Япон, МХБХ-д хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Япон, МХБХ-д хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Японы Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Дайни Күния болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн Ташими Козо нартай хамтран өчигдөр ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн бодлогын хөтөлбөрт багтсан чухал ажлуудын нэг нь эмэгтэй шигшээ багийг байгуулах байсан бөгөөд энэ ч утгаараа өнгөрсөн 7-р сард Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Монголд хөлбөмбөгийг хөгжүүлэх мөн түүнчлэн эмэгтэй тамирчдын орон зайг орхигдуулахгүйн үндсэн дээр Японы хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монголын 14 хүртэлх насны эмэгтэй шигшээ багийг байгуулж улмаар 4 жилийн хугацаанд Япон дасгалжуулагч манай охидын шигшээ багийг удирдан ажиллахаар боллоо.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ 1991 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд хамгийн анх БНХАУ өөрийн эх орондоо тэмцээнийг зохион байгуулж байлаа. Хятадын шигшээ баг 1995 онд хүрэл, 1999 онд мөнгөн медалийг хүртэж байсан. Гэхдээ Ази тивийн хамгийн том амжилтыг Японы шигшээ баг үзүүлж 2011 онд Дэлхийн аварга мөн 2015 онд дахин шигшээд шалгарч мөнгөн медаль хүртсэн билээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 8 жилийн хугацаанд топ амжилтыг үзүүлж дэлхийд нэрээ данслуулсан Япон улсаас манайд чадварлаг мэргэжилтэн хүрэлцэн ирж эмэгтэй шигшээ багийг удирдан ажиллахаар болж байгаа нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд маш том гарц гарц болж байна.

Энэхүү санамж бичигт зөвхөн Япон дасгалжуулагч ирж ажиллахаас гадна Монголын эмэгтэй баг тамирчид Япон улсад бэлтгэл сургуулилтаа базаах боломжтой гэдгийг уулзалтын үеэр ярьлаа. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай жилийн 4 улирлын турш гадаа талбайд бэлтгэл хийх боломж хомс учир ийнхүү 2 орны хамтын ажиллагааг идэвхжүүлж байна. Япон улсаас манай эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хэрэгтэй тоног төхөөрөмжөөр хангахаар болж байгааг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар онцлон хэллээ. 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд:

Монголын талаас       

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар

МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир

Их Монгол группын захирал Ганхуяг

2015 оны Эмэгтэйчүүдийн Лигийн шагналт эхний гурван байрын эзэд

МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүд болон Эмэгтэйчүүдийн Хорооны дарга Д.Болдбаатар

Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга Ц.Ганболд

Японы талаас

Японы Хөлбөмбөгийн Холбооноос:

Японы Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Дайни Күния

Японы Хөлбөмбөгийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн Ташима Козо

 Японы Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Окүда Ясүхиса

Японы Хөлбөмбөгийн Холбооны гадаад харилцааны гүйцэтгэх захирал Мацүнага Такаши

Японы элчин сайдын яам болон “JICA” байгууллагаас:

  Япон улсаас  Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи

  Аташэ ноён Рио Такигүчи

 “JICA” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын ахлах мэргэжилтэн Хироми Савада нарын хүмүүс     оролцсон юм.

ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж