“Маск”-тай улстөрчдийн мартсан ой санамж

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

“Маск”-тай улстөрчдийн мартсан ой санамж

“…УИХ тогтвортой үйл ажиллагаа явуулж, түүнээс гарч байгаа хууль тогтоомж нь цоорхойгүй, чанартай байх ёстой. Тэгэхийн тулд УИХ-ын гишүүд асуудалд гишүүн шиг хандаж, олон талаас нь харж, дүгнэж, цаг заваа гаргаж, судалж ажиллах үүрэгтэй. Тэд кабинетын  зарчмаар буюу Засгийн газрын гишүүний байр суурин дээрээс эрхээ хязгаарлуулан, нэг өнцгөөр хараад  байгаа нь УИХ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна” хэмээн жилийн өмнө нэгэн улстөрч ярьж байв. Тэрбээр, өнөөдөр Шийдлийн Засгийн газрын сайдаар ажиллаж байгаа бөгөөд  өөрийнх нь хэлсэнчлэн Засгийн газрын гишүүний байр суурин дээрээс ярьдаг болсон байна лээ.  Ингэж хэлж ярьж байснаа ч одоо эрх мэдэл, албан тушаалын амтанд бялуурсан сайд аль хэдийнэ мартчихаа байлгүй. Эрх мэдэл хүнийг ийн ичих булчирхайгүй, бас ихээхэн “мартамхай” болгодог аж. Мартаж, санахаараа “маск”-аа тайлдаг улстөрчид байна.

УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж давхар эрх мэдэл эдлэх нь  хууль батлах, бодлого боловсруулах хоёр засаглалын хоорондох эрэмбэ дарааг алдагдуулж, парламентынхаа толгой дээр гүйцэтгэх засаглал нь гараад суулаа гэсэн шүүмжлэл гарах болсоор удаж байгаа юм. Чухам энэ л завхралыг арилгахын тулд “давхар дээл” гэх шинэ томъёолол улс төрийн хүрээнд гарч ирсэн билээ.

“Давхар дээл”-ээ тайлахгүй гэж эсэргүүцсэн нь битгий хэл бусдынхаа нөмөрсөн “дээл”-ийг тайлуулахаар адгаж зүтгэж асан улстөрчид хүртэл эрх мэдлээр амаа таглуулж, ичиж, улайхгүйгээр сандал суудалтай зууралдах болжээ.  Эрх мэдэл гэгч итгэл үнэмшлээсээ урваж шарвах хэмжээний ихээхэн увидастай эд бололтой. 

Шийдлийн Засгийн газар 15 яам, 17 дэд, 19 сайдтай. 19 сайдаас дөрөв нь УИХ-ын гишүүн бус. Үлдсэн 15  нь  бидний хэлдгээр “давхар дээлтэй” сайдууд.

 Улстөрчдийн ой санамж өөрсдийнх нь бодож байгаагаас ч богино  бишсэн бол ядаж л хэн нэг нь жилийн өмнө хэлж, ярьж байснаа санах байв. Хэрэв санасан бол сайдын суудлаасаа татгалзаж магадгүй шүү дээ. Гэвч, нар хэзээ ч баруунаас манддаггүй шиг улс төрд эрх мэдлээс зугатдаг хүн байдаггүйг  улстөрчдийн итгэл үнэмшил, урвалт шарвалт алхам тутамдаа  нотолсоор байгаа юм. Өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч байж чадаагүй хүмүүс бусдад, тэр тусмаа  Ч.Сайханбилэгт, Засгийн газрын бодлогод нь  үнэнч байж чадах болов уу?  Энэ бүхнээс ганцхан дүгнэлт хийхэд Монголын улстөрчид дундаас эрх мэдэлд дургүй хүнийг олох нь “өвсөн дундаас зүү хайсан”-тай ижилхэн бөлгөө.

МАН-ын зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө оронд нь зөвхөн УИХ-ын гишүүнийг томилохоор болсон нь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэр.  Бүлгээсээ ийм шийдвэрийг гаргуулахдаа танхим нь тогтвортой ажиллана гэж Ч.Сайханбилэг сайд тооцсон биз.  Түүний тооцсончлон МАН-ын чөлөөлөгдсөн сайдуудын оронд Шийдлийн засагт ажиллахаар Ардчилсан нам “Шударга ёс” эвслээс томилогдсон зургаан сайд зургуулаа “давхар дээл” нөмрөв.  Ингэснээрээ нэг талаас УИХ-ын толгой дээр Засгийн газар нь бүрэн утгаараа гарч, нөгөө талдаа Засгийн газар нь УИХ-ынхаа гарт бүрэн орлоо гэж хэлж болохоор.

Үзэл бодлоосоо урвасан нөхдөөр өөрийнхөө танхимыг бүрдүүлсэн Ерөнхий сайдад өөр нэгэн зовлонгийн эх бүрэлдэж байгааг хэн мэдлээ. Үзэл бодлоосоо урвана гэдэг өөрөөсөө урвасантай ялгаа юун.  Өөрөөсөө урвасан хүн өрөөлөөс өлхөн урваж чадна.  Иймээс л 19 сайдынх нь 15 нь давхар дээлтэй Шийдлийн Засгийн газрын эмзэгээс эмзэг цэг нь энэ болжээ.

Үнэнийг хэлэхэд МАН-ынхан Засгийн газарт орж ажиллахдаа чиг үүргийн хоёр яамны сайдаа УИХ-аас, чиг үүргийн бус дөрвөн сайдаа гаднаас томилж байсан нь худлаа биш. Хэдэр, ёдор ааштайгаараа Ц.Нямдорж гишүүн хэлсэн болохоос “Сайдын суудал овоон дээр тавьдаг хадаг шиг” үнэгүйдсэн нь ч бас  үнэн шүү дээ.  Ямар сайндаа л “Эвсэл гээд байдаг 10 гаруй хүнээс О.Баасанхүү, Г.Уянга хоёроос бусад нь сайд боллоо. Одоо IV ээлжийнхэн хоолонд орвол О.Баасанхүү, Г.Уянга хоёроо битгий мартаарай” гэж ёжилж суухав.  

Өрөөл өмссөн “давхар дээл” муухай харагддаг, өөрөө өмсвөл  таг гөлийчихдөг нь Монголын улстөрчдийн араншин ч биз.  Гагцхүү өөрийнх шигээ өрөөлийн ой санамжийг богинохон гэж л эндүүрэх хэрэггүй.    Өчигдрийн хэлснээ хэрэвзээ мартсан бол өнөөдөр ядахнаа нэг “гүүглдээд” харчихаарай гэж зөвлөе.  Ичих булчирхай чинь ажиллаж магадгүй юм даа, ядаж л.

Ч.Сайханбилэг сайдын багцалсан кнопын дагуу танхимын сайдуудынх нь тавны дөрөв нь УИХ-аас бүрэлдсэн Шийдлийн Засгийн газар их удлаа гэхэд ирэх арван зургаан оны сонгууль болтол тогтвортой ажиллаж магадгүй л юм. Гэвч, үзэл бодлоосоо урвасан нөхдөөр өөрийнхөө танхимыг бүрдүүлсэн Ерөнхий сайдад өөр нэгэн зовлонгийн эх бүрэлдэж байгааг хэн мэдлээ.  Үзэл бодлоосоо урвана гэдэг өөрөөсөө урвасантай ялгаа юун.  Өөрөөсөө урвасан хүн өрөөлөөс өлхөн урваж чадна.  Иймээс л 19 сайдынх нь 15 нь давхар дээлтэй Шийдлийн Засгийн газрын эмзэгээс эмзэг цэг нь энэ болжээ.  

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж