Хойд Солонгос ирэх аравдугаар сард болох коммунист намын баярын ойгоор хиймэл дагуулын пуужингууд хөөргөхөөр зэхжээ. Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам” үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг ирэх аравдугаар сард тэмдэглэх аж. Баяраар хиймэл дагуул ачсан алсын тусгалтай пуужингуудыг хөөргөхөөр бэлтгэлээ хангасан хэмээн Хойд Солонгосын албаныхан мэдээлжээ. Хойд Солонгос цаг агаарыг ажиглах сансрын хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэсэн байна. “Энхийн зорилгоор сансрын технологи хөгжүүлэх нь тусгаар улсын хууль ёсны эрх. Хойд Солонгос энэ эрхээ эдлэхэд бусад улс юу гэх нь хамаагүй” хэмээн “КСNА” агентлагт мэдэгдсэн аж.
Харин Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас Умардууд хиймэл дагуул хөөргөх бэлтгэл хангаж байгаа гэх шинж тэмдэг ажиглагдаагүй боловч алсын тусгалтай пуужин хөөргөснөөр НҮБ-ын хоригийг “ноцтойгоор” зөрчинө хэмээн мэдэгджээ. НҮБ нь Хойд Солонгосыг баллистик пуужин туршихыг хориглосон юм. Гэвч баллистик болон хиймэл дагуулын пуужингуудын эх бие, хөдөлгүүр төстэй боловч ондоо технолгоги гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Хойд Солонгос олон үйлдэлт алсын тусгалтай “төгс” пуужин бүтээхээр олон жилийн турш хичээж байгаа юм. Олон удаа бүтэлгүйтсэний дараа 2012 оны төгсгөлд Хойд Солонгос сансрын хиймэл дагуул ачсан пуужин амжилттай хөөргөсөн билээ.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА