөө гурван тойргоор 14 км хатуу хучилттай хар замаар холбосон байна.
Хүн ам нь сүүлийн гурван жилийн хугацаанд 3000- аар өсч өнөөдөр 92.800 хүн амтай болжээ. “ Шилжилт хөдөлгөөн ихтэй байсан манай аймагт сүүлийн гурван жилд нутаг орноо орхин шилжин явагсад буурч, явсан нэг нь эргэн ирснээр хүн ам ийнхүү өссөн. Манай аймгийн амьжиргааны төвшин өмнөхөөс 12 хувиар нэмэгдсэн” гэж аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ онцлов. Сүүлийн хоёр жилд малын тоогоор тэргүүлж өнгөрсөн оны сүүлчээр гэхэд дөрвөн сая долоон зуун мянган мал тоолуулсан амжилтаар улсад хоёрдугаарт оржээ. Аймгийн төвдөө 23 мянган хүн амтай. 16 мянган тээврийн хэрэгсэлтэй бол 2028 он гэхэд 50 мянган хүнтэй болж, тээврийн хэрэгсэл 32 мянгаар нэмэгдэнэ гэж ирээдүйн замын ачааллыг тооцоолжээ. Инжнерийн шугам сүлжээ дэд бүтэц замын ажлыг шийдсэнээр гэр хороололд хаус, таун барих ажил нэмэгдэж гурван жилийн өмнө таван сая төгрөгийн үнэтэй байсан газар зэрэглэлээсээ шалтгаалж 30 сая төгрөг хүртлээ өсчээ. Зам дагаж хөгжил ирдэг гэдгийг энэ аймгаас харж болно. Тус аймагт сүүлийн 21 жилийн хугацаанд 36 айлын орон сууц ашиглалтад орж байжээ. Тэгвэл сүүлийн гурван жилд 1000 айлын орон сууц барих ажлын хүрээнд нийтдээ 744 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Мөн Архангай аймаг хүүхдийн цэцэрлэгийн асуудлаа бүрэн шийджээ. Ашиглалтад орсон орон сууцны нэг давхарыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авч гурван цэцэрлэг шинээр байгуулж хуучин цэцэрлэгүүдээ засварлаж өргөтгөснөөр өнөөдөр 16 цэцэрлэгт 750 хүүхэд шинээр нэмэгдэж цэцэрлэгүүд булаалцалдаж байсан тухай аймгийн төвийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ярьсан.
Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат ”100 хүүхдийн цэцэрлэг шинээр барихад нэг тэрбум таван зуун мянган төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Харин орон сууцны нэг метр кв-ийн үнэ манай аймагт 780- 1350 мянган төгрөгийн ханштай. Тэгэхээр 400-700 сая төгрөгөөр нэг давхарыг худалдан авснаар зардлын хэмнэлт гарч байсан” гэв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 56 мянган га талбайг хамарсан 80 жилийн дараастай хур хогийг цэвэрлэн 5.6 га талбайг ангилан ялгалт,боловсруулалт хийсэн нь өөдлөх айл үүднээсээ гэгчээр цэвэр цэмцгэр хот болжээ. Онгоц буудаг байсан зурвас газрыг шинэ хороолол байгуулах талбай болгосон. Мөн найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж байгуулсан бол 550 хүүхдийн хүчин чадалтай спортын төрөлжсөн сургалттай ЕБС сургуулийг нэг тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан гээд дурдаад байвал тоочиж барахгүй бүтээн байгуулалт хийснийг харж болохоор байна. Арын сайхан хангайн өнгө төрх өмнөхөөсөө ийнхүү эрс шинэчлэгдэж, цэвэр цэмцгэр, бүтээн байгуулалт ид өрнөсөн аймаг болсонд тэнд очсон хүмүүс ам сайтай байсан юм.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: www.polit.mn