Чуулган Засгийн газрын цагаар үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Чуулган Засгийн газрын цагаар үргэлжилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Энэхүү хуралдаанд сайд Т.Бадамжунай Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн  хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. “Халх гол” төслийн хүрээнд Дорнодын сав газарт Солонгосууд улаан буудай, эрдэнэ шиш, овъёос, жимс жимсгэнэ тариалахаар болжээ. Нэг ёсны загвар аж ахуй байгуулахаар ажиллаж эхэлсэн юм байна. Ингэхийн тулд тус бүс нутагт 200 га талбайг 20 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан аж. Мөн загвар аж ахуйг байгуулах хүрээнд Дорнодын сав газарт Солонгосчууд хоёр сая ам.доллар зарцуулан нарийвчилсан судалгаа хийсэн. Үүний үндсэн дээр эхний ээлжинд 40 мянган га талбайг газар тариалангийн чиглэлээр ашиглах бололцоо байна гэж үзжээ.

Дээрх асуудалтай холбогдуулж гишүүд Солонгосын талд 20 жилийн хугацаатай 200 га газрыг түрээсээр ашиглуулах болсонд шүүмжлэлтэй хандлаа. УИХын гишүүн З.Энхболд сайд Т.Бадамжунайд хандан “20-30 жилээр гадаадынханд газар нутгаа түрээслүүлэх бодлоо толгойноосо авч хаях хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Ганбямба Палестин Израиль улсуудын хооронд болж байгаа газрын дайныг жишээ татаж, “Өнөөдөр солонгосчуудад 20 жилээр газар түрээсэллээ. Дараа нь талбайн хэмжээг нэмэгдүүлсээр 200 га газар биш 200 мянган га газар болгоод өөрсдийн болгочих вий. Үүнд анхаарах ёстой” гэсэн юм.
Сайд Т.Бадамжунай гишүүдийн үгийг болгоомжлох ёстой зүйл гэлээ.

Харин Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн  хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаар асуулга тавьсан УИХ-ын гишүүн Су.Батболд энэхүү асуулгын хариуг дүгнэж үг хэлсэн юм. Асуулгыг тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард тавьж байсан аж. Гэвч холбогдох сайд жилийн дараа хариуг өгч буй нь энэ аж. Тэрбээр хэлэхдээ “Уг нь би энэ асуулгыг ажил хийж байгаа сайд нарыг баалах гэсэндээ тавиагүй. Гол нь өвөг дээдсийнхээ цусаа урсган байж хамгаалж үлдсэн газар нутгийг одоо бид идээд дуусах уу. Ирээдүй хойчдоо үлдээх үү гэдэг агуулгаар хандаж тавьсан. Тийм учраас асуудалд ганцхан талаас харж ажиллаж болохгүй” гэсэн юм.

Одоо чуулганаар нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдад хандан урт нэртэй хуулийн хүрээнд тавьсан асуулгын хариуг сонсч байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж